0

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсны улмаас ууланд өвөлжиж байсан хоёр айл зам даваа хаагдан, цасанд боогджээ.
Тодруулбал, тус багийн “Тагийн-Орой” гэх газарт арваннэгдүгээр сарын 13-наас хойш 50-70 сантиметр зузаан цас орж, зам даваа хаагдсан байна. Үүний улмаас ууланд өвөлжиж байсан хоёр айл цасанд боогдсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 11:20 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.
Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, Мэргэжлийн ангийн ажилтнууд болон ар гэрийнхэн хамтран ажиллаж, цасанд боогдсон иргэдийг мал сүргийнх нь хамт уулнаас буулгах ажиллагааг зохион байгуулсан байна.
Улмаар арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 10:09 цагт 55 настай эрэгтэй, 55 настай эмэгтэй, 31 настай эрэгтэй гурван иргэнийг 1400 бог малын хамт, мөн өдрийн 12:00 цагт 34 настай эрэгтэй, 32 настай эмэгтэй, 16 хоногтой нярайг 700 бог малын хамт уулнаас эсэн мэнд буулгажээ.
Ингэснээр нийт зургаан иргэн, түүний дотор 16 хоногтой нярай болон 2100 бог малыг аюулгүй газарт хүргэсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.