3
АН-ын дарга Л.Гантөмөр өнөөдөр /2025.05.22/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ерөнхий сайд АН-ыг гаргачхаад дангаараа засаглая, аль эсвэл өөр эвсэл байгуулаад цаашаа явъя гэдэг байр суурь хаширт байхгүй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Т.Доржханд бид гурав одоо уулзалт хийнэ. Гэрээгээ урдаа тавиад ярина. Аль ч шийдвэрт бид хүндэтгэлтэй хандана. Ямар ч тохиолдолд энэ гүтгэлгээ зогсоо гэдэг шаардлагыг би Л.Оюун-Эрдэнэ даргад тавина. “Гүтгэлэг хийх тусам дараагийн төрийн үйл хэрэгт халтай шүү” гэдгийг хэлнэ.
Ямар ч тохиолдолд гарах шийдвэр гэрээ зөрчигдсөн учраас АН Засгийн газарт орохгүй. Гэрээний зөрчил гэдэг бол Бага хурлын шийдвэрийг хэлж байгаа юм. Гэрээ уначихлаа.
Хамтарсан засаг хэцүү юм байна. АН гэрээгээ биелүүлээгүй гэдэг нь гүтгэлэг.
Асуудлыг ярихдаа дандаа гүтгэлэг хэлбэрээр ярьдаг улс төрийн араншныг халмаар юм. Харамсалтай нь тийм ухаан МАН-аас гарсангүй.
АН-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу нарыг нэрлэж байна лээ. Манай гишүүдийн илэрхийлж байгаа зүйл намын байр суурь биш. Намын байр суурь бол Үндэсний бодлогын хороогоороо л гардаг. Цөөнх нь дугарах эрхтэй. Гэрээ дотор гишүүдийнхээ амыг барина гэсэн зүйл байхгүй. Би намынхаа үндсэн араншныг мэдэж байгаа хүний хувьд тийм зүйл дээр зурахгүй шүү дээ. Манайхан шүүмжлэх юмаа шүүмжлээд л явна. Өөрсдөө засагласан ч дотроо сөрөг хүчин хийгээд явчихдаг. Нэг үгээр хэлбэл үгээ ил тод хэлдэг л хүмүүс.
Засгийн газрыг унагаасан шалтгаанаа МАН нуучихлаа гэж харж байна. АН-ыг унасан нь шалтаг боллоо гэж харж байна. Энд их ухралт боллоо гэж харж байна. Хамгийн их санаа зовж байгаа зүйл бол бид утаагаа яах юм бэ. Бид кокс, химийн үйлдвэр байгуулахаар шийдвэр гаргачихсан. Үүнийгээ хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Зэс, гангийн үйлдвэрээ яах юм бэ. Асуудлаа шийдээд явж байх юм бол бидэнд гоншигнох юм байхгүй.
Засаг байгуулчхаад засаг нь уначихаар надад намын даргаараа үлдэх сонирхол, сэтгэл зүй алга.
Би өөрийнхөө итгэлийг энэ мөчид тасалж байна. Дараагийн намын дарга АН-ыг эв нэгдэл, хүчтэй байх тал дээр ур ухаан гаргадаг хүн гарч ирээсэй гэж хүсэж байна" хэмээв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.