0
Шадар сайд Т.Доржханд ахынхаа дүүг Санхүүгийн зохицуулах хорооны удирдах албан тушаалд суулгахаар улайрч эхэлжээ.
Тодруулбал, Өнөөдөр (2025.01.15) Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооны бүх түвшний удирдах албан тушаалтныг шинээр томилж байгаа юм. Гэтэл уг хуралдааныг хаалттай хэлэлцэхээр болжээ.
Энэ нь Шадар сайд Т.Доржханд өөрийн ойрын хамаатнаа багтаахаар зүтгэж эхэлсэнтэй холбоотой гэх мэдээлэл байна.
Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж гэж хүн бий. Т.Лувсандоржийн хүү Л.Сонор Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир "Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийн томилгоог хаалттай хэлэлцэнэ гэнэ. Яагаад хэдэн хүний томилгоог хаалттай хэлэлцэх гээд байгаа юм?
Ямар хүмүүс байгааг иргэд мэдэх эрхгүй гэж байгаа юм уу. Т.Доржханд хамаатнаа томилуулж байгаа болохоор хаалттай болгож байгаа юм уу" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Л.Сонорын тухайд, АНУ-ын Такома коммюнити коллежийн Бизнесийн удирдлага, АНУ-ын Вашингтоны их сургуулийн Санхүү бизнесийн удирдлагын зэрэгтэй аж. Тэрбээр 2015-2022 онд Сангийн яаманд Санхүүгийн бодлогын газарт зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн даргаар тус тус ажилласан байна.
Сануулахад, саяхан Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан автомашины албан журмын даатгалыг нэмэх тогтоолтой холбоотой асуудал олны шүүмжлэлийг дагуулсан билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.