0

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын 115 дугаар километрт байрлах Шинэ өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК 2026 оны наймдугаар сард эхлүүлж, гурван сарын хугацаанд гүйцэтгэлээ.
Энэ хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хуучин төмөр замын доод болон дээд бүтцийг буулган, батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн барьж, 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Толгойт–Сонсголон хоорондын гол замтай холбосон юм.
Тус төмөр зам нь III зэрэглэлийн, 1520 мм царигтай, 25 тоннын голын даацтай бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх тооцоот хүчин чадалтай.
Бүтээн байгуулалтын хүрээнд 1.07 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэж, 179.2 урт метр гүүрэн байгууламж, таван ус өнгөрүүлэх хоолой барьж байгууллаа.
ҮНДЭСНИЙ 13 АЖ АХУЙН НЭГЖ, 400 ГАРУЙ ИНЖЕНЕР, АЖИЛТАН ОРОЛЦЛОО
Шинэ өртөө–Толгойт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 13 аж ахуйн нэгж, 400 гаруй инженер, техникийн болон бусад ажилтан, тэдгээрийн дотор орон нутгийн 260 гаруй иргэн оролцож, 150 гаруй машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 24 цагийн тасралтгүй зохион байгуулалтаар ажиллалаа.
НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙГ НИЙСЛЭЛИЙН ТӨВӨӨР ДАМЖУУЛАХГҮЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА
Шинэ төмөр замаар нүүрс тээврийн галт тэргийг аялуулсан нь нийслэлийг тойрсон ачаа тээврийн шинэ маршрут бодитоор хэрэгжиж эхэлж буйгаараа онцлог юм.
Ингэснээр Улаанбаатар хотын зүүн хэсгээс баруун хэсэг хүртэл нүүрс тээврийн галт тэргийг хотын төвөөр нэвтрүүлэхгүйгээр тээвэрлэх, дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, эрчим хүчний салбарын өвлийн оргил ачааллын үеийн найдвартай ажиллагааг дэмжих ач холбогдолтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.