“Манайхан биеэ үхүүлэх хэмжээний ус ууж байна” гэж сэтгэл зовнин ярих эмчийг Ц.Жавхланбаатар гэдэг. Тэрбээр Анагаах ухааны магистр, “Амармед” эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны их эмч юм. Бид энэ удаад хий өвчний үед хүний сэтгэл зүй, бие махбодод ямар өөрчлөлт гардаг хийгээд хий өвчнийг хооллолтоор дарах аргын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Ц.Жавхланбаатар эмч хэлэхдээ “Жирэмсний хугацаанд багадаа 38 төрлийн хий  үүсдэг. Тэр нь амаржсаны дараа эхийн биед буцаад хураагдаж байдаг. Тэгэхээр хүүхдээ 10 сар тээсэн бол дахин 10 сар хүүхэд тээж байгаа мэт биеэ энхрийлэх ёстой. Гэтэл амаржаад нэг, хоёрхон сарын дараа мацаг барих нэрийдлээр хий өвчнөө улам дэврээж байна. Мөн ямар ч хүн хий хөдөлж байгаа дөрөв, тавдугаар сард мацаг барьж болохгүй” гэсэн юм.

Түүнчлэн Зургаадугаар сард яс руу шунасан хий өвчин үүснэ. Өлөн үедээ ус их уух юм бол хий хямарчихсан байсан дээр дахиад галын элч гээч зүйлийг унагана. Энэ үед биед байгаа хийний хөөнгө целлюлит байдал руу хуримтлагддаг. Жин овоо бууж байснаа буухаа больчихлоо гэдэг дээ. Энэ нь хатуу, бат бөх хэлбэрт шилжиж байгаа гэсэн үг юм” хэмээв. 

-Сударт “Хий нь өвчин бүгдийн эхийг өдөөж, явцыг өрнүүлж, төгсгөлийг хураана. Тиймээс юун түрүүнд хий өвчний талаар анхлан суралцагтун гэж” гэжээ. Уламжлалт анагаах ухаанаас хий өвчний тухай ойлговол зохих гол агуулгыг хэлж өгнө үү?

-Хий өвчин бүх төрлийн өвчнийг хямраадаг гэсэн үг. Хий гэдэг нь бидний биеийн бүх үйлдэлд хамаарч байдаг. Бие, хэл, сэтгэл дээр явагдаж буй бүх үйл хөдлөлд хамааралтай хийн хөдөлгөөн гэж ойлгож болно. Тэгэхээр хий хямарчих л юм бол бусад өвчин хөдөлдөг. Хий хямрахгүй байвал бусад өвчин сэдрэхгүй.

Өвчин эхлэхэд хий эхэлж хямраад, тухайн өвчин хөдөлдөг. Эмчилгээ хийлгэж, эдгэрэлтийн сүүлийн шатандаа ороод эдгэж байх үед дахин хий хямраад буцаад өвчнийг сэдрээчих гээд байдаг. Хийгээ хямраахгүй, хөдөлгөхгүй зөв аваад явж байгаа хүн эрүүл, урт наслах боломжтой гэсэн үг.

Архаг өвчин болон шинэ өвчлөлийн тохиолдол бүгд хийгээр эхэлж хөдөлдөг. Хий яагаад өвчин бүртэй хамааралтай болоод байна вэ гэхээр арга билгийн онолоор гал, усны хөдөлгөөнийг хий хариуцаж байдаг. Тэгэхээр хий хөдөлж байгаа учраас ус хөдөлнө, хий байгаа учраас гал асаж байгаа юм. Жишээ нь, вакум орчинд гал унтарч, ус жингүйддэг. Хийтэй орчинд л тухайн бодис өөрийнхөө хөдөлгөөнийг хийж чадна. Энэ нь арга билэг, таван махбод гэдэг онолоор тайлбарлагддаг. Тиймээс хүн ямар үед нь хийгээ хөдөлдөг вэ гэдгийг ойлгочихвол тэрнийхээ нөхцөлийг хорьчихно. Өлсөхөөр толгой нь өвддөг бол өлсөж болохгүй гэдэг ч юм уу. Хий нь зөвхөн толгой өвдөх биш, олон шинж байгаа. Тэгэхээр уламжлалт анагаах ухааны онолоор арга билгийг хөдөлгөж байгаа гол хүчин зүйл нь хий юм. Хий тэнцвэртэй байвал хүн эрүүл байж болно.

Өвчин бүгдийн эхлэл, төгсгөлд нь хий байгаа учраас тэрийгээ л анхаарчихвал чи эрүүл ч байж, өвчин туссан ч маш хурдан эдгэж чадна.

-Чихийг ажиглавал эхийн умайд байгаа хүүхэд шиг харагддаг гэдэг. Уламжлалт анагаах ухаанд чихийг хийн гүйх орон гэж тайлбарладаг нь ямар учиртай вэ?

-Таван махбодыг дотор нь үүсгэгч болон үйл ажиллагааг хариуцсан төрөлжүүлдэг. Хүний биед байгаа таван махбод нь таван цул эрхтэн дээрээ нэг нэгээрээ махбод нь давамгай байдаг гэсэн үг. Зүрх бүрдэхэд таван бие махбод тавуулаа оролцоно. Тэрэнд нь гал махбод илүү байдаг. Ингээд цул эрхтэн таван бие махбодын уялдаа гарч ирнэ гэсэн үг. Энэ нь үйл ажиллагааг харуулсан таван махбоддоо хамааралтай болж байна гэсэн үг.  Дахиад тэр таван махбодоосоо хий, шар, бадган гэсэн ойлголт гарч ирнэ. Тэрний хий нь таван цул эрхтнээс бөөрний үйл ажиллагааг хариуцсан, бөөрөнд илүүтэй давамгай оршдог гэсэн үг. Тэгэхээр хүйтнээр хий хямарна гэсэн үг. Даарахаар бөөр өвддөг гэсэн амьдралын логик байдаг.

Уламжлалт анагаах ухаанд болохоор хүйтэнд хий хямардаг. Тэгэхээр даарахаар бөөр өвдөнө буюу бөөрөнд хий махбод нь хувь ихтэй байдаг гэсэн үг. Харин дотор цул эрхтнүүдтэй гадна таван мэдрэхүй холбоотой байдаг. Суваг хэрчсэн онол буюу бидний хэлдгээр нүх сүв, гүйх мөр гэж тайлбарладаг. Хийн гүйх мөр, шарын гүйх мөрийн онолын утгаар тайлбарлахаар бөөр өвдөхөөр чих шуугих, чихээр хатгах шинж тэмдэг илэрдэг. Бөөр чих хоёрыг холбож байгаа үндэслэл нь хий махбод юм. Тэгэхээр хий хямрахаар бөөр, чих хоёр зэрэг өвдөж болно. Тэгтэл магадгүй бөөр өвдөөгүй байхад чих өвдөж болно. Гэхдээ тэр хоёрын хоорондох махбодын уялдаа нь тийм. Бөөр өвдөхөөр чих шуугих шинж тэмдэг давхар гарч ирдэг. Бөөрөндөө эмчилгээ хийлгэхэд чих шуугихаа больдог ч гэх юм уу.

-Хавар болохоор цаг агаар тогтворгүй болохын зэрэгцээ хүний сэтгэлзүйд ч нөлөөлдөг гэлцдэг. Хий сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ. Энэ үед юуг анхаарах вэ?

-Жилийн дөрвөн улиралд гурван гэм буюу хий, шар, бадган улирлаараа шилжиж, хөдөлдөг. Намар, хаврын цагт шарын махбод, өвөл бадганы махбод илүү услаг хүнд байдлыг илэрхийлж байдаг. Зун хийн махбод үүсэж эхэлнэ. Хавраас зун руу шилжихэд дунд нь завсрын нэг улирал байдаг гэж уламжлалт анагаах ухаанд тайлбарладаг. Энэ үед гадаад махбодод хөнгөн гал махбод, хий махбод давамгайлж эхлэхээр хүний биед байгаа хий махбод дагаад хөдөлж эхэлдэг. Тэгэхээр хавраас хий эхэлж, зуны улиралд хамгийн дээд цэгтээ хүртэл ихэснэ.

Нөгөө талдаа өвөл цас, мөс хөлдсөн байсан нь хайлж байгаатай адилхан хүний биед бадганы махбод гэж зүйл нь хайлж эхэлж байдаг. Жишээлбэл, хөлрөлт нэмэгдэж байдаг. Тэгэхээр хий гэдэг зүйл нь дотор байгаа махбод хайлаад ирэхээр зайрмаг хайлдаг шиг процесс хүний бид явагддаг. Ингээд хайлаад ирэхээр хий дагаж хөдөлж байдаг. Тэгэхээр хавар хүний биед байгаа хөлдсөн, царцуу байсан бадган махбод хайлаад ирэхээр түүнтэй зэрэгцэж хий хөдөлж байдаг учраас бадганы хайлах цагт нь зөв явдал мөрийг сахиад, үүсэж байгаа хийгээ зөв сахичих юм бол зун хийний өвчин үүсэх эрсдэл буурдаг.

Бид хэчнээн гам барьсан ч гэсэн хий тодорхой хэмжээнд ихэснэ. Хэвийн хэмжээнээсээ ихэссэнийг өвчин гэж байгаа юм. Тэгэхээр хавар болохоор хий, хуй ихсэж байна, ядарч, нозоорч, нойрмоглож, хоол ундны шингэц өөрчлөгдөж байна гэж ярьдаг. Энэ нь бадганы махбод, хийний махбод хоёрын шилжилтээс хамаарч байна гэсэн үг. Хамгийн нэгдүгээрт бадган, хий хоёрын үед сахих ёстой дэглэм бол даарахгүй байх юм.

-“Хавар даарвал өвчин ирнэ. Хаврын салхи хавирга нэвт” гэдэг. Хий хөдлөх энэ үед даарах нь ямар уршигтай вэ?

-Өвчнийг халуун, хүйтэн хоёр бүлэгт хуваахаар хийний өвчин хүйтэн талдаа ордог. Хавар гуравдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 22 хүртэл нар халах үед цас, мөс хайлдаг. Дээрээс халж, доороос хөрдөг. Тэгэхээр даарвал л хүйтэн өвчин, халууцвал халуун өвчин үүснэ. Тэгэхээр хүний биед аль нь илүү байгаа вэ гэхээр өвөл царцсан байгаа хүйтэн нь давамгай байдаг.

“Хаврын салхи хавирга нэвт” гэдэг хэлц үг нь хавар уушгинд өвчин үүсэх эрсдэлтэй шүү гэдгийг анхааруулж буй хэлбэр юм. Таван цул эрхтнээс бөөр нь хий давамгай, уушги бадган махбод давамгай байдаг. Хавар уушгинд бадган хайлж байхад бадганы гэм ихэсдэг. Манай уламжлалтын хурах гэдгээр авч үзвэл хураад, босож байгаа хэлбэр буюу өвчин уушгинд үүсэхэд бэлэн болсон байгаа үед даарчихаар л тэнд өвчин үүснэ гэсэн үг. Тэгэхээр хавар огт даарч болохгүй, салхи авч болохгүй. Тиймээс хавар, намрын цув нимгэн хэр нь, салхи нэвтэрдэггүй байх нь зүйтэй.

-Уламжлалт анагаах ухаанд хоногийн 24 цагийг хэрхэн хувааж, яаж хооллож, хэдэн цаг унтаж амрахыг зөвлөдөг вэ?

-24 цагийг дөрөв дөрвөөр нь зургаа хуваадаг. Буцалсан усыг жишээ татвал, өглөө бүлээнийг, өдөр хүйтнийг, орой халууныг уух ёстой. Хооллолтын зарчим нь өглөө хөнгөн, өдөр сайн идэж, орой хөнгөн хооллох юм. Өглөө хий ихэссэн байдаг тул хий дарах хоол идэж, сүү уух ёстой. Үүнд сүүтэй будаа, шар тос байж болно. Гэхдээ үүнийг өдөр бүр хэрэглэнэ гэсэн үг биш. Өглөөний өл тайлах хоол, унд заавал идэж байх ёстой. Өглөө өлөн явахаар өглөө боссон хий тэр өдөржингөө биеийг хямраадаг.

24 цагийг зургаа хуваахад өдөр дунд, шөнө дундын цаг нь шарын цаг юм. Шарын цаг дотор эрхтнээс элэг, цөстэй холбож тайлбарладаг. Шар өөрөө халуун учраас өдрийн хоол идсэний дараа хүйтэн шингэн ууж болно.

Үүр цайх үе, нар шингэхийн өмнө хий хөдөлнө гэдэг. Энэ үед халуун, бүлээн хоол унд идэж байх ёстой. Нар гарсны дараа, нар шингэсний дараа бадганы цаг байдаг. Энэ үед хоол идэж болохгүй. Бадганы цагт хоол идвэл таргална, хийний цагт мацаг баривал хий улам хямарна. Тэгэхээр ямар үед хоол сойх уу, идэх үү гэдэг нь хий, шар, бадганы цагаар тайлбарлагдана. Хавар хоолоо хөнгөн болгож, огт мацаг барьж болохгүй. Суугаа ажилтай хүн багаар, хөдөлгөөнтэй ажил хийдэг хүн ахиу хооллох ёстой.

Судалгаагаар, хүний ашиг, шимтэй нойрны цагийг 00:00-02:00 цагийн хооронд гэж үздэг. Тэрнээс хойш хоёр цаг унтах, ашигтай нойрны цагтаа нэг цаг унтах тэнцэнэ. Нэг хүн яриандаа “Урт наслахын нууц нь зөв хооллох биш юм байна. Зүгээр л зөв цагтаа унтах юм байна” гэж байсан. Одоо нийтлэгээрээ шөнө унтахаа больж, өглөө нар гарсан хойно босдог болсон. Нар гарснаас хойш унтах нь цус өтгөрч, цөсний халуун үүснэ гэсэн онолын тайлбар хүртэл бий. Мөн бадганы цагт их унтсанаар ходоод, толгой, уушгины өвчин гэх мэт бадганы махбод илүүтэй байгаа эртхтнүүд өвчилж эхэлнэ гэсэн үг.  Тэгэхээр өглөө хийний цагтаа босож байх ёстой.

Хүмүүс гэнэт байж байгаад гэнэт өвдчихлөө гэдэг шүү дээ. Гэнэт биш байхгүй юу. Улирлаа дагаад бидний биед махбод нь шилжиж байдаг. Тэр махбодын хөдөлгөөнийг бид мэдэж, хавар, зун, намрын цагт хэрхэн хувцаслах, ямар хоол идэх ёстой вэ гэдгээ мэддэг байх ёстой. Манай “эмо” хүмүүс бүрхэг өдөр банштай цай иддэг. Энэ чинь зөв байхгүй юу.

-Хонины толгойг гүзээнд хийж, тан хийж идэх нь толгойн хийн өвчинд тустай гэсэн таны постыг харсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Уламжлалт анагаах ухаанд ерөндөг гэсэн ойлголт бий. Өвчнийг эмчилж байгаа эм заслын арга, хоол, явдал мөр (өдөр тутмын амьдралын дэглэм) дотроос хоол, эмийн эмчилгээ дотор хонины битүү толгойг гүзээнд хийгээд, дотор нь хий дарах тангаа хийнэ. Үүнийгээ халуунаар нь утаж, жигнэж, шөлийг нь уулгадаг. Хонины толгой багадаа гурван зүйл бүрдсэн хийг дарах эмчилгээний сонгодог арга болно.

Ерөндөг дотор шүтэн барилдлагын зарчмууд байдаг. Жишээлбэл, мал амьтны бөөрийг идвэл бөөрөнд сайн, зүрхийг идвэл зүрхэнд сайн, элэг идвэл элгэнд сайн гэсэн язгуур цогцон чадал гэсэн ойлголт байдаг.

Хонины толгой, шийрийг хуйхалж, хярваслахад гардаг хэншүү хийг эмчлэх нэг номерын эмчилгээнд ордог. Хий өвчнийг эмчлэх арга дотор хавирганы мөлгөр толгойг уур нүдүүрээр нүдээд, аргалын цог дээр уугуулж утдаг. Энэ нь сэтгэл санааг тайвшруулж, хий хямралыг зогсоодог. Мөн хуучны хүмүүс хавар болохоор хаяагаа сөхөж, хаалгаа дэлгэчхээд, галаа түлж, өвөл гэрт хурсан жаврыг гаргадаг.

Махны шөл уух нь ядралт, хийг арилгах хамгийн энгийн хоолны сонголт юм. Мөн махыг хуурч, хоёрдугаар хоол болгох, бүхлээр нь чанах, хорхог, шорлог болгож идэх нь ч хүний биед тустай. Ялангуяа битүү шөл хийг дарах гол хоол болдог.

-Зарим хүмүүс “миний ходоод сүүтэй цай шингээж чаддаггүй юмаа” гээд сүүтэй цай уухаа больсон. Хэт туйлширч хоолыг байнга сойж, үргэлж тослоггүй, нүнжиггүй хоол унд их хэрэглэж байна. Эдгээр олон шалтгаан, нөхцөлийн улмаас хүний биед хий махбод арвидаж, хөгшрөлт хурдан явагдахад шууд нөлөөлдөг үү?

-Хүний нас ахих тусам хийний хувь нэмэгдэнэ. Залуу байхдаа хийгээ хямраачих юм бол хөгшрөлт тэр хэмжээгээр хурдасна. Жишээ нь, нурууны бөгтгөр, арьсны үрчгэр, нүүр царай харлаж, борлодог. 50 настай хэр нь 70 настай хүн шиг харагддаг. 70 наснаас хойш хөгшрөлтийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд 70 нас хүртэл бид хөгшрөхгүй байх боломжтой. Иймд хийний хямралыг зогсоож чадвал хөгшрөлт удаан явагдах боломжтой.

Сүү, сүүтэй цай хэрэглэхээр ходоод нь цанхайдаг, дүүрээд байна гэж зарим хүмүүс хэлдэг. Энэ нь ходоод хоолны шингээлтээ алдсан байгаа хэлбэр юм. Хоолны шингээлтийг давсны найрлагатай, халуун орноос ирсэн, илч үүсгэдэг эмүүдийг ашиглан засах ёстой. Сүү, ус, архи гэсэн шингэн уух зүйлийг гурван том хэсэгт задална. Үүн дотор дөрвөн шимтэй зүйлд махны шөл, тосны зүйл, сүү сүүн бүтээгдэхүүн, нэрмэл архи орно. Хийг дарахын тулд нүнжигтэй зүйлийг хэрэглэж байх нь зөв. Тосгүй, өөхгүй, шөл устай хоол, сүү хэрэглэхгүй байх нь хүний бие шимгүй, нүнжиггүй байна гэж үздэг.

Өөх тостой хоол, сүү уухаар шингээж чадахгүй байгаа бол эмчилж байгаад л хэрэглэх ёстой. Хийг хямраахгүй байх арга нь шимтэй зүйл идэх юм.

Монголчууд уур амьсгалын хахиршилтай орчинд амьдарч байна. Гэтэл Японы ус уух аргыг манайд зөвлөж болохгүй. Солонгост хоол, хүнсэндээ хэрэглэж буй далайн орны хүмүүст зориулсан нойтон бүтээгдэхүүнийг хуурай газрын бид хэрэглэж болохгүй. 50-60 хэмийн хүйтэнд байдаг Якут, Сибирийн хүмүүсийн загас, годон гутлыг манайх хэрэглэж болохгүй. Манай орон байнга 30-40 хэмийн хүйтэн байдаггүй, уурс амьсгалын хэлбэлзэлттэй байдаг. Өвлийн улиралд ч цас хайлсан тохиолдол байгаа шүү дээ.

-“Би ч орон гаран, барьсан тавьснаа мэдэхгүй болсон шүү дээ” гэдэг. Энэ нь хийн эмгэг мөн үү?

-Бидний сэтгэл хөдлөлийг үндсэн гурван төлөвт хуваадаг. Юмыг авахыг хүсэх байдал, уур уцаарын байдал, сайн муугаа ялгахгүй байгаа тэнцвэрийн гурван байдалд хуваахад хөдөлгөөнтэй тал нь хий байдаг. Хий хямраад ирэхээр сэтгэл зүйн тогтворгүй байдал нэмэгддэг. Юмыг мартаж, санахыг уламжлалт анагаах ухаанд дурдал доройтох гэж үзэн шар тос, махны шөлөнд нь эм хийдэг. Хий хямраад ирэхээр сэтгэл зүйн байдал тогтворгүй болж, мартаж санах, уймрах, хааяа уйлмаар, дуулмаар болдог. Н.Жанцанноров гуай “Сэтгэл нь хөглөгдөж байгаа биш, хөг нь алдарч байгаа байхгүй юу” гэж хэлсэн байдаг. Хүн гоё дуу сонсоод уйлмаар, дуулмаар болдог нь хийний тогтворгүй байдалтай холбоотой. Хий хямрахаар сэтгэл зүй тогтворгүй болдог. Сэтгэл зүй тогтворгүй байгаа тохиолдолд дагаад хий хямарч байдаг. Хоорондоо уялдаа холбоотой.

Төрсний дараа гам бариагүй эмэгтэйчүүдийн хүйсээс доош оронд байгаа  хий дээш хөөрөх байдлаар сэтгэл санаанд өөрчлөлт ордог. Тэрийг хүмүүс савны хий хөөрч, галзуурах гэдэг. Савны хий эмэгтэйчүүдийн өндгөвч, умайд байгаа юу гэвэл байгаа. Тэр хийн гүйдэл нь алдагдаж, хямрахад сэтгэл зүйд хамааралтай өвчин үүсдэг. Тэрийг бариад, шууд эдгээнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт. “Савны хий гаргана, бариа засал хийнэ” гэж мэргэжлийн бус хүмүүс бусдын сэтгэхүй дээр тоглож, хохироож байна.

-Савны хий гаргуулах нь муу эсвэл сайн гэх эргэлзээ, асуулт эмэгтэйчүүдийн дунд байдаг. Энэ талаар хүмүүсийн зөрүүтэй ойлголтод тайлбар өгөхгүй юу?

-Савны хий буюу эмэгтэйчүүдийн өвчний хийний хэлбэрийн үед сэтгэл санаа тогтворгүй бие махбод хөөж, хоол ундны дуршил, амьдралын идэвх өөрчлөгдөж байдаг. Эмэгтэйчүүдийн хийний өвчин байна. Бариа засал нь тостой, тосгүй янз бүрийн хэлбэртэй байдаг. Тостой тосон бариаг хийг дарах зорилгоор хийж байгаа юм. Савны хий гаргана гэх бариа бол яг 100 хувь анагаах ухааны ойлголт биш юм. Энэ нь хүний ам дамжсан яриан дээр дөрөөлж буй мэргэжлийн бус ойлголт юм. Энэ бол анагаах ухаан ч биш, ард эмчилгээ ч биш. Зүгээр л хүмүүсийн итгэл дээр тоглоод байгаа мэргэжлийн бус хүмүүсийн ойлголт. Уламжлалтын ямар ч эмч савны хий гаргана гэж ярихгүй. Эмэгтэйчүүдийн цус бүрэлдэх, хий бүрэлдэх тусдаа онолтой, оношилгоотой, эмчилгээний аргуудтай.

Эмэгтэйчүүдийн хий өвчнийг хар ярианд сав гэж юмыг ёжлох, ижилсүүлж ярьдгаараа савны хий хөөсөн гэж хэлдэг. Хүмүүсийн дундах хар ярианы хэллэг дээр дөрөөлж, мэргэжлийн бус хүмүүс савны хийг чинь бариад, гаргаад өгнө гэдэг. Тэгээд бариад, үнэхээр савны хийг нь гаргаад байгаа юм уу гэдгийг шалгаж, нягтлах нөхцөл байхгүй. Ямар ч эрүүл мэндийн системд хамааралгүй, бие даасан, хуулийн цоорхойг ашиглаж, сул орон зайд явдаг хүмүүс юм. Тэр хүмүүс дээр очоод эрүүл мэндээ, хямраасан, хохироосон олон хүн бий. Гэтэл эмэгтэйчүүдийн нэг өвчин байлаа гэхэд хүн бүрд өөр шинж тэмдэгтэй байдаг. Уламжлалтын онол талаас хянаж, алгоритмаар харахад л нэг өвчин 101 хувилбартай байх боломжтой. Тэгэхээр А гэдэг хүнд нэг юм өгөөд эдгэчихсэн бол Б гэдэг хүнд таарах уу гэдэг асуудал яригдана. Манайхан “Миний энэ өвдөөд байсан чинь энийг уугаад зүгээр болсон. Энийг уучих” гэж нэгэндээ зөвлөдөг.

Мэргэжлийн эмч тухайн өвчнийх нь талаар тайлбарлахдаа нуршуу байдлаар тайлбарлаж, өвчнөөс гарч болох эрсдэлийг нь хэлдэг тул тухайн хүн айдаст ордог байна. Харин мэргэжлийн бус хүмүүс дээр очихоор “Таны өвчнийг эдгээгээд, ёстой гоё болгоод өгье” гэдэг. Гэтэл үндсэн өвчин нь цаанаа байгаад байдаг. Зүгээр л тэр хүнийг тайвшруулаад, сэтгэл зүйн хувьд тоглолт хийж байна гэсэн үг.  Хий өвчин маш хурдан хямарч, маш хурдан эдгэдэг. Гэхдээ шинж тэмдгийн хувьд л эдгэнэ. Үндсэн цаад суурь, хий хямарсны шалтгаан эдгэх нь маш удаан.

Хүмүүс маш хурдан юманд дуртай. Энэ ходоодонд сайн гэнгүүт л ТҮЦ-ээс ч хамаагүй аваад хэрэглэчихдэг. Бараг хугацааг нь ч харахгүй.

Шар тостой кофе нэг хэсэг давлагаалаад больчихлоо. “Кофе уудаг хүн шар тос хэрэглэх шаардлагатай” гээд нэг эмч нь зөвлөчхөж л дээ. Тэгсэн л кофе шопууд шар тостой кофе гаргаж эхэлсэн. Хүмүүст ч гоё санагдаж, шуураад авч эхэлсэн. Бүүр шар тостой кофег кофе шопууд менюдээ хүртэл оруулж, шар тостой кофены өдөр хүртэл зохиосон. Ингээд л гурван сар, зургаан сарын дараа больж байгаа биз дээ. Тэгнэ шүү дээ, цөс өвдөнө, цээж, ходоод нь хорсоно. Юмны тун хэмжээ, хоорондоо зохицох, зохицохгүй гэж зөндөө юм байгаа. Өглөө болгон шар тос идээд, өглөө болгон зөгийн балтай ус уугаад байж болохгүй. Хоолныхоо менюг 10, 15, 20 хоногоор гарга. Өдөр бүр будаатай хоол идэж болохгүй. Залхдаггүй юмаа гэхэд биед чинь болохгүй байна шүү дээ. Нэг өдөр гурилтай, нэг өдөр шөлтэй, нэг өдөр хуурга идэх хэрэгтэй. Нэг өдөр нь их идсэн бол нөгөө өдөр нь бага идэх хэрэгтэй.

-Дөнгөж амаржсан, хөхүүл ээж нар хоолны дэглэм барьснаас болж хий арвиддаг уу. Дөрөв, тавдугаар сард мацаг барих нь хэр зохистой вэ?

-Жирэмсний хугацаандаа ихэнх эмэгтэй жин нэмдэг. Төрсний дараа шууд хоол сойх нь маш буруу. Үр тогтож, жирэмсэн болсон цагаас хойш долоон хоног бүр шинээр хийн гүйдлүүд үүсэж байдаг. Ургийг тэжээх, тэтгэх, өсгөж том болгох тэр үйлдэлд хий нэмэгдэж байдаг. Багадаа 38 төрлийн хий жирэмсний хугацаанд үүсдэг. Тэр нь амаржсаны дараа эхийн биед буцаад хураагдаж байдаг. Тэгэхээр хүүхдээ 10 сар тээсэн бол дахиад 10 сар хүүхэд тээж байгаа мэт биеэ энхрийлэх ёстой. Энэ хий хураагдаж амжаагүй байтал төрөөд нэг, хоёрхон сарын дараа биеийн жингээ хасах зорилгоор хоол ундаа сойж, өлсөж, ажлаа хийн, нойргүй байх зэргээр биеэ хямраадаг. Тэгэхээр улам л гал дээр тос нэмж байгаа юм шиг жирэмсэн байсан хугацаанд үүссэн байсан хийгээ мацаг барих нэрийдлээр хий өвчнөө дэврээж байна.

Долоон хоногт турлаа, таргаллаа гэж ярьдаг. Энэ нь жинхэнэ таргалалт, тураад байгаа үйл явц биш юм. Хийний өвчин дотор хэд хэдэн гол шинжүүд байдаг. Нэгдүгээрт, хэвлийгээр хөөх, гар хуруу бадайрах, зөвхөн булгалга, гуяараа ч юм уу тодорхой нэг хэсгүүд дээр хөөнгө явагддаг. Тэр нь зүрх, ходоод, ерөнхий биеийн хямралаас болно гэдэг зааг ялгаанууд гардаг. Тэгэхээр төрсний дараа мацаг барих нь буруу бөгөөд хамгийн багадаа нэг жил хүлээ.

Дөрөв, тавдугаар сард мацаг барьж болохгүй. Зургаадугаар сард яс руу шунасан хий өвчин үүснэ. Манайхан биеэ үхүүлэх хэмжээний ус ууж байна. Өлөн үедээ ус их уух юм бол хий хямарчихсан байсан дээр дахиад галын элч гээч зүйлийг унагана. Энэ үед биед байгаа хийний хөөнгө нь целлюлит байдал руу хуримтлагддаг. Жин овоо бууж байснаа буухаа больчихлоо гэдэг дээ. Энэ нь хатуу, бат бөх хэлбэрт шилжиж байгаа гэсэн үг юм. Учир нь өлөн үедээ ус их ууснаас үүснэ. Үүнийг уламжлалтын онолтой хүмүүс барьж авч, хөөж эмчилнэ. Тэрнээс өдөр тутмын хоолоор гэдэг юм уу, жимс идээд ч юм уу, кофе, тураадаг цай уугаад жин буурахгүй, худлаа. Хүний биеийн бүхий л хэсгийг ёотон шиг жижигхэн үрлээр эмчилнэ гэж хөнгөн хуумгай хандаж болохгүй.

-Хаврын улиралд их ярихаас зайлсхийх хэрэгтэй гэж та ярилцлагадаа дурдсан байсан. Яагаад их ярьж болохгүй вэ?

-Олон цагаар лекц уншдаг, ярьдаг мэргэжлийн онцлогтой хүмүүс хаврын хий хуй, ядаргааны үе, ялангуяа зуны улиралд уламжлалтын эмчээс зөвлөгөө авч, өөртөө тохирсон аргаар гэрээр өөрийгөө эмчлэх хэрэгтэй.

Жишээлбэл, өглөө босонгуутаа сүү хэрэглэх. Хоносон хоол идэхгүй байх, зөөлөн тостой кааш, сүүтэй будаа, сүүний хэрэглээг өглөөд нэмэгдүүлэх хэрэгтэй. Өдөр нь нэг, хоёрдугаар хоолоо дуртайгаараа идээд, орой аль болох хүнд төрлийн юм идэхгүйгээр хоёр банш ч юм уу, ясны шөл, долоон хоногтоо 1-2 удаа битүү шөл, хуушуур, банштай шөл идэж, гэрийн нөхцөлд өөр өөрийгөө аргалах аргууд бий.

Л.ХОНГОРЗУЛ

12 САНАЛ

  1. Уламжлалын эмч нар гэж нэг бадгана хий шар мар гэсэн балай юм ярьж хуний монго салгасан зальтангууд байна аа

  2. Mongol hunii biyiin ontslogt tohiruulj uliral nas ajil mergejil geed olon zuild ni taaruulan tani biyiig emchleh gej ajilladag humuus shuu onoliig ni medehgui baij buhel buten anagaah uhaaniih ingej helj bolohgui shuu

  3. Дуустал нь шимтэн уншлаа. Цагаа олсон, зөв ярилцлага нийтэлсэн сэтгүүлчид болон туршлагатай, эрдамтэй эмч 2т үнэхээр их баярлалаа.

  4. Маш хэрэгтэй зөвөлгөөг,цаг улирөлаа тааруулан мэдүүлж өгсөнд та нартаа баярлалаа!

  5. Монгол хүний биеийн онцлог газар шороо, нутаг ороноосоо шалтгаалж өөр шүү, маш их баярлалаа,97 нас хүрээд эрүүл байгаа ээжийн маань мөрддөг хоол унд, хэлдэг үгтэй нь яв цав тохирч байна ээжийн маань урт наслаж байгаа учир галтгаан үүнд байжээ👍

  6. Маш хэрэгтэй зөвөлгөө байна эмчдээ баярлалаа хий гэдэг үнэхээрийн анхаармаар мэдмээр юм билээ олон хүн уншиж мэдэж аваасай

  7. Энэ бас өрөөсгөл ойлголт шүү хүн хүний бие өөр тул яаж хүлээж авахаас шалтгаалдаг байгаа шүү олон янзын шалтгааныг дурдаад байвал зохино шүү

  8. Сайн эмч нар савны хийг гаргадаг л юмдаа. Энэ хүн чн тийм юм бхгү ч гх шиг ёстой дураараа ярих юмаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу