dobu.mndobu

СУРВАЛЖИЛГА: Хамгийн үзэмжтэй, хямд гарын бэлгийг үндэсний үйлдвэрлэгчид бүтээж байна

СУРВАЛЖИЛГА: Хамгийн үзэмжтэй, хямд гарын бэлгийг үндэсний үйлдвэрлэгчид бүтээж байна

Та цагаан сараар зочиндоо өгөх гарын бэлэг ээ бэлдсэн үү. Монголчууд ихэвчлэн олон хүнд хүртээх гээд оймс, шоколад гэх мэт бэлгийг бөөндөж аваад мөнгөн дэвсгэрттэй хамт өгөх нь түгээмэл.


Цагаан сараар бид 1.3 их наяд төгрөг гадагш урсгадаг гэсэн судалгаа бий. Тэгвэл энэ мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэхийн тулд сүүлийн гурван жил “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй. Энэхүү үзэсгэлэн худалдаанд үнэхээр л “хүний хэрэгцээ цөм багтсан”. Хүнс, хувцас, эдлэл хэрэглэлийг түр орхиод гарын бэлэгт тохиромжтой зарим зүйлсийн талаар сурвалжиллаа.


Хамгийн чанартай, үзэмжтэй, хямд “даалин”


“Бэлт богц” арьсан урлалын брэнд бүтээгдэхүүнийг сонирхлоо. Үзэсгэлэнд 50 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаагаас хамгийн эхэнд анхаарал татсан нь “арьсан даалин”. Даалингийн ард монгол зурхайн 12 жилийг урлаж, нүүр талд нь дөрвөн хүчтэнг дүрсэлжээ. Нимгэн, хөнгөн үзэмж сайтай, чанартай энэхүү даалинг бэлэгт авсан хэний ч сэтгэл дүүрэн байх болов уу. Үнийн хувьд хээ, өнгөнөөс хамаарч 30-35 мянган төгрөг байна. Аль нэг худалдааны төвөөс эрэгтэй хүнд өгнө гээд хуулбарласан үнэртэй ус, оймс зэргийг авснаас л хямдхан өртгөөр авах боломжтой. Мөн тус брэндийн зүгээс арьсан бүс, тэлээ, цүнх, гар утасны цүнх зэргийг ч урласан байлаа. Үнийн хувьд 30-180 мянган төгрөг. 

 

Сэтгэл, зүтгэл шингэсэн гар урлалууд


Хөгжлийн эрхшээлтэй иргэдийн урласан бараа бүтээгдэхүүнийг сонирхлоо. Танхим дүүрэн лангуунаас онцгойлон нүдэнд туссан бүтээгдэхүүн энд байсан юм. Төрөл бүрийн өнгөтэй, ууттай, хайрцагтай, гэрэлтэй гээд л. Гар урлалын олон төрлөөр хийсэн сонирхолтой зүйлсийг хамгийн хямдаар авах боломжтой аж. Жишээлбэл, шууд бэлэглэх боломжтойгоор савласан лаа, хэлбэрт оруулсан гоёмсог лаа, саван давсан урлал болон гар аргаар нэхсэн аяга таваг угаач, утасны цүнх, даавуун цүнх гэх мэт. Эдгээрийн үнэ хэмжээнээс хамаарч 10 мянган төгрөгөөс эхэлнэ.

 

Байгалийн цэвэр бүтээгдэхүүн, бас хамгийн хөөрхөн савлагаа


“Шим” брэндийн адууны тосыг мэдэхгүй хүн ховор биз. “Шим” брэндийн хамт олон энэ удаад сар шинийн баярт зориулсан зуун хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ дэлгэсэн байна. Лангууны өмнө очоод л барьж үзмээр санагдах ямхын чинээ гарын саван. Гадуураа жижиг цаасан уут бүхий савлагаатай байгаа нь гарын бэлэгт хамгийн сайн тохирч болохыг илтгэнэ. Эдгээр саван нь арьсанд чийгшил өгч, уян хатан чанарыг сайжруулдаг онцлогтой, зуун хувь эко бүтээгдэхүүн юм. 


Мөн энэ нь олон төрөл бөгөөд “барагшунтай саван”, “хар саван”, хонины сүүлтэй саван” гэх мэт.  Цаашлаад гоёмсог ванны бөмбөлөг ширхэг нь 5000 төгрөг, багцдаа дөрвөн ширхэгтэй нь 15000 төгрөг. Мөн ванны давс, сүү, саван, эмчилгээний чацарганатай тос зэргийг багтаасан бэлгийн багц нь ердөө 12-14 мянган төгрөгийн үнэтэй байв. 

 

Хоёр давхар хатаалт бүхий модон эдлэл 10-50 мянган төгрөг

Эко модон эдлэлийн хэсэгт олон жил энэ чиглэлээр дагнан үйлдвэрлэл явуулж буй “Эко гар утасны тавиур” хамт олон байлаа. Энд 10 мянган төгрөгөөс эхлээд 80 мянган төгрөгийн үнэтэй бүх төрлийн сайн чанартай модон эдлэл байлаа. Бэлэгт өгөх боломжтой гэвэл нээгдэж хаагддаг үзгийн тавиур 25 мянган төгрөг, утасны тогтоогч 10 мянга, одонгийн хайрцаг 20 мянга, тагны тавиур гэх мэт эд зүйлс харагдана. Эдгээрийг цөм хоёр дахин уурт хатааж тосолсон өндөр чанартай модоор урласан гэлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд талбайн түрээсгүй оролцож байгаа тул бүх бараагаа 5000 төгрөгөөр борлуулж буй гэнэ. Тиймээс та 10 төгрөгт л нэгээс хоёр хүний бэлэг авах боломжтой гэсэн үг.

 

Энэ мэтчилэн 1000 гаруй аж, ахуй нэг, үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Хямд үнэтэй хэр нь чанартай гарын бэлгүүдийг худалдан авснаар нэгдүгээрт авсан хүнийхээ хэрэглээ, хэрэгцээг бүрэн хангана, хоёрдугаарт үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж байгаа хэмээн худалдаа эрхлэгчид онцолж байлаа. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.