0
Одоогоос 17 жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар “Энержи ресурс” ХХК-ийн мэдэлд байсан Тавантолгойн бүлэг ордын лицензийг эргүүлэн авч, "Ухаахудаг"-ийн лицензийг үлдээсэн байдаг. Тухайн үед Санжийн Баярын толгойлсон Засгийн газар "Ухаахудаг"-ийн ордын лицензийг “Энержи ресурс” ХХК-д өгөхдөө хууль зөрчсөн гэдгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мэдэгдсэн. Тэгвэл тухайн үед чухам ямар яриа хэлэлцээ өрнөснийг сонирхуулъя.
Тухайн үед Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү нарын албаныхан, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж ажлын хэсгийн ахлагч “Энержи ресурс “ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал, “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батсайхан, “Моннис” ХХК-ийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар зэрэг хүмүүс оролцжээ.
Засгийн газар, “Энержи ресурс” ХХК-ийн хоорондох яриа хэлэлцээ 9 удаа болжээ. Хуралдааны тэмдэглэлээс товчлон хүргэе.
Ж.ОДЖАРГАЛ: Улс төрийн хувьд боломжгүй гэж байгаа бол Тавантолгой дахь бүх лицензээ өгье. Тэгээд өөр нэртэй Бортолгой, Ухаахудаг, Бортээгийн лицензээ авч үлдэе. Зөвшөөрөхгүй гэвэл үүнээс цааш тохиролцоо хийх нь ямар ч утгагүй болж байна.
Х.НАРАНХҮҮ: Геологийн хайгуул судалгааг нь харахад авч үлдэнэ гэж санал болгож байгаа гурван талбай Тавантолгойн ордод ороод хамт явж байгаа гэж ойлгож байна. Дээрээс нь нийт нөөцийн 20 хувь болчихоод байна. Тэгэхээр дээрх гурван талбайг бүгдийг өгөх боломжгүй. Харин Бортолгой, Бортээг хоёрын талаар яриа, хэлэлцээ хийж болно.
Ж.ОДЖАРГАЛ: Нийт оруулсан хөрөнгө оруулалт, гаргасан болон хүлээх эрсдлээ ч бодсон ердөө 34 сая тонн коксжих нүүрсний таамаг нөөцтэй, дан эрчим хүчний зонхилсон талбайтай үлдэнэ гэхээр үнэхээр хүлээн авах боломжгүй хувилбар байна.
Х.НАРАНХҮҮ: Бортолгой, Бортээг дээр 1 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөц гэдэг их л юм гэж ойлгож байна.
Ж.ОДЖАРГАЛ: Мэргэжлийн хүний хувьд төр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа талбай дахь нөөцийг төр дангаараа ашиглаж барахгүйг ойлгож байгаа байх. Төрд ямар ч садаа дарамт болохгүйгээр хажууд нь хэсэгхэн талбай дээр үйл ажиллагаа явуулж болохгүй гээд байгаа нь ойлгомжгүй байна.
Х.НАРАНХҮҮ: “Энержи ресурс” ХХК-ийн тавьсан саналаар нийт нөөцийн 25 хувь байх нь 6.4 тэрбум тонн нөөцийн 14 хувь гэж байснаас ч давж магадгүй учраас үндэслэлийг гаргаж тайлбарлах нь хүндрэлтэй учраас Засгийн газрын өмнөөс хэлцэл хийж байгаагийн хувьд үнэхээр боломжгүй гэж үзэж байна.
Ж.ОДЖАРГАЛ: “Энержи ресурс” ХХК-ийн саналыг хүлээн авах боломжгүй гэж байгаа бол зөвхөн Ухаахудаг, Бортээгээ авч үлдэх хувилбар байж болох юм.
Х.НАРАНХҮҮ: Нэг бол Бортолгой, Бортээг хоёрыг, үгүй бол зөвхөн Ухаахудаг гэсэн байдлаар л авч үзэж болох юм. Өөрөөр хүлээн авах боломжгүй гэдгийг илэрхийлье.
Б.ЧУЛУУНБААТАР: Ухаахудаг дангаараа гэвэл нийт нөөцийн 5-6 хувь л болох байх. “Энержи ресурс” ХХК-ийн хувь нийлүүлэгч болох компаниуд хэмжээ, үйл ажиллагааны хувьд жижиг компаниуд биш. Гаргасан хөрөнгө оруулалт, эрсдлээ ч бодсон хүлээн авах ямар ч боломжгүй байна.
Х.НАРАНХҮҮ: Юуны зургаан хувь гэдгээ бодолцоорой. Том юмны зургаан хувь гэдэг жижгийн 100 хувьтай тэнцэж болно гэдэг талаас нь авч үзэхийг хүсье.
Ж.ОДЖАРГАЛ: Энэ бүх хугацааны туршид муу хэлүүлж, цаг, хөрөнгө зарсны дараа ганцхан Ухаахудаг гэвэл анхнаасаа харилцан ашигтай байх, “Энержи ресурс” ХХК-ийг хохироохгүй гэсэн зөрчиж байна. Ганцхан Ухаахудаг гэвэл хохиролтой байна.
Х.НАРАНХҮҮ: 1 тэрбум нүүрсний нөөц гэдэг их нөөц. Надад олгосон эрх мэдлийн хүрээнд дээрх хоёроос өөр санал тавих боломж алга. Засгийн газрын хувьд хамгийн зохистой хувилбар нь Бортолгой, Бортээгийг танайд үлдээх хувилбар.
Ж.ОДЖАРГАЛ: “Энержи ресурс” ХХК-ийн хувьд дандаа буулт хийж ирсэн. Анхны хэлэлцээр бол 14 хувь, дэд бүтцийг хамтран байгуулахаар тохиролцсон байсан. Одоо тавьж байгаа саналаар бол 5-6 хувь хүртэл буурч байна. Манай тавьсан хувилбарууд маш уян хатан байсан. Үүнээс илүү уян хатан байх ямар ч боломжгүй. Хангалттай тооцоо судалгаа хийлээ, цаашид буулт хийх аргагүй байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.