Оны эхний саруудын байдлаар ОХУ-ын нүүрсний салбарт алдагдалтай ажиллаж буй компаниудын эзлэх хувь 45.9 хувь буюу 2022 оны мөн үеийнхээс бараг хоёр дахин, 2023 оныхоос 7.3 пунктээр илүү байна гэж “Росстат”-ын мэдээлэлд үндэслэн “Ведомости” сонин мэдээлжээ. Харин тус салбарт ашиг орлоготой аж ахуйн нэгжүүдийн эзлэх хувь 61.4 хувиас 54.1 хувь болж буурсан байна. Хоёр жилийн өмнө Оросын нүүрсний компаниудын 75.4 хувь нь эзэддээ ашиг авчирдаг байв. Ашигт ажиллагааны бууралт нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 2022 оны хоёрдугаар сартай харьцуулахад 1.8 дахин буурсан, барууны хориг, тээвэрлэлт, шилжүүлэн ачих үнэ өссөн зэрэгтэй холбоотой гэж тус сонинд бичжээ.

ОХУ-ын экспортын 85 хувийг бүрдүүлдэг эрчим хүчний нүүрсний эрэлт бага байгаагаас шалтгаалж 2024 онд энэ сарын эхээр 2021 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрч нүүрсний орлого буураад байгаа аж. “Ведомости” нүүрсний компаниуд одоо ашигт ажиллагааны тухай бус, харин оршин тогтнохын төлөө санаа зовж байгааг онцолсон байна. Өөр нэг том асуудал нь барууны улсуудын хоригоос болж импортын тоног төхөөрөмж авах боломжгүй байгаагаас паркаа шинэчилж чадахгүй байгаа аж. Өмнө нь “Коммерсант” сонин энэ салбарын хүнд нөхцөл байдлын улмаас ОХУ-ын Засгийн газар тавдугаар сарын 1-нээс нүүрсний экспортын татварыг тэглэх асуудлыг хэлэлцэж байгаа тухай мэдээлж, Эрчим хүчний яамны орлогч дарга Сергей Мочальников тус яам “нүүрсний салбарт ноцтой хямрал үүсэх урьдчилсан нөхцөлийг ажиглаж байна” гэж хэлснийг онцолж байсан билээ. 2023 оны сүүлийн улиралд үнэ унасантай холбогдон нүүрсний салбарын алдагдал 13 тэрбум рубль байсан бол энэ оны эхний улиралд 40-50 тэрбум рубльд хүрч болзошгүй гэж тус яам таамаглаж байгаа юм.

Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу