Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн  нүхэн гарцаас хамгийн том нь юм.  Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сард нээх ба үндсэн байгууламжийг долоодугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Тодруулбал, Таван шарын гарамын төмөр замын призерийг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар хоёр цаг хаадаг ба оргил цагтаа таван цаг хүрдэг байна. Энэ нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг таван цагаар удаашруулдаг гэсэн тооцоолол гарсан юм. 

Нүхэн гарцын зорчих хөдөлгөөн зургаадугаар сард нээгдсэнээр баруун зүгийн авто замын түгжрэл 10.5 хувиар бууруулах ач холбогдолтой.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй хоёр дахь нүхэн гарц бол Геологийн төв лабораторийн уулзварыг эрчим хүчний авто замтай холбохоор хийгдэж байна. Тус нүхэн гарц яармагийг нэгдүгээр хороололтой холбохоор хийгдэж буй авто замтай нийлэх юм. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын түр байгууламжийг барьж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг төслийн захирал У.Баатар хэлж байна.

Энэ хоёр нүхэн байгууламж ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй Яармагийн түгжрэл тодорхой хэмжээгээр буурах ач холбогдолтой гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотгон хэллээ.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу