0
МАН-ын Бага хурал улс төрийн хариуцлага тооцох чухал шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газрын гэрээний үүргээс хазайсан улс төрийн хүчнүүдтэй цааш хамтран ажиллах боломжгүй хэмээн үзлээ.
Анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнг “Орлогоо нотол” жагсаал эцэст нь аавынхаа албан тушаалд дөнгө болно гэж хэн санах вэ. Энэ бол улс төрийн хамтын ажиллагааны дэг жаяг, гэрээ хариуцлагын нэг том шалгуур боллоо.
Харин энэ бүхний үр дүнд сөрөг хүчний гол зангилаа болох Ардчилсан Нам (АН) гудамжинд хөөгдөх хувь тавилантай нүүр тулав. Хамгийн эмгэнэлтэй нь, АН-ын дотоод асуудал гаднаас бус, дотроосоо нуралт эхэлж буй явдал юм. Намын дарга Л.Гантөмөрийн сүүлийн үед гаргаж буй шийдвэрүүд, намын гишүүдтэйгээ харилцах харилцаа илт тасарч, удирдлага нь МАН-ын хашаанд “гэр барьсан” гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд цуу биш, баттай үнэн мэт тархаад байна. Ардчиллын тугийг намируулах ёстой хүний байр суурь ингэж гудамжны босго давж, “төрийн том хашаанд” үүрлэнэ гэж хэн төсөөлөх билээ.
Ард түмэн нь хүчтэй сөрөг хүчин бол хэмээн 42 суудал өгсөн бол Ардын намынхаа хормойд зүүгдэн засагт хамтарсан Ардчилсан намынхан ийнхүү гутамшигтайгаар хөөгдөхөөр болж байна. Намынхаа эрх ашгаас урваж, нэр нүүргүй болтол зүтгэж буй даргад хариуцлага тооцох цаг аль хэдийн ирсэн. Өнөөдөр АН-д бодлого хэрэгтэй, бодлогоор удирдах хүн үг сонсдог байх ёстой. Л.Гантөмөр гишүүдийн үгийг сонсохгүй болсон тэр мөчөөс эхлэн АН-ын доторх ардчилал мөхөж эхэлсэн.
Ардчиллын зарчмыг хамгаална гэдэг бол зөвхөн өнгөрсөн цагийн баатарлаг түүх ярихаас гадна өнөөдрийн шийдвэр, хариуцлага, зоригтой алхамд оршдог. АН-ыг аврах цорын ганц гарц бол бодлогын шинэчлэл төдийгүй, удирдлагын шинэчлэл. Хэн нэгний “гэр” барьсан байр суурийг биш, нийт гишүүдийн хүсэл зоригийг илэрхийлэгч удирдлага хэрэгтэй байна. Өнөөдөр биш бол маргааш гудамжинд үлдэх магадлалтай олон гишүүн Л.Гантөмөрөөс хариуцлага нэхэх нь гарцаагүй. Монголын улс төр өнөөдөр тогтвортой байхын тулд зөвхөн эрх баригчид ч бус, сөрөг хүчнүүд ч мөн хариуцлагатай байх ёстой. Хэрэв АН хэзээ нэгэн цагт төрийн бодлогод жинтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байвал одоо өөрийгөө цэвэрлэж, хариуцлагыг эхлүүлэх ёстой юм.
Э.ТЭРГЭЛ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.