dobu.mndobu

Хижаб өмсөөгүй Ираны дуучинг 74 удаа ташуурдаж шийтгэжээ

Хижаб өмсөөгүй Ираны дуучинг 74 удаа ташуурдаж шийтгэжээ

Ираны дуучин Парасту Ахмади хижабгүй тоглолт хийсэн хэргээр 74 удаа ташуурдуулах ял авч, уг шийтгэлээ эдэлсэн талаар түүний өмгөөлөгчид мэдээлжээ.

Түүнтэй хамт ажиллаж байсан гурван хөгжимчин, нэг продюсер мөн адил шийтгэл хүлээсэн байна. Тэдэнд оноосон ялыг Кум хотод гүйцэтгэсэн талаар өмгөөлөгч нь BBC-д ярьжээ.

29 настай дуучин 2024 оны арванхоёрдугаар сард YouTube сувгаараа тоглолтоо шууд дамжуулахдаа хижабгүй, ханцуйгүй даашинзтай дуулсан юм. Энэ нь Иранд мөрдөгддөг эмэгтэйчүүдийн хувцаслалтын хатуу журмыг зөрчсөн үйлдэлд тооцогджээ.

Ираны хуулиар эмэгтэйчүүд олон нийтийн газар үсээ хижабаар халхалж, биеийн галбираа далдалсан хувцас өмсөх ёстойгоос гадна олон нийтийн өмнө бие даан тоглолт хийхийг хориглодог.

Улмаар 2025 оны зургаадугаар сард Кум хотын шүүхээс Парасту Ахмади болон хэрэгт холбогдсон бусад найман хүнийг “олон нийтийн ёс суртахуунд халдсан”, “садар самуун, зохисгүй агуулга түгээсэн” хэргээр буруутгаж, 74 удаа ташуурдуулах ял оноосон байна. Мөн хоёр жилийн хугацаанд урлаг, дүрс бичлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болон гадаад улсад зорчих эрхийг нь хязгаарлажээ.

Тэд давж заалдах хүсэлт гаргасан ч есдүгээр сарын сүүлээр шүүх ялыг хэвээр үлдээсэн байна. Өмгөөлөгчид шийтгэлийг цуцлуулах, хөнгөрүүлэх, эсвэл хойшлуулах хүсэлт тавьсан боловч шүүх хүлээж аваагүй аж.

Дуучин болон түүний хамтран ажиллагчдад оноосон шийтгэлийг Ираны уран бүтээлчид, хүний эрхийн байгууллагууд эрс шүүмжилжээ. Тэд ташуурдах ялыг хүний эрхийг ноцтой зөрчсөн, хэрцгий бөгөөд хүнлэг бус шийтгэл хэмээн үзэж байна.

Иранд эмэгтэйчүүдийн хувцаслалттай холбоотой хатуу хуулийг эсэргүүцэх хөдөлгөөн сүүлийн жилүүдэд эрчимжсэн. Тухайлбал, 2022 онд хижабаа зохих ёсоор өмсөөгүй гэх шалтгаанаар цагдаад саатуулагдсан 22 настай Махса Амини цагдан хоригдож байхдаа амиа алдсан нь улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн юм.

Түүнээс хойш олон эмэгтэй олон нийтийн газар хижаб өмсөхөөс татгалзаж, хувцаслалтын журмыг эсэргүүцсээр байна. Харин эрх баригчид үүний хариуд баривчилгаа явуулах, анхааруулга өгөх зэрэг арга хэмжээ авч байгаа аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.