Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан амь насаа алдаад 26 жил болж байна. Хууль шүүхийн байгууллага Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг гэм буруутайд тооцон ял оноосон ч, эрүүдэн шүүсэн гэх шалтгаанаар тэднийг сулласан. Уг нь шүүхээс тэднийг гэм буруугүй гэх шийдвэр гаргаагүй ч тэд улсаас нөхөн төлбөр авна гээд явж байгаа талаар мэдээлэл гарсан. Өнөөдрийн хувьд тэд сэжигтэн хэвээр байгаа. Дөрвөн жилийн давтамжтай, сонгууль бүрийн өмнө С.Зориг агсны амь насаа алдсан хэрэг сөхөгддөг ч сонгуулийн дараа аясаараа намжчихдаг. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн өмнө ч гэсэн С.Зориг агсны хэрэг дахин сөхөгдөж байна. Прокурор асан Г.Эрдэнэбатын хэлснээр Б.Булган ч сэжигтэн юм билээ. Харамсалтай нь улс төрийн маш том хамгаалалт авсан уу, маш том амлалт авсан уу, ямартай ч Б.Булган хэргийн талаарх өөрийн бодлоо хэлж, Ц.Элбэгдорж руу галыг эргүүлчихсэн.

С.Зориг агсны амь насаа алдсан энэ хэрэг цааш хөвөрсөөр сонгуультай золгох нь маш тодорхой. Найман жил засаглахдаа МАН эрх баригчийн хувьд хийж, шийдсэн асуудал маш бага байгаа болохоор гудамжинд найман жил лааз өшиглөж байгаа АН-ынхан руугаа галлаж байна. Тэдний толгой байж болох хүмүүс рүү бүгд рүү нь чулуугаар нүүлгэж байна. Л.Гантөмөр ганцаараа Боловсролын зээлийн сангаар хүүхдээ сургасан мэт аяглаж байгаа ч үнэндээ МАН-ынхан хамгийн их сурсан талаар АН-ын дарга ярина лээ. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, тендер, ногоон автобусны хулгайгаас эхлээд МАН-ынхан холбогдоогүй хэрэг гэж үгүй. Тэр бүгд нь эцэслэгдээгүй байхад Ц.Элбэгдоржийг чиглэсэн хэргүүд боогдож эхлэх бололтой.

Энэ сарын 21-ний шөнө гэрээсээ гараад иргэж ирээгүй өмгөөлөгч Г.Батбаярын цогцосыг 26-ны өдөр Богдхаан амралтын газрын автомашины зогсоолоос олсон талаар цагдаагийн байгууллага мэдээлэл хийсэн юм. Нарийн учир шалтгаан нь юунаас болсон эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч улс төрийн аллага гэж үзэх хүмүүс олон байгааг цахим орчинд байршуулсан бичвэрүүдээс харж болохоор байна. 26 жил нэг хүний амиар сонгуульддаг байсан бол олон хүний хардаж байгаачлан хүн амины шинэ хэргээр сонгуульдах гэж байгаа юм биш биз хэмээх хардлага ч байсаар байгаа юм.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу