0
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон З.Дашдаваагаас асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан:
-Авлигатай тэмцэх байгууллагын мөрдөгчид, тухайлбал Хөгжлийн банкны хэргийг шалгахад нэг мөрдөн байцаагч 200,000 хавтаст хэрэг бүрдүүлж нэлээд нүсэр ажил болдог. Гэтэл шүүх дээр очихоор 60 орчим хувь нь хэрэгсэхгүй болоод байна. Яагаад ийм болоод байгааг та юу гэж бодож байна вэ.
Прокурорын мэргэжлийн ур чадвар муу байна уу. Эсвэл танай боосон хэргийг улсын яллагч тааруу харж шийдэж байна уу. Эсвэл хууль тогтоомжийн зохицуулалт муу, хэрэглэхэд ойлгомжгүй байдлаас болж байна уу. Шүүхийн хараат бус байдал энд алдагдаад байна уу. Ер нь та Ерөнхий прокурортой цаашид зургаан жил яаж хамтарч ажиллая гэж бодож байна вэ. Энэ асуудалд анхаарна уу.
АТГ-ын дарга З.Дашдаваа:
-Авлига, албан тушаалын гэмт хэрэг өөрөө ажиллагаа их шаарддаг. Гадаад, дотоодын эрх зүйн туслалцаа, харилцаанаас эхлээд нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах үйл ажиллагаа нэлээд төвөгтэй, ээдрээтэй явдаг. Тиймээс бид прокурорын байгууллагатай нягт хамтарч ажилладаг.
Өнөөдөр манай байгууллагын мөрдөн байцаах албыг Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтэс хариуцан хяналт тавьж байгаа. Тэр хэлтсийн прокурорууд бол авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөх, хянах чиглэлд мэргэшсэн хүмүүс. Тийм учраас хэрэг юу юугүй шүүх дээр очоод цагаадах асуудал харьцангуй гайгүй. Гэхдээ ганц нэг тохиолдол бий. Энэ асуудалд ямар нэгэн тайлбар хэлэх боломжгүй. Шүүхийн хараат бус байдал. Прокурор, мөрдөх байгууллагууд бололцооныхоо хэрээр хэргийг мөрдөж, батлаад шүүхэд өгч байна. Эцсийн шийдвэрийг шүүх гаргаж байгаа. Хэрэг цагаадаад, асуудал нэг талдаа гараад байгаа тохиолдол харьцангуй бага байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.