“Жигүүр ургуулж өгсөн тэр минь” номын зохиолч Б.Ариунсайхантай түүний уран бүтээл, Солонгос, Монгол хоёр улсын соёлын ялгаа болоод бусад зүйлсийн талаар ярилцлаа.
-Хэзээнээс уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн бэ?
-Би Харцага дээд сургуулийн жүжигчний ангид сураад, 2008 онд Солонгос улс руу явж, тэнд кино найруулагчийн анги төгссөн. Сургуулиа төгсөөд Солонгосын EBS телевизийн туслах найруулагчаар ажиллаж байсан. Тэндээс уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан.
-Таны анхны уран бүтээл ямар уран бүтээл байв?
– Би жүжигчнээр сурч байхдаа дөрөвдүгээр курстээ баримтат киноны гол дүрд тоглож байсан. Дараа нь нөгөө ангийнхаа Солонгос найруулагчийн кино фестивальд богино хэмжээний кинонд гол дүрд нь тоглоод тухайн найруулагч шилдэг найруулга авч байсан. Яг миний уран бүтээл гэх юм бол “Зүүд” гээд хамгийн анхны богино хэмжээний кино байгаа. “29 секунд” кино наадамд орж байсан. Хоёр дахь нь “Олон улсын карт” гээд нийт 2 фестивальд оролцож байсан. Хамгийн сүүлийн уран бүтээл бол өнгөрсөн жил “Итгэл найдвар” гээд богино хэмжээний кино байгаа. 
-Анх Солонгост очоод төрж байсан мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Хамгийн анх онгоцноос буугаад агаар нь амьсгалж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн. Хоёр дахь зүйл нь халуун ногоотой хоол байсан. Бараг нэг сар дасах гэж зовсон.
-Солонгост амьдарч байгаад Монголдоо анх хэзээ буцаж ирсэн бэ?
-Солонгос улсад нийт 15 жил амьдарч байна. Одоо ч гэсэн амьдарсаар байгаа. Монголдоо 2017 оноос хойш жилд нэг удаа ирдэг болсон.
-Удаан хугацаанд Солонгост амьдарч байгаад эргээд Монголдоо ирэхэд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Би маш тайвнаар амьсгалсан. Солонгост би заавал нэг зүйл хийх ёстой. Тэгэхгүй л бол амьдрал зогсох гээд байгаа юм шиг хурдан алхах мэдрэмжийг төрүүлдэг. Амьдраад байгаагаа хааяа ойлгодоггүй ч юм уу. Монголд ирэхээр салхинаас нь авхуулаад бүх зүйл нь үнсээд угтдаг. Номон дээр минь хүртэл тэр хэсэг гардаг. Монголд ирэхээрээ Улаанбаатар хотод байхаас хөдөө байхыг илүүд үздэг. 
-Солонгос болон Монгол Улсын урлагийн соёлын ялгааны талаар өөрийн бодлоо ярихгүй юу?
-Мэдээж соёлын ялгаа их. Би жүжигчний ангийн суурь мэдлэгтэй. Солонгост үйл хөдлөлийн жүжиглэлт их байдаг бол Монголд дотор жүжиглэлтийг маш их шаарддаг байсан. Түүгээрээ ялгаатай юм болов уу гэж харсан. Кино урлаг тал дээр Солонгос Улсын давуу тал нь соёлоо их харуулдаг. Ялангуяа хоолны соёл, хувцаслалт, K-поп чиглэлээр дагнаж маркетингаа хийдэг юм шиг санагдсан. Одоогоор монгол хүмүүстэй хамтарч ажиллаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Хийж байгаа киноны хувьд Солонгос Улс нэгдүгээрт гэж хэлнэ. Яагаад гэвэл өнгө тавилт, дуу, дүрсний хувьд хөгжилтэй орон болохоор техникийн хувьд давуу талтай. 
-Монголын урлаг цаашид хөгжихөд таны бодлоор юун дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна вэ?
– Залуу уран бүтээлчдээ маш сайн дэмжих хэрэгтэй. Хэрэв гадаад сураад төгсөж ирсэн бол түүнийгээ Монголынхоо хөрсөн дээр буулгаж, суурийг нь сайн тавих хэрэгтэй гэж боддог. Миний харж байгаагаар Монголын кино урлаг хөгжлийнхөө түвшинд байгаа гэж харж байгаа. 
– Энэ удаа ямар уран бүтээл туурвиж байна вэ? Уран бүтээлээрээ дамжуулж юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Энэ удаагийн уран бүтээл маань маш олзуурхууштай байна. Энэ удаад ном гаргасан байгаа. Би богино хэмжээний кинонуудынхаа зохиолыг дандаа өөрөө бичсэн. Энэ удаа Монголдоо ирээд, анхныхаа уран бүтээлийг гаргаж байгаадаа баяртай байгаа. Энэ бүтээлээ хийх гэж 4-5 жил болж байна. Эхлэл хэсгээ тавиад, нэрээ өгчхөөд дундуур завсарлаж байгаад өнгөрсөн жилээс эрчимтэй ороод, Монголдоо уран бүтээлээ гаргаад гурван сар болох гэж байна. 
-Яагаад заавал уран бүтээлийнхээ санааг номоор илэрхийлэхийг зорьсон юм бэ? Номынхоо товч агуулгаас дурдахгүй юу?
-Нэг үгээр илэрхийлэх юм бол “үнэ цэн”. бүх зүйл дээр үнэ цэнээ мэдрээсэй гэж хүссэн. Энэ номоо бичиж байхдаа би маш олон газраар аялсан. Монгол болон өөр орноор аялсан. Тэр хугацаанд Монголд аялж байгаа солонгос хүн болон монгол хүн өөр мэдрэмжтэй  шүү дээ. Тэгэхээр би Солонгост маш удаан амьдарчихсан болохоор Монгол орноор аялж үзээгүй байж байгаад үзчихсэн тэр мэдрэмжүүдийг тусгаад, түүнээсээ хайр дурлал, хагацал, эцэг эхийн үнэ цэн, найз нөхдийн нандин холбоог, солонгос хүнд Монголын агаар салхи ямар их эмчилгээ сайтай гэдгийг давхар харуулсан. Солонгос араншин бас үүнд явж байгаа байх. 
-Номынхоо гарчгаар бүх агуулгаа гаргаж өгсөн үү?
-Тийм. Гэхдээ би ганцаархнаа жигүүр ургасан гэж хэлэхгүй. Би ээжийнхээ жигүүрийг ч гэсэн ургуулсан байх. Намайг 15 жил Монголд хүлээнэ гэдэг тэр хүний хувьд асар том тэвчээр. Өөрийнх нь хүсээгүй мөрөөдөлд охин нь хүрчихсэн болохоор жигүүр ургуулж өгсөн байх гэж бодож байна. Магадгүй уншаад бүгдийг ойлгох байх гэж бодож байна. Надаас сүүлийн үед “тэр минь” гэж хэн бэ гээд байгаа юм. Тэгэхээр нь би уншигчдад “Номоо эхлээд  уншаад, эргээд надтай холбогдоорой” гэж хэлж байгаа. Үүнийг би задалмааргүй байгаа. Тэгэхээр би үүнийг нууцална. 
-Ном нь хэдэн хувь хэвлэгдсэн бэ? Хаагуур борлуулагдаж байгаа вэ?
-Ном маань 500 ширхэг хэвлэгдсэн. Аз хур номын дэлгүүр болон цахимаар борлуулагдаж байгаа. Номын ард талд байгаа хаягаар захиалж болно. 
-Монголд номоо уншигчдадаа хүргэчхээд одоо Солонгост хүргэхээр зэхэж байгаа гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?
– Би энэ сарын 29-нд Солонгос явах гэж байгаа. Нэгэнт номоо гаргачихсан болохоор Солонгост сурсных найз нөхдөдөө ийм хүн байдаг шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд энэ номоо Солонгос хэл дээр орчуулаад тэндээ хэвлүүлээд гаргахыг зорьж байгаа. Энэ бол миний хамгийн эхний зорилт байгаа. 
-Цаашдаа ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Одоо нэг бүрэн хэмжээний кино зохиолын 50 хувь дээр явж байгаа. Тэрийг очиж байгаад дуусгана гэж бодож байна. 
-Ээждээ хандаж чин сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?
-Бүх зүйлд миний ард байсанд баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. 
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу