dobu.mndobu

Гарааны бизнесийг дэмжих чиглэлээр БНСУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Гарааны бизнесийг дэмжих чиглэлээр БНСУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү БНСУ-ын Гарааны бизнес, энтрепренершип хөгжлийн хүрээлэнгийн (KISED) төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулав. Мөн энэ хүрээнд гарааны бизнесийн өсөлтийг дэмжих эрх зүйн зохицуулалт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт болон төрөөс хэрэгжүүлж буй бусад арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Гарааны бизнес, энтрепренершип хөгжлийн хүрээлэнгийн төлөөлөгчид тус улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжаар 2026–2028 онд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах төсөл”-ийн талаар танилцуулав. Уг төсөл нь Монгол Улсын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, гарааны компаниудад хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

Төслийн хүрээнд тус хүрээлэн БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам болон Нийслэлийн Бизнес, инновацын газартай хамтран “SPRINT – UB STARTUP TOWN” хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж, 10 гарааны компанийг сонгон шалгаруулж, бизнес хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт татах чиглэлээр чадавхжуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.  

Талууд Монгол Улсад инновац, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлэх талаар санал солилцож, цаашид холбогдох чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.