dobu.mndobu

Эгчийн маань жижиг бизнесээс эхлэх эдийн засгийн том боломж

Эгчийн маань жижиг бизнесээс эхлэх эдийн засгийн том боломж

Шинэ он гараад хэрчсэн гурил, олон төрлийн боорцог, бууз, баншны бичил бизнес эхлүүлэхээр бэлтгэж буй эгч маань ирэх онд миний жижигхэн бизнес өсөж, өндийсөн өнгөлөг жил байх нь ээ хэмээн баярлаж суугаагаа ярилаа. Учир нь өөртэйгөө нийлээд дөрвөн хүнтэй багаараа бичил бизнесээ эхлүүлэхээр бэлтгэж буй эгчид маань 2027 оны төсвийн төсөлд тусгагдсан татварын чөлөөлөлт, хөнгөлөлтүүд хэд, хэдэн боломж бий болгожээ. 

Эгчийн маань бизнес жижигхэн учраас жилийн орлого нь 400 саяын босго давахгүй. Тэгэхээр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс НӨАТ төлөгчөөс бүрэн чөлөөлөгдөж буй 23,500 ААН-ийн нэг болно. Шинээр үүсгэн байгуулагдаж буй ААН-ийн эхний гурван ажилтны ажил олгогчийн төлөх НДШ-ийг гурван жилийн хугацаанд чөлөөлөх бодлогын хүрээнд эхний гурван ажилтандаа олгох 2.8 сая төгрөгийн үндсэн цалингаас нь ажил олгогчийн төлөх НДШ-ийн хувь хэмжээ ч хасагдаж байгаа аж.

Эдгээр ажилтнууд ч үндсэн ажлынхаа хажуугаар давхар ажил хийх бол заавал тухайн ажил дээрээ шимтгэл төлөхгүй болжээ. Ажилтан нь өөрөө сонгож гурил, боорцогны үйлдвэрийн ажилдаа төлөх үү, эсвэл өөр ажлаасаа шимтгэл төлөх үү гэдгээ сонгох боломжийг бий болгосон байна. 

Татварын хуулийн өөр нэг онцлох чухал заалт болох цалин авч буй иргэн бүрийн 792,000 төгрөгт ХХОАТ тооцохгүй байх тухай заалт. Ингэснээр дөрвөн ажилтных нь дансанд оны төгсгөлд буцаад тус бүр нэг сая төгрөг орох юм билээ. Ийм хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж буй 1,000,000 гаруй монгол иргэний дансанд оны төгсгөлд 1 их наяд төгрөгийг буцаж оруулахаар төсөвт тусгажээ.

Нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр хоёулаа хувь, хувьсгалд цалинтай ажил хийдэг бол оны төгсгөлд 2 сая төгрөгийн татварын буцаан олголт авна гэдэг нь өрхийн хэрэглээнд том дэмжлэг байх болов уу. 

Сар болгон НӨАТ-ын тайлангаа өгөхгүй бол торгууль бодох хуулийн үйлчлэл шинэ он гарснаар өөрчлөгдсөнд эгч маань мөн адил олзуурхаж суугаа. Хэрвээ нягтлан бодогч нь ажил ихтэй, аль эсвэл хүндэтгэх асуудалтай байснаас НӨАТ-ын тайлангаа хугацаандаа өгч амжихгүй бол татварын алба торгууль тавихгүй болсон. Эсрэгээрээ хоёр сарын хугацаанд тайлангаа өгөхгүй байх боломж бүрдсэн аж. Тэр хугацаанд нөхөөд өгчихөж болно гэсэн үг. Өмнө нь татвар төлөгчийн бүх мөнгийг дансанд нь царцааж, татвараа бүрэн төлөхийг шаарддаг байсан бол ирэх онд орж ирэх мөнгөн урсгалын 30 хувийг дансанд нь үлдээж, ААН-үүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр дөнгөж хөл дээрээ өндийж буй, эсвэл манай эгч шиг шинээр эхлүүлж буй ААН-үүд тогтвортой худалдан авагчтай болж, орон зайгаа тэлэх боломж бүрдэх юм. Дан ганц жижиг аж ахуйн нэгжүүд ч бус 2.5-аас 10 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүдээ ч төр татварын тухайлсан бодлогоор дэмжиж эхэллээ.  

Тухайлбал, 2.5 тэрбум хүртэлх орлоготой 180 мянган ААН-ийн татвар 1 хувь болох бол, 6-10 тэрбумын орлоготой ААН-д 15 %-ийн дундын шинэ шатлал хэрэгжиж, 600 гаруй ААН-ийн татварын ачаалал буурах нь ээ.

Эдгээр хөнгөлөлт, чөлөөлөлтөөр ард түмэндээ 1.3 их наядын дэмжлэг үзүүлж, татвараас 90 хувийг нь “зурдаг” байсан төсвөө 79 хүртэл бууруулав. Ард түмнийхээ халаасыг хоосолж төсөв бүрдүүлэх бус эсрэгээрээ төсвийн гадна эргэлдэж, улстөрчид, намын дарга нарын тойргоо усалдаг, том төсөл нэрийдлээр халаасаа зузаалдаг байсан ТӨК-иудын ногдол ашгийг татаж авчран төсөвтөө тусгаж, эргээд иргэдийнхээ нуруун дээрх ачаанаас хөнгөлөх, чөлөөлөх бодлогоо ийнхүү Ерөнхий сайд Н.Учрал зарлалаа. 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2027 оны төсөвт татварын багц хуулийн хүрээнд хэрэгжих хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг оруулж өглөө. 1.4 их наядын хөнгөлөлт үзүүлж байна. Иргэн та цалингийнхаа 792 мянган төгрөгт ХХОАТ төлөхгүй. Энэ шийдвэр үе шаттай хэрэгжинэ. 2028 оны нэгдүгээр сарын 01-нээс 2,000,000 төгрөгт татвар төлөхгүй байхаар хуульчилсан. Нэг ёсондоо таны гар дээр ирэх цалин 2028 оноос автоматаар 200 мянган төгрөгөөр нэмэгдэх нь ээ. Амины орон сууцаа борлуулсан бол төр татвар авдаг байсныг чөлөөлж, 2 хувийн татварыг иргэндээ үлдээлээ. Эхний байраа зарахад ямар нэг татвар төлөхгүй. Иргэн, аж ахуйн нэгж, том групп, компаниудад ч татварын хөнгөлөлт, чөлөөлөлт бодитоор хүрч байгаа. Татвараа цаг хугацаанд нь төлөх, эсвэл дансаа хаалгахгүйн тулд банк болон банк бусаас жилдээ 3-4 их наядын зээл авч байсан ААН-үүдийн ачааг хөнгөллөө” гэв. 

Өөрөөр хэлбэл, НӨАТ төлөгчийн босго намхан байснаар жижиг ААН-үүд санхүүгээ нуудаг, далд эдийн засгийг өөгшүүлдэг, эсвэл компаниа улам жижигрүүлдэг байсныг өөрчилж, НӨАТ-аас болж өрөнд орсон, хаалгаа барьсан олон мянган аж ахуйн нэгжүүд ирэх онд бүтэн амьсгаа авахаар болов.

Татварын хэт өндөр төлөлтөөс болж олон жижиг охин компани байгуулсан том группууд ч татварын шинэ шатлалаар орлогоо нууж, хуваах, тараан байршуулах хэрэггүй болов. Эдийн засгийн идэвхжил бодитоор бий болгоно гэдэг нь  агаарын том мега төслүүд зарлаж, төрийн мөнгийг үр ашиггүй бродюр солиход зарцуулах биш ажээ. Ажлын байр бий болгож буй иргэнийг дэмжих бус хөдөлмөрлөж бүтээж байгаагийн хэрээр дарамталдаг, улсын төсвөө ААН-үүдээ дарамталж, дайсан хэмээн зарлаж бүрдүүлдэггүй юм аа гэдгийг Засгийн газар ирэх онд хэрэгжүүлэх бодитой, амьдралд наалдсан төсвийн бодлогоороо харуулах нь ээ. 

Угтаа, эдийн засгийг идэвхжүүлнэ гэдэг нь татвараар дарамтлахгүй байхаас эхэлнэ шүү гэдгийг сая л нэг улстөрчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Гэртээ эсвэл 40 м.кв байр түрээслэн бизнесээ эхлүүлэх гэж буй манай эгч шиг хөдөлмөрлөж буй залуусаа боомилохгүй, боломж бий болгож өгөхийг хэлдэг аж. Ингэж байж л жижиг нь томорч, том нь дэлхийд гарч, өрсөлдөх чадварыг бүтээж, бүтээгдэхүүнээ олон улсад гаргаж чадна. Ажил олгогчийг шийтгэж, дарамтлах бус чөдөр тушаанаас нь чөлөөлөх нь эдийн засгийн идэвхжил юм байна. “Хөдөлмөрлөж буй хэн бүхнийг дэмжинэ” гэсэн Засгийн газрын бодлого товчхондоо бизнесийн өсөлтийг хязгаарлагч бус нээгч байхад чиглэх ёстой. 

Үүнээс гадна Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” бодлогын хүрээнд ногоон чөлөөлөлтийг дэмжиж, цахилгаан машин хилээр оруулж ирсэн бол гаалийн албан татвараас чөлөөлөх бодлого нь мөн л 2027 оны төсөвт тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн онцлох нэг заалт байлаа. 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.