0

Энэтхэгийн хамгийн ядуу муж Бихарт болсон тансаг хурим олныг шуугиулж байна. Тус мужийн Үндэсний ассамблейн хууль тогтоогч Анант Сингхийн охин Шиванги Сингхийн хурим хэдэн өдрийн турш морин уралдаан зэрэг янз бүрийн сүржин арга хэмжээнүүдээр үргэлжилсээр, Лхагва гаригт /2026.11.25/ сая өндөрлөжээ.
Лхагва гаригт хуримын үндсэн ёслол мужийн нийслэл Патнагаас 65 км зайд орших Надава тосгонд болжээ. Уг тосгонд Сингх удмын өвөг дээдэс аж төрөн суудаг байсан аж. Хуримын ёслолд олон мянган хүн оролцсоны дотор Үндэсний ассамблейн спикер болон бусад нөлөө бүхий улстөрч байв.
Мокама сонгуулийн тойргоос таван удаа сонгогдсон хууль тогтоогч Анант Сингх энэ сарын эхээр хэвлэлийн хурал хийхдээ охиныхоо хуримд хүн бүрийг урьжээ. Тэрбээр зөвхөн Энэтхэг төдийгүй хөрш Пакистанаас ч хуримд хүрэлцэн ирж болно гэсэн байна. Үнэхээр л түүний урьсан ёсоор хаа газраас хэн бүхэн ирсэн байсныг хэвлэлүүд мэдээлэв. Зарим хэвлэлд мэдээлснээр, зочдын тоо хагас сая хүрсэн аж. Үүнээс болж тосгон бүхэлдээ баяр ёслолын байдалтай болж, замын хөдөлгөөн хэдэн цагаар саатсан байна.
Бийлэгжүү зочдыг хүлээн авахын тулд тосгонд нисдэг тэрэг буух зургаан ч талбай байгуулжээ. Мөн олон зуун тогооч найман сая ширхэг амттан тэргүүтэй 150 гаруй төрлийн хоол зууш бэлтгэсэн байна.
Морин уралдаанд 52 морь оролцохоор байсан ч үзэгчдийн тоо хэт олширч, эмх замбараагүй байдал үүссэн тул эцсийн мөчид уралдааныг хойшлуулжээ. Үзэгчид уралдааныг өндрөөс харахын тулд хэдэн арваараа цахилгааны шон руу хүртэл авирсан байсныг гэрэл зургаас харах боломжтой.Уралдааны ялагчид 1-2 сая рупигийн үнэтэй автомашин бэлэглэнэ гэдгээ сүйт бүсгүйн эцэг өнгөрсөн долоо хоногт цахим хуудсаараа зарлаад байсан юм. Мөн хоёр, гуравдугаар байрны оролцогчдод мотоцикл, скүүтер өгөхөөр зэхжээ. Хойшлогдсон уралдаан ердөө маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр болсон байна.
Сүйт бүсгүй Шиванги нь Делигийн их сургуулийг төгссөн нэгэн. Тэрбээр хуримын ёслолд Ланд крузер машинаар хүрэлцэн ирсэн бол хүргэн Ришикеш Кумар 151 машины цуваатай иржээ.
Сүйт бүсгүйн эцэг, хууль тогтоогч Анант Сингх ч бас сүр дуулиантай ирсэн байна. Бичлэгээс харвал тэрбээр олон зуун дэмжигчээрээ хүрээлүүлэн, машиныхаа онгорхой дээврээр цухуйн далласаар иржээ. Түүний хүрч ирсэн байр байдал нь хүргэн хүүгийнхээс ч сүржин байсныг олон нийт ярьж байгаа аж.
Анант Сингх хүргэндээ 23 сая рупигийн үнэтэй автомашин болон алт, мөнгө зэрэг үнэтэй бэлэг өгсөн байна.
Хуримын нийт зардал хэд болсныг одоогоор тооцоолсон зүйл үгүй байна. Мэдээж энэ хуримыг 2024 онд болсон Анант Амбанигийн хуримтай харьцуулах аргагүй. Анант Амбани бол Азийн хамгийн баян хүн Мукеш Амбанигийн бага хүү. Гэсэн ч гурван иргэн тутмын нэг нь хэт ядуу гэгддэг мужид ийм дээд зэрэглэлийн хурим зохион байгуулсан нь ярианы сэдэв болж байна.
Бихар мужийн хууль тогтоогч Нераж Кумар энэ хуримын зардал хаанаас гарсныг мөрдөн шалгахыг уриалжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.