Өнөөдөр /2025.05.22/ өглөө 08:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний урд замд ачааны тээврийн хэрэгсэл авто замын барилга байгууламж буюу хашлага мөргөн, эвдрэл учруулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж, тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийг олж тогтоожээ.
Ослын газарт нөхөн үзлэг хийж, хариуцлагын арга хэмжээг тогтоох шалгалт хийж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Түүнчлэн тус албанаас иргэдийн гомдол мэдээллийн дагуу тавдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу нэвтэрч буй том оврын тээврийн хэрэгслийг шалган зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авчээ.
Шалгалтын явцад том оврын тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн жин тонн хэтрүүлсэн, зам, замын байгууламжид эвдрэл үүсгэсэн, хучлагагүй ачаа тээвэрлэж, замын зорчих хэсэг бохирдуулсан, замын зорчих хэсгээр шороо болон зуурмаг асгасан зэрэг зөрчил илэрснийг арилгуулсан аж.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто замуудын хайс, тоноглол, тэмдэг, хурд сааруулагчийг тээврийн хэрэгсэл мөргөж эвдэх тохиолдол нэмэгдэж байна. Замын засвар арчлалтын хөрөнгийг нийслэлийн Замын сангаас гаргадаг. Тодруулбал, 2024 онд 903 авто замын тэмдэг, 2176 тэмдэг арчлалт, 380 ам.метр хурд сааруулагч, 380 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ эвдэрснийг засжээ. Эвдрэл гэмтлийн тоо өсөж, улмаар 2025 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хотын гол болон туслах гудамж замуудад 2550 авто замын тэмдэг, 2620 тэмдэг арчлалт, 1000 ам.метр хурд сааруулагч, 1000 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ, 3000 метр хайс, тоноглолыг засахаар төлөвлөсөн аж.