0
Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор ой хээрийн түймрийн тохиолдол нэмэгдэж байна. Онцгой Байдлын Ерөнхий Газраас ой хээрийн түймрийн эрсдэл, гал түймрээс урьдчилан сэргийлэх асуудлаар өнөөдөр (2025.03.10) мэдээлэл өглөө. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:
- "2025 оны гуравдугаар сарын 9-ны өдөр Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай нийт 11 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Он гарсаар гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан суманд бүртгэгдсэн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт суманд нийт 10 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдсэн. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Арцат суманд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллага, хил хамгаалах байгууллагынхан ажиллаж байна. Одоогоор хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна. Бусад түймрийг бүгдийг нь унтраасан. Архангай аймгийн Хайрхан сум, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Зүүн аймгуудад хуурайшилт эрт эхлэх нөхцөл байдлыг үндэслэж албан даалгавар хүргүүлж онцгой байдлын байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллаж байна.
Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар хээрийн 71.495 га талбай, 16 гэр, 22 хашаа саравч, хоёр автомашин, 2100 боодол өвс түймэрт өртсөн бөгөөд хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байна.
Өчигдөр буюу 09-ний өдөр гарсан 14 удаагийн ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар 4 буюу 28.5% нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, 2 буюу 14.2% нь гэрийн яндангаас, 2 буюу 14.2% нь ил галаас үүсвэрлэн гарсан бол 6 буюу 43.1% нь шалтгаан тогтоогдоогүй байгаа юм.
Мөн Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн гал түймрийг цурманд оруулаад байна. Гал түймэрт урьдчилсан байдлаар айлын гэр, малын хашаа саравч, 18.880 га талбай өртөөд байгаа бөгөөд унтраахаар ажиллаж буй түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байна. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, орон нутгийн нийт 375 хүн, 60 автомашинтайгаар ажиллаж байна" гэлээ.
Нийт түймрийн хоёр удаагийн түймэр айлын яндангийн цогноос, нэг түймэр айлын өвөлжөө бууцыг санаатайгаар шатааснаас гал түймэр гарсан мэдээлэл иржээ. Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.