0

Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Боловсролын яам Монголын Оюутны Холбоо болон оюутны байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, 45 мянган оюутны оролцоотой судалгааны үр дүнд тодорхой болсон тулгамдсан асуудал, бодлогын саналуудын талаар санал солилцлоо.
Уулзалтаар оюутнууд сургалтын чанар, төлбөрийн ил тод байдал, хөдөлмөр эрхлэлт, дадлагын тогтолцоо, дотуур байр, эрүүл мэндийн үйлчилгээ, цахим үйлчилгээний хүртээмж зэрэг асуудлыг хөндөж, шийдвэрлэх шаардлагатай санал, санаачилгуудаа танилцуулав.
2023 онд оюутнуудын санал санаачилгад үндэслэн Засгийн газрын 111 дүгээр тогтоол батлагдаж, нийтийн тээвэр, эрүүл мэнд, цахим үйлчилгээ, номын сангийн үйлчилгээ, “Оюутан цэрэг” зэрэг чиглэлээр бодлогын шийдвэрүүд хэрэгжиж эхэлсэн. Энэ удаагийн уулзалтаар тус тогтоолын хэрэгжилтийг дүгнэж, үр дүнтэй хэрэгжиж буй ажлуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хэрэгжилт сул байгаа арга хэмжээнүүдийг сайжруулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлийн хүрээнд Боловсролын зээлийн сангийн тогтолцоог боловсронгуй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын хамтарсан 2+2, 2+1 хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, E-Student 2.0 үйлчилгээг хөгжүүлэх, оюутнуудын хөдөлмөр эрхлэлт, дадлага хийх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцууллаа.
Мөн сургалтын орчин, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотуур байрны хүртээмжийг сайжруулах, оюутны хотхоны хөгжлийг үе шаттай дэмжих асуудалд анхаарч ажиллана.
Түүнчлэн оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, нийгмийн даатгалын эрх зүйн шинэ зохицуулалтын талаарх мэдээллийг оюутнууд болон ажил олгогчдод хүргэх ажлыг эрчимжүүлэхээр боллоо.
Уулзалтын үеэр дэвшүүлсэн санал, санаачилгуудыг Засгийн газрын бодлого, шийдвэрт тусгах, салбар дундын уялдаа холбоог ханган хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр талууд хамтран ажиллахаар санал нэгдэв.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.