dobu.mndobu

Х.Нямбаатар Монголын барилгын салбарыг элгээр нь мөлхүүлэхээр шийджээ

Х.Нямбаатар Монголын барилгын салбарыг элгээр нь мөлхүүлэхээр шийджээ

Х.Нямбаатар Улаанбаатар хотын Засаг даргаар томилогдсоноос хойш бродюр солихоос өөр дорвитой ажил хийсэнгүй. Засгийн газар энэ онд төсвийн дийлэнхийгээ бүтээн байгуулалтад зарцуулахаар “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Харамсалтай нь бүтээн байгуулалтын жилийн хүрээнд Монголын барилгын салбарынханд хийх ажил олдохгүй нь. Учир нь нийслэлийн хойд хэсэг буюу Долоон буудал, Чингэлтэйн эх, Салхит хавийн газрыг чөлөөлж, Сэлбэ дэд төвийн барилгын ажлыг эхлүүлэх гэж байна.

Сэлбэ дэд төв орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 827 тэрбум төгрөгийн хоёр багц тендер зарласан. Тус тендерт нь БНХАУ-ын компаниуд шалгарсан нь Монголын барилгачид ажилгүй боллоо гэх асуудлыг дагуулж эхлээд байгаа юм.

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар "Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор хорооллын тендерийг хоёр үе шаттайгаар зарласан ч монгол компаниуд оролцох боломжгүй болгосон байна. Тендерийн нийт дүнг хэт өндөр тогтоосон. Мөн тендерийг бүхэлд нь нэг багцаар зарласан нь үндэсний компаниудын оролцоог хааж байгаа хэрэг. Хэсэгчлэн хувааж зарласан бол олон компани хамтран оролцох боломжтой байсан. Тендерийн шаардлагадаа 2020, 2021, 2022 эсвэл 2023 оны аль нэг жилд 130 тэрбум төгрөгөөс дээш орлоготой ажилласан байх ёстой гэсэн байна. Гэтэл цар тахлын дараах эдийн засгийн хямралаас үүдэн энэ салбар хүнд нөхцөлд орсон.

Тендерт гадаадын компанийг оролцуулах боломжийг нээсэн бөгөөд урьдчилгаа төлбөр олгохоор тусгасан. Харин монгол компаниуд банкнаас 30 хувийн зээл авч байж оролцдог, урьдчилгаа төлбөр бараг олддоггүй. Монголын 5000 орчим барилгын компани нийлээд ч энэ тендерт оролцох боломжгүй байдалд байгаа" талаар мэдэгдээд байсан.

Товчхондоо, зөвхөн мөнгөтэй хятад компаниудад ажил өгөхийн тулд Хотын дарга Х.Нямбаатар босгыг нь тултал тавьж өгсөн байгаа юм. Тэр нь тендер зарлахдаа 450 тэрбум, 350 тэрбумаар багцалж, үндэсний барилгын компаниудаа зориуд золигт гаргахаар шийдэж.

Монголчууд барилга бариад сурчихсан. Ямар ч хорооллыг бариад ашиглалтад оруулчихаж чадахаар чадвар, дадлага, туршалагатай болсон. Харамсалтай нь Хотын удирдлагуудын дотоодын компаниудаа хавчиж, хяхсан энэ үйлдэл нь Монголын барилгын салбарыг элгээр нь мөлхүүлэх шийдвэр байсан гэж шууд уншигдана.

Дотоодын барилгын ямар ч компани дааж давшгүй өндөр босго тавьсан тус тендерт 15 хятад компани саналаа өгсөн харагдав. Жилийн 150 тэрбумын босгыг давж гарах компани байхгүй гэдгийг нь мэдэх тул зориуд хийсэн алхам болж таарч байна. Хятад цементний гаалийн татварыг шалан дээр унагаж байгаад дотоодын цемент үйлдвэрлэгчдээ дарж авсан бол энэ удаа дотоодын барилгын салбараа элгээр нь хэвтүүлэхээр шийдсэн нь тодхон байна.

Э.ТЭРГЭЛ

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.