0
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр (2024.12.19) болсон. Уг хуралдаанаар "Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, цахилгаан эрчим хүчний тарифын өсөлт, эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай, аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ"-ний талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонссон юм.
Б.Чойжилсүрэн сайд сэргээгдэх эрчим хүчний талаар танилцуулахдаа,
"Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал нь 311 МВт байгаа бөгөөд үүнээс 130 МВт-ын нийлбэр чадал бүхий нарны 10 цахилгаан станц, 155 МВт-ын 3 салхин цахилгаан станц, 26 МВт-ын 6 усан цахилгаан станц сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг байна. Эдгээр эх үүсвэрээс 2023 онд нийт 772.6 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлснийн тэрбээр дурдав.
Эдгээр нарны цахилгаан станцаас нэгдсэн сүлжээнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 483-588 төгрөг (14.2-17.3 цент)-өөр, салхин станцаас 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 320-323 төгрөг (9.4-9.5 цент)-өөр тус тус худалдан авч байгаа нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэн нийлүүлж буй дундаж тарифаас 4-6 дахин өндөр" гэлээ.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2015, 2019 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн тарифын дээд хязгаарыг нарны станцын хувьд 1 кВт.ц нь 0.12 ам.доллар, салхин цахилгаан станцын хувьд 0.085 ам.доллар хүртэл байхаар доод хязгааргүй болгожээ.
Мөн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийг Эрчим хүчний яамнаас тогтоосон техникийн нөхцөл, нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх үнийн саналаар өрсөлдүүлэн шалгаруулах зохицуулалттай болсон. Тус хуулийн дагуу Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 200 МВт хүртэлх нарны цахилгаан станц, нийт 300 МВт-ын салхин цахилгаан станцын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар эрчим хүчний системийн техникийн боломж, ирээдүйн төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эрчим хүчний сайд үргэлжлүүлэн эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийн талаар танилцууллаа.
Эрчим хүчний сайдын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/210 дугаар тушаалаар “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл боловсруулах болон эрчим хүчний салбарын үнэ тарифын өөрчлөлтийн асуудлаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан гэв.
Эрчим хүчний салбарын үнэ тарифын шинэчлэлтийн бодлогыг Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцтай уялдуулах, индексжүүлэх талаар саналыг боловсруулан Засгийн газар, Улсын Их Хурлын зарим гишүүнд танилцуулж, эхний удаад салбарын алдагдлыг бууруулах байдлаар үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн.
Олон нийтэд эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлын мэдээ мэдээллийг хүргэх кампанит ажлыг 10, 11 дүгээр сард зохион байгуулснаа дурдав.
Мөн Монгол Улсын онцлогт тохирсон, эрчим хүчний салбарын реформыг хэрхэн хэрэгжүүлэх талаар эрдэмтэн судлаачид, зөвлөх мэргэшсэн инженерүүд, салбарын үе үеийн удирдах ажилтнууд болон одоо үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын удирдлага, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан олон талт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа гэв. Эдгээр зөвлөлгөөний үр дүнд салбарын реформыг үнэ тарифын шинэчлэлт хийх; салбарын бүтцийн реформ хийх гэсэн 2 үе шаттай хэрэгжүүлэхийг зөвлөжээ.
Эхний ээлжинд салбарын алдагдлыг өртгөөрөө нөхөх хэмжээнд хүргэх, хэрэглэгчийн тарифыг эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөгт нь нийцүүлэх, цаашид тогтмол индексжүүлж байхаар шийдвэрлэн, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний дундаж тарифыг 30 орчим хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ дурдав. Хэрэглэгчийн цахилгаан, дулааны үнийн тарифт өөрчлөлт орж, цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын цахилгааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр төлөвлөсөн гэв. Тухайлбал, цахилгааны дундаж тариф 1 кВт.ц 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож 29.6 хувиар, дулааны тариф 1 ггкк.ц нь 33900 төгрөг байгааг 63000 төгрөг байгааг 85.9 хувиар нэмж байгаагийн зэрэгцээ айл өрхийн хэрэгцээнээс хамаарсан шаталсан тариф, оргил цагийн тариф нэвтрүүлэх зэрэг, тарифын шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа гэв.
2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нүүрсний уурхай болон эрчим хүчний үйлдвэр, компаниуд нийт 355 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоотой байсан бөгөөд улсын төсвийн 2024 оны тодотголоор 131 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос гадна тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор борлуулалтын орлого 63 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улмаар алдагдлын хэмжээ 161 тэрбум төгрөг болж буурах тооцоололтой байгааг Байнгын хороонд танилцуулсан. Цаашид ирэх онд нүүрсний уурхай, төмөр замын тээврийн салбар, эрчим хүчний салбар алдагдалгүй болж эрчим хүчний салбарын урт хугацаат зээл хэвийн төлөгдөж эхлэх бөгөөд 2025 оноос үнэ тарифын индексжүүлэлт хэрэгжүүлснээр эрчим хүчний салбарын өр төлбөрийг 3 жилийн хугацаанд буюу 2027 онд барагдуулах боломжтой гэж мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.