dobu.mndobu

Сайд нараа сэлгэж, завгүй өнгөрөх долоо хоног болно

0

НийтлэлчAdmin

Огноо2026-11-16

Сайд нараа сэлгэж, завгүй өнгөрөх долоо хоног болно

Энэ парламентын гурав дахь Засгийн газар сэлгээ хийх нь тодорхой болов. Өнгөрөгч долоо хоногт Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа” хэмээн цахим орчинд мэдэгдсэн. Ингэснээр Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар долоон сарын хугацаанд хоёр дахь сайдаа үдэх нь. 

Өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлж, түүний оронд Г.Тэмүүлэнг томилсон бол энэ удаа Батлан хамгаалахын сайд дээр сэлгээ хийх нь. Үүнтэй зэрэгцэн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг Батлан хамгаалах яам руу сэлгэж, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томилохоор болсон талаар бор шувуу нисэж буй. Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр “Засгийн газрын сайд нараа сэлгэх, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Өөрөө л шийднэ” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ Батлан хамгаалахын сайдаар ажиллуулах санал тавиагүй гэв. 

Нөгөө талд нь горилогчоор тодроод буй Б.Чойжилсүрэн Тэргүүн шадар сайд болохоос татгалзахгүй байгаагаа нуусангүй. Түүний очих ганц том шалтгаан нь Таван толгойн дулааны цахилгаан станцын ажлыг явуулах гэх яриа бий. Ажил хийж сурсан хэмээн түүнийг томилохоос илүүтэй Таван толгойн дулааны цахилгаан станц дээрх асар том лоббиг гүйцэтгүүлэх хамгийн боломжит хувилбар гэж үзсэн байж магадгүй юм. Өгч авч сурсан, яриа хөөрөөнд орж сурсан хүний хувьд эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байж чадна гэж үзсэн бололтой. 

Тэгвэл Ж.Энхбаяр сайд сэлгээний сайд хийх сонирхол байхгүй байж мэдэх юм. Монгол Улсын мега төслүүдийг эрэмбэлж, эхлүүлэх ажлыг тэр хариуцаж буй. Тиймээс том ажил хөдөлгөх сонирхол түүнд байж мэднэ. Үүний зэрэгцээ зам зуурын төсөл хөтөлбөрт хуруу хумсаа дүрэх сонирхолтой хүмүүс Таван толгойн дулааны цахилгаан станцаас эхлээд гарч ирэх нь дамжиггүй. Тиймээс өгдөг, авдаг ойлголцож сурсан хэлээрээ ярих нь хүмүүст амар. Тиймээс хамгийн боломжтой нь Б.Чойжилсүрэн гэх. 

Нөгөө талдаа Батлан хамгаалахын сайдаар Ж.Энхбаяр очихгүй, Тэргүүн шадар сайдаа өгч сул гишүүн болж мэдэх юм. Танхим бүрд  сайдын суудалд залардаг хэмээн түүнд хаягласан зүйлс бий. Тиймээс олны хэл амнаас болгоомжилон сул гишүүнээ хийгээд явах нь түүнд илүү амар байж мэднэ. Сайд болох гэж гуйж явах хүн биш гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлдэг. 

Тэгвэл Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд биш бол өөр хэн бэ. Магадгүй энэ хувилбар дээр Шадар сайд асан Х.Ганхуяг байж магадгүй гэх яриа гарч. Учир нь Г.Занданшатарын Засгийн газарт Шадар сайдын суудалд тухлаад буусан түүний хувьд дэндүү хангалтгүй байсан нь ойлгомжтой. 30, 38-н бүлгээс 38 талдаа тогтвортой байж, өөрийн байр суурийг хамгаалж ирсэн түүний хувьд дахин сайдад зүтгэж байгаа гэх. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын нэр мөн дуулдах болов. Гэхдээ улс төрөөс залхсан түүний хувьд хэл амны бай болж сайд болохгүй байх магадлал өндөр. 

Ямартай ч улс төрийн хүрээнд олон таамаг өрнүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн сэлгээ, томилгоо үргэлжилсэн долоо хоног ийнхүү эхэллээ. Ерөнхий сайд Н.Учрал хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэхийг харах л үлдлээ. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.