Монгол Улс 2012 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. 2012 оноос өмнө бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн, бага балчир охидыг хүчирхийлж, ёс бусаар бэлгийн хүслээ хангасан этгээдүүд цаазын ял авдаг байв.

Нийгэмд гарч буй жигшүүрт хэргийг “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” буюу хэрэгтний өөрийнх нь амийг авах ёстой гэсэн үзэл, хандлага иргэдийн дунд хүчтэй газар авах боллоо. Ерөнхийдөө цаазын ял хэрэгтэй юу гэх асуултаас болж нийгэм өнөөдөр хоёр хуваагдчихаад байна. Иймд цаазын ялыг сэргээх нь зөв эсэх талаар хуульчдын байр суурийг хүргэе.

ХУУЛЬЧ Ё.БЯМБАТОГТОХ: ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ ЭСЭХИЙГ ЦЭЦ ШИЙДНЭ 

-Манай Үндсэн хуулийн заалтын агуулгыг авч үзэх юм бол цаазаар авах ял хүчин төгөлдөр байгаа. Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ болон бусад баримт бичгийг мөрдөхгүй гэсэн заалт бий. Гэтэл 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд УИХ-аас тогтоол гарган Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт хоёрдугаар протокол буюу Цаазаар авах ялыг халах тухай олон улсын хүний эрхийн пактад нэгдсэн. Тухайн үед Гавьяат хуульч Н.Чадраабал бид хоёр энэхүү УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан. Цаазаар авах ялыг халах гэж байгаа л бол Үндсэн хуулийнхаа заалтыг өөрчлөх ёстой гэж хандсан юм. Уг асуудлыг Үндсэн хуулийн цэц хоёр жилийн дараа дунд суудлын хуралдаанаар авч үзсэн боловч бага суудлын хуралдаан нь хүчингүй болгочихсон. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх нь хүчингүй болгож буйтай адил эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан.

Ерөнхийдөө цаазын ялыг сэргээнэ, сэргээхгүй гэх асуудыг цэц л шийднэ. Н.Чадраабал бид хоёрын өгсөн мэдээллийн дагуу тухайн үеийн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн байна гээд тогтоол гарвал цаазаар авах ялыг сэргээх боломжтой болно гэсэн үг.

Түүхээс харахад, анхны төрт улс байгуулагдсан цагаас хойш монголчууд цаазаар авах ялыг хэрэглэж ирсэн. 1921, 1953 онд цаазаар авах ялыг хүчингүй болгож байсан ч нийгмийг цочроосон гэмт хэргүүд удаа дараа гарсан. Иймд ард иргэдийн шаардлагатай тулж, зургаан сарын дараа эргээд сэргээсэн байдаг.

Монгол Улс цаазаар авах ялыг хэрэглэхдээ хязгаартай хэрэглэдэг байсан. Энэ ялыг 18 нас хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд оноохыг хуулиар хориглодог байв. Долоон төрлийн гэмт хэрэгт цаазын ял оноодог байсан. Үүнд, төр нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хорлон сүйтгэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах, онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчирхийлэх, зандалчлах, геноцид үйлдэх, терроризм үйлдэх гэсэн гэмт хэрэг орно.

Цаазаар авах ялыг сэргээнэ, сэргээхгүй гэх асуудал яригдаж буй нь хуулийн бодлогыг л чангаруулах гэсэн санаа юм.

Социологийн судалгаанд оролцогчдын 90 орчим хувь нь цаазаар авах ял байх ёстой, байх нь зөв гэж үздэг. Харин хуульчид хоёр өөр байр суурьтай байдаг. Зарим хэсэг нь цаазаар авах ялыг хэрэглэх нь зөв гэж үзэж байхад нөгөө хэсэг нь манайх шиг шударга шүүхгүй оронд цаазын ялыг хэрэглэх нь учир дутагдалтай гэж үздэг. Жишээлбэл, С.Зоригийн хэрэгт буруутгагдаж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цаазаар авчихсан бол яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Гадаадын улс орнуудын жишгийг авч үзэхэд, ялтанг цаазаар авах шүүхийн шийдвэр гарахад гүйцэтгэх ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулчихдаг юм байна. Харин энэ хугацаанд тухайн этгээд гарцаагүй гэм буруутай нь тогтоогдвол цаазлах ялыг гүйцэтгэдэг.

Цаазаар авах ял нь онц аюултай гэмт хэрэгтнүүдийн сэтгэл зүйд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үздэг. Гэмт хэрэг гарахад маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Цаазын ялыг сэргээснээр асуудлыг шууд шийдчих мэтээр хүмүүс хараад байх шиг байна. Иймд нийгмийн сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар янз бүрийн гэмт хэргийг сэдэлжүүлэх хэмжээний мэдээллүүд явдаг. Үүнд хяналт тавих хэрэгтэй.

Нийгмийн харилцааг ёс суртахууны хэм хэмжээ, хууль хоёроор зохицуулна. Нийгмийн гишүүдийн ёс суртахууны ухамсар доройтохоор хуулийн зохицуулалт нэмэгддэг. Харин нийгмийн гишүүдийн ёс суртахууны ухамсар дээшилбэл хуулиар зохицуулах хандлага багасдаг гэж үздэг.

