dobu.mndobu

Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ

Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 онд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг байгуулсан. Нийслэл тус компанийн 24 хувийг эзэмшиж байсан юм. Тэгвэл өнөөдөр 55 хувийг эзэмшигч БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, хувьцааг шилжүүлэн авах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдлээ.

Энэ үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэл “Улаанбаатар смарт карт” компанийн зөвхөн 24 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бол өнөөдөр 79 хувийн хувьцаа эзэмшигч боллоо. Одоо бид нийтийн тээврийн U-Money төлбөрийн системийн жил ирэх тусам буураад байсан орлогыг хянах, нийтийн тээврийн үйл ажиллагаа, дата мэдээллийг өөрсдөө хянах боломж бүрдлээ. Түүнчлэн НИТХ-ын тогтоолоор зөвшөөрөл олгосны дагуу “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үлдсэн хувьцааг нийт дөрвөн хуулийн этгээд эзэмшиж байгаа. Бид цаашид эдгээр компанитай хэлэлцээр хийж, уг компанийг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авах ажиллагаа үргэлжилнэ” гэдгийг хэллээ.

Улаанбаатар хотын зүгээс нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж, 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үе шаттай оруулж ирснээс гадна хамгийн сүүлд 10 шинэ автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд үйлчилгээнд явуулж байгаа билээ. Мөн нийтийн тээврийн олон төрөлт төлбөрийн системийг нэвтрүүлж, иргэд банкны картаараа ч нийтийн тээвэрт үйлчлүүлж болох хялбар хэрэглээг бий болгосон юм. Нийтийн тээврийн автобусанд ухаалаг дэлгэц, WIFI суурилуулах, Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулах зэргээр нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, дэвшилтэт технологи, системийг нэвтрүүлэх ажил цаашид ч үргэлжилнэ гэдгийг НЗДТГ-ын дарга Д.Амгалан мөн тодотголоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.