Сүүлийн таван сарын дотор Онцгой байдлын байгууллагын таван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Үүний шалтгааныг  алба хаагчдын хувцас хэрэгсэл, галын голомтод ажиллах тоног төхөөрөмж дутуутай холбон олон нийт ойлгож буй. Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ ч мөн “10 алба хаагч тутмын гурав нь иж бүрэн хувцас хэрэглэлтэй” хэмээн хэлсэн. Тиймээс бид Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нөхцөл байдалтай танилцав. Тус ангийн барилга 2023 онд ашиглалтад оржээ. Энд алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх фитнесс заал, амралтын өрөө, гал тогоо гэх мэтээр ажиллах нөхцөлийн бүрэн бүрдүүлсэн байна. Мөн хажуудаа албан хаагчдын хүүхдүүдийг хамруулах 50 хүүхдийн багтаамж бүхий цэцэрлэгтэй аж. 

Харин алба хаагчдын хувцас, техник хэрэгслийн тухайд галын дуудлагад явж буй баг иж бүрэн тоноглоод гардаг ажээ. Галын голомт руу орохдоо хүчилтөрөгчийн баллон бүхий амьсгалын баг өмсдөг. Тус багийг галын голомт руу орох үед ашиглах ба дунджаар 25-30 минут ажиллах боломжийг бүрдүүлдэг байна.

Тус ангитай танилцах үеэр Аврах, гал унтраах 35-р ангийн алба хаагч Д.Ууганбаатартай цөөн хором ярилцлаа. 

-Гал сөнөөгчөөр ажиллаж байсан иргэн “шүгэл үлээж”, хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Албанд ажиллахад хүчилтөрөгчийн баг эвдэрвэл өөрөө засахаас эхлээд маш олон асуудал тулгардаг гээд. Тийм зүйл бий юу?

-Би энэ албанд 2007 оноос хойш ажиллаж байна. Сүүлийн үед сошиалаар гараад байгаа мэдээллийг харсан. Тийм зүйл огт байхгүй. Газын зурваст ажилласан гал сөнөөгчидтэй бид мөр зэрэгцэн ажиллаж байсан юм. Биднийг сошиалаар “муулж” байгаа нь албан хаагчдад болон ар гэрт нь маш их сөргөөр нөлөөлж байгаа.

Аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж эхэлсэн залуучууд албаныхаа сайн сайхан зүйлсийг мэдрээгүй байхдаа албанаасаа гардаг. Гарч байгаагийн шалтгаан нь тэд өөрсдийнхөө хувийн асуудлаас болдог юм.

-Жишээ нь?

-Нэгдүгээрт, архинаас. Хоёрдугаарт, ажил таслалтаас.

Хүний нөөцийн асуудал мөн л үүнээс үүдэлтэй болоод явчихаж байгаа юм. Гал дээр нэг тасагт хамгийн доод тал нь найман хүн ажилладаг. Гэтэл нэг нөхөр нь архи уугаад алга болчихвол тэр хүний оронд үүрэг гүйцэтгэх нэг хүн заавал шаардлагатай болдог. Ингээд өмнөх үүрэг гүйцэтгэсэн хүн нь тэр хүнийг орлож, ажилд нь гардаг. 24 цаг үүрэг гүйцэтгэх ёстой хүн 48 цаг үүрэг гүйцэтгэх болоод явчихаж байгаа юм. Үүнээс болоод ар гэр нь буруу ойлгож, тэрнээс үүдэлтэйгээр албанаасаа гарах тохиолдол маш их гардаг.

Бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаад шантарч, хувийн шалтгаанаасаа болж албанаасаа гарсан хүмүүс эргээд албаа “муулдаг”. Энэ албаны техник хэрэгсэл нь муу гэж. Намайг анх 2007 онд аврагч, гал сөнөөгчөөр ажилд орж байхад багаж, хэрэгсэл тийм ч сайн байгаагүй. Одоо бол маш сайжирсан. Тийм болохоор гарсан алба хаагчид буцаад биднийг “муулж” буйд харамсаж явдаг.

-Сүүлийн таван сарын хугацаанд танай албанаас тавын таван хүн нас барчихлаа. Энэ бол маш их тоо. Тийм учраас цаана нь ямар нэгэн шалтгаан байгаа юм болов уу гэж хардаад байгаа юм. Галын голомтод ажиллах арга, эсхүл техник хэрэгсэлд нь ямар нэгэн алдаа байгаа болов уу. Та энэ талаар юу гэж бодож байна?

-Ер нь бол алддаггүй хүн гэж байхгүй. Бид үйлдэл бүрээсээ сургамж авч, туршлагажаад явж байгаа. Бид ээлж бүр дээрээ хоёр цагийн дасгал, сургуулилт хийдэг. Мэргэжлийнхээ ур чадварыг сайжруулж, мэргэших үүднээс маш сайн суралцдаг.

Сүүлд гарсан галуудад алба хаагчид нас барсныг би мөр зэрэгцэж ажилладаг хүний хувьд азгүй явдал болсон гэж харж бай байгаа.

Алба хаагчид галын голомтод очоод салаан даргынхаа заавар, зөвлөмжийн дагуу галынхаа үнэлэлт дүгнэлтийг авч байж ажилладаг. Очингуутаа улаан гал руу шууд дайраад ордоггүй. Тухайлбал, газын дэлбэрэлтийн үед нас барсан гурван гал сөнөөгч бол салаан даргатайгаа галыг яаж унтраах вэ, усаар уу, хөөсөөр үү, галын машин хаана нь зогсвол болохоор байна гэх мэтээр үнэлэлт дүгнэлтээ өгч явахад нь л тийм осол болсон.  

-Гал сөнөөгчид ажлаа хийж яваад бэртэх, түлэгдэх тохиолдол хэр их байдаг юм бэ?

-Гал дээр ажиллаж байгаа алба хаагч түлэгдэх үндэслэл байхгүй. Аюулгүй ажиллагааны иж бүрэн хувцас хэрэглэл бий. Хүн өөрийнхөө санамсар, болгоомжгүй үйлдлээс болж түлэгдэнэ үү гэхээс хувцсаа бүрэн өмсөж, багаж хэрэгсэлтэй байгаа тохиолдолд түлэгдэх эрсдэл маш бага. 

Алба хаагчид нас барсан хэргүүд хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж буй ажээ. Тиймээс ямар нэгэн байдлаар хөндлөнгийн үнэлэлт дүгнэлт өгөхөд эрт гэдгийг албаныхан хэлж байлаа.  Мөн манай улсын онцгой байдлын алба хаагчид маш сайн бэлтгэгдсэн байдаг бөгөөд галын голомтод ажиллах гэж буй алба хаагчдад хувцас, техник хэрэгслийг нь бүрэн хангаад гаргадаг гэдгийг онцолж байлаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу