dobu.mndobu

Германд Хэллоуины амттан чихэрнээс зүү, хадаас илэрч, есөн настай охин гэмтжээ

Германд Хэллоуины амттан чихэрнээс зүү, хадаас илэрч, есөн настай охин гэмтжээ

Германд Хэллоуины баяраар хүүхдүүдийн цуглуулсан амттан дотроос зүү, хадаас, шураг зэрэг хурц үзүүртэй төмөр зүйлс илэрсэн тохиолдлууд олноор бүртгэгдэж, цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг хүргүүлжээ.

Тухайлбал, Доод Саксони мужийн Бремерфёрде хотод есөн настай охин Хэллоуины баяраар цуглуулсан шоколадтай амттан идэх үедээ хэлээ гэмтээсэн байна. Шалгалтаар тухайн амттаны дотроос таван сантиметр орчим урттай төмөр зүү илэрчээ.

Үүнтэй төстэй тохиолдлууд Ханновер, Бремен, Зальцгиттер болон Бавари, Тюринг зэрэг Германы хэд хэдэн бүс нутагт бүртгэгдсэн байна. Зарим амттанаас оёдлын зүү, хадаас, шураг болон үдэгчийн төмөр олджээ. Түүнчлэн нэгэн эмэгтэй дэлгүүрээс худалдан авсан шоколаднаасаа зүү илрүүлсэн тухай цагдаад мэдэгдсэн байна.

Зарим тохиолдолд хүүхдүүд амттанаа идэхээс өмнө сэжигтэй зүйлсийг анзаарч, гэмтэхээс сэргийлж чадсан бол Бремерфёрде хотын охин хэлээ гэмтээсэн цөөн тохиолдлын нэг болжээ.

Цагдаагийн байгууллага эдгээр хэргийг санаатайгаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа бөгөөд зарим тохиолдолд бусдын эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулахыг завдсан байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогоор амттанд төмөр зүйлс хэрхэн орсон, хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа аж.

Иймд цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ цуглуулсан амттаныг идэхээс өмнө нэг бүрчлэн шалгахыг зөвлөжээ. Ялангуяа сав баглаа боодлын цооролт, гэмтэл, амттан дээрх сэжигтэй нүх болон гаднын биет байгаа эсэхийг анхаарахыг сануулсан байна.

Сэжигтэй амттан илэрвэл хүүхдэд өгөхгүй байх, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхааруулжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.