0

Гэр хорооллын айл өрхүүдэд худалдаалж буй шахмал болон импортоор нийлүүлж буй хагас коксон түлшинд лабораторийн чанарын шинжилгээ хийж, холбогдох стандартын шаардлага хангасныг баталгаажуулжээ.
Тодруулбал, бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөндлөнгийн хяналт хийж, тохирлын гэрчилгээ олгодог “Ай Пи Сертификэйшн” компани угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш болон хагас коксон түлшинд лабораторийн шинжилгээ хийсэн байна. Мөн үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын үйл явцад хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийжээ.
Тус компанийн баталгаажуулалтын албаны мэдээлснээр шинжилгээ, хяналтын дүнгээр нийслэлийн иргэдэд нийлүүлж буй дээрх түлшнүүд хатуу түлшний MNS 5679:2025 стандартын шаардлагыг хангасан байна. Иймд бүтээгдэхүүнүүдэд нэг жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгожээ.
Заавал баталгаажуулалтад хамруулах бүтээгдэхүүний жагсаалтад угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш болон хагас коксон түлш багтдаг аж. Баталгаажуулалтын хүрээнд түүхий эдийн чанар, үйлдвэрлэлийн процесс, бүтээгдэхүүний хадгалалт, савлалт, шошго зэрэг үзүүлэлтийг стандартад нийцсэн эсэхээр шалгадаг байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд түлш борлуулах 446 цэгээр БНХАУ-аас импортолсон хагас коксон түлш болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлшийг худалдаалж байна.
Харин эдгээр түлшийг өдөр тутам хэрэглэж буй гэр хорооллын иргэдийн хувьд түлшний чанар, илчлэг, шаталтын хугацаа болон хэрэглээний явцад гарч буй утаа, үнэр зэрэг нь чухал асуудал хэвээр байна.
Иймд лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангасан нь баталгаажсан хэдий ч хэрэглэгчдийн бодит хэрэглээний туршлага, санал хүсэлтийг анхаарч, түлшний чанар, хүртээмжид тогтмол хяналт тавих шаардлагатай юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.