ХУУЛЬЧ Б.МЭРГЭН: ЦААЗЫН ЯЛ БАЙХ ЁСГҮЙ

Би цаазын ялыг хэзээ ч дэмждэггүй. Хүнд ял онооход нотлох баримтуудыг боломжтой байдлаар цуглуулаад прокурор, шүүх рүү шилжүүлдэг. Шүүх нотлох баримтуудыг үнэлээд, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн хэргийг шийдвэрлэдэг. Гэхдээ ямар ч асуудал төгс төгөлдөр байдаггүй. Өөрөөр хэлбэл, мөрдөх алба, цагдаа, прокурор аль нь ч алддаг. Жишээлбэл манай улсад 60 хувьтай алдаж шийддэг гэсэн албан бус судалгаа байдаг. н.Эрдэнэ-Очир гэдэг нь хүнд жишээлбэл, гурван удаа цаазын ял өгч байсан. Гэтэл олон жилийн дараа жинхэнэ хэрэг хийсэн хүн нь олдоод, тэр хүнийг сулласан. Ингээд тэр хүний залуу нас, амьдралынх нь 10, 20 жилийг алчхаад улсаас нөхөн төлбөр гэж 30 сая төгрөг л өгч байсан.

Хамгийн бага алдаж шийддэг АНУ гэхэд 30 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, цаазаар авах ял өгсний дараа тухайн хүн гэм буруугүй нь нотлогдож байсан тохиолдол 30 гаруй хувьтай байдаг. Тухайн хүнийг нэгэнт цаазалчих юм бол хүнийг гэм буруугүй гэж мянга тогтоолоо гээд амь насыг нь хэзээ ч сэргээх боломжгүй. Үүний оронд бүх насаар нь хорих ял өглөө гэхэд тухайн хүн буруугүй нь хэзээ нэгэн цагт тогтоогдвол ядаж л амь нас нь хохирохгүй үлдэнэ.

Ялын зорилго мэдээж буруутай хүнийг гэсгээх, зохих хариуцлагыг нь хүлээлгэх, гэмт хэрэг үйлдвэл ялаа үүрч, хариуцлага хүлээдэг юм шүү гэдгийг нийгэмд харуулдаг. Үүгээр дамжуулж хүмүүсийн гэмт хэрэг үйлдэх сэдлийг бууруулдаг юм. Гэтэл цаазаар авах ял гэдэг бол тухайн цаг хугацаандаа хэрэгжээд, тэгээд л мартагддаг. Нийгэмд сэрэмжлүүлэг болж чаддаггүй. Үүний оронд тухайн этгээд олон жил хоригдоод нийгэмд сануулагдаад байж байх нь өөрөө нийгэмд ийм ял эдлэх юм байна шүү гэсэн сэрэмжлүүлэг болж чаддаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээд цаазлууллаа гэхэд хүлээх хариуцлага нь хоромхон мөчид өнгөрөөд л дуусдаг. Тэр хүнд гэмших, үйлдсэн гэмт хэрэгтээ тохирох хариуцлагыг хүлээх цаг хугацаа байдаггүй. Бүх насаараа чанга дэглэмтэй хорих ангид ял авсан хүн сэтгэл зүй болон бие махбодын байдлаараа 5, 10 жилээс илүү тэсэж амьдарч чаддаггүй юм. 

Тэгээд ч Монголд цаазын ялыг хэрэглэх боломжгүй. Яагаад гэвэл олон улсын гэрээндээ нэгдчихсэн. Энэ гэрээнээс гарах эрхгүй.

Хүмүүс киноноос ч юм уу үзээд АНУ-д цаазын ял байна ш дээ гэж яриад байдаг. АНУ-д цаазын ял байсан уу гэвэл байсан. Одоо ч зарим мужуудад нь байгаа. Гэхдээ ихэнх мужууд нь нэг нэгээрээ татгалзаж байна. Дэлхий нийтээрээ цаазын ялаас татгалзаж байна. Ийм байхад Монгол Улс цаазын сэргээнэ гэж байгаа нь утгагүй. 

ХУУЛЬЧ Л.БАТТОГТОХ: ЗАРИМ ТОХИОЛДОЛД ЦААЗЫН ЯЛ БАЙХ ЁСТОЙ

-Зарим тохиолдолд цаазын ялыг байх ёстой гэж үздэг. Нийгэмд учруулж байгаа хор хохирол, аюулын хэмжээ өндөр тохиолдолд цаазын ял тохиромжтой.

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийг үйлдсэн Г.Гантулга өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан этгээд байна. Хохирогчийн ээж бид хоёр шүүх хуралд орсон. Шүүх хурал маш хүнд болсон. Хохирогч айлын ганц хүүхэд, ээж нь тэтгэврийн насны хүн. Энэ айлын гал голомт, үр удам тасарч, хор аюулын хэмжээ өндөр. Ийм хэрэгт цаазын ялыг сэргээх нь зүйтэй.

Бүх насаар хорих зүйл ангитай хэд, хэдэн шүүх хуралд орлоо. 2017 оноос өмнө цаазын ял сонсож буй этгээд шүүх хурал дээр гэм буруугаа хүлээдэг, дээш, доош шингэн алдаж, нүд нь зогссон байдалтай амь өршөөхийг гуйж, уйлдаг байсан.

Одоо бүх насаар нь хорих ял эдлүүлэх зүйл ангитай хэргийн шүүгдэгч “амьд байх юм байна” гэдэг итгэл үнэмшил төрж, гэмшиж, айж байгаа шинж бага болсон байна.

Л.ХОНГОРЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу