0
Инфляц хоёр оронтой тоо руу дөхсөн энэ үед Монголбанк бодлогын хүүгээ 12 хувь болгож, ус, дулааны үнийг нэмэх шийдвэр гарсанд иргэд бухимдаж буй. Тэгвэл энэ талаар эдийн засагч Л.Оюунтай ярилцлаа.
-Монголбанк бодлогын хүүгээ 12 хувь болголоо. Төв банк бодлогын хүүгээ өсгөх гол шалтгаан нь юу байсан бэ?
-Бодлогын хүүг өсгөж байгаа зорилго нь гүйлгээнд байгаа мөнгөө татах гэж байгаа юм. Яаж татдаг вэ гэхээр бодлогын хүүгээ өсгөчихөөр арилжааны банкууд өндөр хүүтэй Монголбанкны бондыг авдаг. Бондоо аваад мөнгөө тийш нь байршуулчихаар зээлд гаргах мөнгө нь багасдаг. Ингээд гүйлгээнд байгаа мөнгөө багасгана. Яагаад гүйлгээнд байгаа мөнгөө багасгах гэж байгаа вэ гэвэл инфляцтай холбоотой. Инфляц өсөх гээд байгаа учраас гүйлгээнээсээ мөнгөө татъя гэдэг бодлого барьж байна. Төв банкны мөнгөний бодлогодоо барьсан хувь давчихлаа. Тийм учраас зорилгоос нь өндөр инфляц гараад ирэхээр тэрийг зогсоохын тулд бодлогын хүүгээ өсгөж байгаа.
-Инфляцыг өдөөж байгаа гол шалтгаан юу вэ?
-Цахилгаан, дулааны үнэ шүү дээ. Цахилгааны үнэ үнэхээр өндөр өссөн. 30 хувь гэж төлөвлөж байсан. Монголбанкны тайлбарлаж байгаагаар инфляцыг нэг хувиар өсгөнө гэж төсөөлж байсан. 6.5 байсан бол 7.5 болно гэсэн чинь цахилгааны үнэ бараг 100 хувь, хэд дахин өсөөд байгаа учраас инфляцад нөлөөлчихлөө гэдгийг Монголбанк хэлээд байгаа шүү дээ.
-Энэ нь цаашид эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Инфляц хоёр оронтой тоо руу ороод ирэх юм бол эдийн засаг хямрах эхний алхмыг тавьж эхэлдэг. Юмны үнэ өснө. Орлого нэмээд өсөж байх юм бол худалдан авалтад нөлөөлөхгүй. Гэтэл орлого өсөхгүй байгаа учраас худалдан авалтад нөлөөлөөд орлого багасна. Өөрөөр хэлбэл, бараагаа борлуулж байгаа ААН-үүдийн орлого багасна. Тэдний цар хүрээ нь хумигдаж эхэлнэ гэсэн үг. Энэ нь хямралын эхний тэмдгүүдийг гаргаад ирж байна гэж ойлгож болно.
Ард түмний хувьд амьжиргаанд нь сөрөг нөлөөтэй. Орлого өсөөгүй, юмны үнэ өсчихсөн. Идэж уух юм нь энгийнээр хэлбэл багасна гэсэн үг.
-Ус, дулааны үнийг нэмэхээс өөр гаргалгаа байж болох уу?
-Бололгүй яах вэ, болно шүү дээ. Ганцхан энэ бол гаргалгаа огт биш. Төсвийн алдагдал байхаар ард түмнийхээ нуруун дээр үүрүүлчхээд тэр алдагдлаа нөхнө гэдэг бодлого явуулж байж ерөөсөө болохгүй. Ямар ч эдийн засгийн эцсийн ганцхан зорилго байдаг. Тэр нь ард түмнийхээ амьжиргааны түвшнийг дээшлүүлэх. Ингээд л болоо. Гэтэл эдийн засаг маань өнөөдөр ард түмнийхээ амьжиргааны түвшнийг дээшлүүлж байна уу, доошлуулж байна уу гэдгээс Засгийн газарт дүн тавьж болно л доо. Дээрээс нь татварын асуудал гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр маш алсын хараатай бодлого явуулах хэрэгтэй.
Миний харж байгаагаар 14 мега төсөл их зөв. Энэ бас л хугацаа шаардана. Энийг яг зорьсноороо явуулчих юм бол эдийн засгийг яваандаа гайгүй бариад авч чадах байх гэж бодож байгаа. Энэ дээр хоёр юм байгаад байгаа юм. Яг Засгийн газрын төсөв хөрөнгөөр энэ 14 төслийг явуулж чадахгүй. Үүнд маш их мөнгө шаардагдана. Олон улсад байдаг аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Тэр нь ямар арга байдаг вэ гэхээр энэ мега төслийг явуулахад гаднын хоёр, гурав, дөрөв дэх орнуудтай хамтраад хамтын хөрөнгөөр энийг босгох юм бол цаг хугацаа хожно, хөрөнгө хэмнэнэ, эрсдэлээ хуваана. Төсөл олон улсын оролцоотой байгаа болохоор бие биедээ хяналт тавиад явуулчихна. Идэж, ууж дундаас нь мөнгө завших нүх сүв нь хаагдана. Их олон талын ач холбогдолтой.
Тэгэхээр бид зөвхөн гаднаас мөнгө зээлээд энэ төслийг явуулаад байх нь гол биш. Харин зээлэх мөнгөнийхөө оронд гаднын орнуудын хөрөнгийг татаж оруулж ирэх арга замыг хайвал их зүгээр гэж харагдаад байгаа юм.
-Валютын ханшийн өсөлт улам чангарч, төгрөгийн худалдан авах чадвар суларсаар байх төлөвтэй байна. Нүүрс тээвэр зогссон нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Валютын ханш өсөж байна гэдэг нь үнэ өсөж байна гэсэн үг. Тэгэхээр зах дээр байгаа долларын хэмжээ Монголын зах зээл дээр багасаж байна гэсэн үг. Монголын зах зээл дээр долларыг оруулж ирдэг гол экспорт нь нүүрс байсан. Нүүрсний үнэ буураад борлуулалт нь багасаад эхлэхээр Монгол руу орж ирэх долларын урсгал багасангуут төгрөгийн эсрэг ханш нь чангараад эхэлж байна гэсэн үг.
-Монголбанкнаас инфляцыг нэг оронтой тоонд барих боломж бий юу?
-Яг энэ хэвээрээ явбал байхгүй. Энэ чигээрээ гэдэг нь цахилгааны үнийг хэлж байна. Цахилгааны төлбөр ингэж өсөж байгаа үед инфляцыг нэг оронтой тоо руу барихад их төвөгтэй болно. Нэг өсчихсөн инфляц буцаж буухдаа их удаан байдаг. Тийм болохоор нэг оронтой тоо руу оруулахад хугацаа шаардагдана. Тийм амархан доошоо буухгүй.
Тэгэхээр богино хугацаандаа боломжгүй. Урт хугацаандаа хэрэв зөв бодлого явуулаад байвал магадгүй.
-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн даруйдаа Канад, Мексик, Хятад зэрэг улсын импортын бараанд гаалийн татвар ногдуулахаар болсон. Түүний энэхүү мэдэгдэл дэлхийн зах зээлд хүндхэн дохио өгч байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Дэлхий хавтгай болчихсон, даяарчлагдчихсан. Тэгэхээр Монгол орны эдийн засагт маш олон хүчин зүйл нөлөөлнө. Зөвхөн дотоодоосоо юм хамаарахаа байсан. Тэр дундаа Хятад Улс манайд их хүчтэй нөлөө үзүүлдэг. Хятадын бараа үнэд ороод эхлэх юм бол манай бараа дагаад үнэд орно буюу юмны үнэ өсөхөөр инфляц өсдөг. Тиймээс энэ нь инфляцыг өсгөхөд бас нэгэн хүчин зүйл болчихно гэж харж байгаа.
Манай улс импортоороо Хятад улс руу нүүрсээ оруулаад 91 хувь, экспортоороо 60 хувийн хамааралтай байдаг шүү дээ.
-АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн тарифын шийдвэр Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулж, ДНБ-ий өсөлтийг 2025 онд 4 хувь, 2026 онд 3.5 хувьд хүрнэ хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Өнгөрсөн онд тус улсын ДНБ-ий өсөлт 5.4 хувьд хүрсэн. Тэгэхээр энэ шийдвэр удаан хугацаанд үргэлжилбэл Хятад улсад хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?
- Доналд Трампийн энэ бодлого Хятад улсыг шууд эдийн засгийн өрсөлдөгчөө гээд зарлачихсан шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн хувьд энэ хоёр улс өрсөлдөнө. Зах зээлээ булаацалдана. Хятадын эдийн засаг дэлхий дээр хүрээгүй улс орон байхгүй. Хаана ч очсон Хятад улсын бараа таваар байж л байдаг. Тиймээс Хятад ганцхан Америкийн явуулж байгаа бодлогоос хамаараад эдийн засаг нь өөрчлөгдөөд байхгүй байх. Өөрөө эдийн засгаа тогтвортой эдийн засгаа аваад яваад байж чадна. Маш том эдийн засаг шүү дээ. Тийм болохоор яг АНУ-ын явуулж байгаа бодлого шууд нөлөөлнө гэхэд бас нэлээд хугацаа хэрэгтэй л байх.
-Хэрэв гаднын энэ бодлого цаашид үргэлжилбэл манай улс ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Нөхцөл байдлыг харгалзаж үзээд айхтар өвөрмөц бодлого явуулах хэрэгтэй. Их онцгой арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай улсын хөгжлийн түвшин бусад улс орноос их өөр шүү дээ. Эдийн засгийн онцлог нь бас их өөр. Манайх хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай түшиглэсэн өрөөсгөл эдийн засагтай орон. Яг манайхтай адилхан эдийн засагтай орон байхгүй шүү дээ. Тэгэхээр яг манай оронд тохирсон тийм бодлогыг явуулж чадах юм бол эдийн засгаа цааш нь хөгжүүлж чадна. Өөрөөсөө хамаарах юм нь бага болчхоод байгаа юм. Энэ л асуудал.
-Хөрөнгө оруулалт татахад гаднын улсууд манай улсад итгэх болов уу?
-Одоохондоо бол гайгүй байгаа. Олон улсад Монгол Улсын ретинг тогтвортой байгаа. Хэд хэдэн байгууллагууд янз янзаар үнэлдэг юм. Гэхдээ дунджаараа бол тогтвортой гэж үнэлэгдэж байгаа. Үүнд гол нөлөөлдөг зүйл нь Засгийн газрын тогтвортой байдал байдаг. Тэгэхээр энэ Засгийн газар олон намын оролцоотой болохоор нэлээд тогтвортой байх магадлал өндөр гэдгийг гаднын хүмүүс харж байгаа. Тэгээд хөрөнгө оруулалтаа оруулна гэж бодох ёстой. Дээрээс нь хөрөнгө оруулахад заавал ашиг харна. Харилцан ашигтай байх орчныг бүрдүүлэх тэр тал дээр л их анхаарвал зүгээр байна.
-Инфляцыг бууруулах энгийн шийдэл нь таны хувьд юу гэж харж байна вэ?
-Одоогийн энэ инфляцыг “зардлын инфляц” гэж нэрлэж байгаа юм. Зардал өссөн учраас инфляц өссөн. Зардал гэдэг нь нөгөө цахилгааны үнээ л хэлж байгаа юм. Дээхэн үед "хүлээлтийн инфляц" байсан. Хүлээлт гэдэг нь юмны үнэ өсөх байх гэдэг хүлээлтээс инфляц өсдөг байсан бол өнөөдөр зардлын инфляц гараад ирлээ. Тэгэхээр зардлын инфляцыг бууруулахын тулд дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрээ өсгөхөд л гарц нь байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.