0

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн-ийн санаачлан боловсруулсан Төрийн шагналын тухай хуулийн төслийн танилцуулга уулзалт болж, төрийн шагналын тогтолцооны шинэчлэл, хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллын бодлогын талаар санал солилцлоо. Хуулийн төсөл нь төрийн шагналын төрөл, ангилал, шалгуур, хязгаарыг хуульчилж, шагнал олголтын ил тод, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Уулзалтад оролцсон Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир боловсролын салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцооны үр дүнгийн талаар танилцууллаа. Тэрбээр өнөөдрийн байдлаар хоёр багш тутмын нэг нь гүйцэтгэлийн урамшуулал авч байгааг онцолж, хөдөлмөрийн үнэлэмжийг шагналд бус ажлын бодит үр дүн, бүтээмжтэй холбох бодлогын ач холбогдлыг тэмдэглэв.
Мөн боловсролын салбарт нэвтрүүлсэн шагналын мэдээллийн нэгдсэн системийн туршлагаас танилцуулж, хэн ямар шагнал хүртсэн талаарх мэдээллийг нэгтгэн бүртгэх, давхардал болон мэдээллийн зөрүүг арилгах чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжиж байгааг дурдлаа. Энэхүү тогтолцоо нь шагнал олголтын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг онцолсон юм.
Түүнчлэн танилцуулгын үеэр төрийн шагналын тогтолцоог боловсронгуй болгож, шагналын нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах, хөдөлмөрийн бодит үнэлэмжийг зах зээлийн зарчимд нийцүүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай талаар оролцогчид санал солилцов. Төрийн шагналын тухай хуулийн төсөл батлагдсанаар шагнал олголтын нэгдсэн бодлого бүрдэж, шагналын тогтолцооны ил тод байдал, үр нөлөө сайжрах боломжтойг онцоллоо.




Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.