dobu.mndobu

О.Ганхүү: Яаж ч бухимдсан онгоцуудаа хараад л тайвширчихдаг

О.Ганхүү: Яаж ч бухимдсан онгоцуудаа хараад л тайвширчихдаг

Хүн бүрт хобби бий. 52 настай О.Ганхүүгийн хобби тун сонирхол татам. Тэрбээр онгоцны загвар цуглуулах дуртай ажээ. Найман жилийн турш цуглуулсаар одоо 300 гаруй онгоцтой болсон байна. Ээмэг, бөгж, хүзүүний зүүлтээс эхлээд машинаа, гэрээ хүртэл онгоцоор тохижуулсан нь О.Ганхүүгийн амьдрал ямар нэгэн байдлаар онгоцтой, нисэхийн салбартай холбоотой болов уу хэмээн бодогдуулмаар. Түүнтэй бид цуглуулгынх нь талаар ярилцлаа. 

-Та яагаад онгоц цуглуулж эхэлсэн юм бэ?

-Би нисэхийн 7-р бүрэн дунд сургуулийг төгссөн юм. Ер нь нисэх орчимд өссөн хүн л дээ. Онгоц нисэж, газардахыг байнга л хардаг байлаа. Тийм болохоор ч тэр үү онгоцны загвар цуглуулъя гэж шийдсэн юм. Гадаадад олон жил байж байгаад эх орондоо ирээд, ажилгүй байх хугацаандаа "Ер нь ямар нэгэн хоббитой болбол гоё юм байна" гэж бодсон. Тэгээд л "Юу байвал надад тохирох вэ" гэж бодож байгаад ерөөсөө л өөрийнхөө дуртай онгоцны загварын цуглуулгатай болъё гэж шийдсэн юм. 

-Гэрийг нь харахад л маш олон онгоц харагдаж байна. Одоо таны цуглуулгад хичнээн онгоц байна вэ?

-Гэрт 170 гаруй онгоц бий. Машин дотор маань бол 90 ширхэг байгаа, гадна талд нь 60 ширхгийг суурилуулсан. Ингээд нийт 300 гаруй онгоцтой байна даа. 

-Гэр бүлийнхэн нь энэ бүгдийг анх хэрхэн хүлээж авч байв?

-Анх бол хүүхдүүд гэр бүлийнхэн маань "Жаахан хүүхэд шиг онгоцоор яах гэсэн юм бэ, өөр юм сонирхож үзээч" гэдэг байлаа. Би ч онгоцоо цуглуулсаар л байсан. Онгоцны минь тоо нэмэгдэх тусам гэр бүлийнхэн, найз нөхөд их дэмждэг болсон.

Эхнэр маань дэлгүүр хэсэж яваад онгоцны загвар харагдвал шууд л аваад өгчихдөг болсон. Нэг удаа хань минь "Би дэлгүүр хэсэхдээ гоо сайхны бүтээгдэхүүн хардаг байсан юм. Гэтэл одоо чамд онгоц хараад явж байна шүү дээ" гэчихсэн инээгээд л гэртээ ирж билээ. Энэ мэдрэмж их гоё шүү. 

-Одоо үед Монголын нийгэм бухимдал ихтэй, болж бүтэхгүй юм ихтэй байна. Үүнийг дагаад хүмүүс гоё мэдрэмж авахыг эрмэлздэг болжээ. Таны хувьд энэ онгоцуудаа харж стрессээ тайлж, кайф авч байна уу?

-Машинтайгаа гадуур явсан ч онгоц, гэртээ орсон ч онгоц. Бараг ажлын хувцсаа хүртэл онгоцоор чимэглэчихсэн. Эднийгээ хараад л гоё мэдрэмж авчихдаг юм. Хааяа нэг хүнтэй ам зөрөлдлөө гэж бодоход машиндаа орж ирээд онгоцуудаа хараад тайвширчихдаг.  Гэртээ ороод онгоцоо хараад л сэтгэл онгойно.  Хийморьлог мэдрэмж авдаг юм, онгоц сайхан шүү. 

-Машиныг нь хүмүүс хараад их сонирхолтой санагддаг байх даа. Танд энэ талаараа хэлдэг үү?

-Зун түгжрэл дунд зүгээр явуулахгүй шүү дээ. "Хүүе ээ, ахаа зургийг чинь авъя тэгэх үү, та ёстой гоё хоббитой юм аа" гээд л уулга алдана. 

Машиныг маань хараад инээж байгаа хүн бүхэн надад маш гоё энерги өгдөг. Тэдэнд өөрсдөд нь ч их гоё энерги өгдөг байх гэж боддог юм. Нэг ёсондоо, би биедээ кайф өгч байна хэлж болох юм. Хүүхдүүд маань хүртэл "Аав аа, онгоц цуглуулах гоё юм аа. Хүмүүс бухимдал стресстэй нийгэмд амьдарч байхад та түгжрэл дунд яриа хөөрөө өрнүүлж, хэзээний бие биеэ таньдаг хүмүүс шиг байх юм" гэж хэлдэг болсон. Үүнээс л ах нь маш их урам авч амьдарч байна.

-Өөрөө эрж хайж, зорьж хоббитой болсон хүний хувьд та үүний давуу талыг та юу гэж харж байна?

-Хүн гэдэг чинь ямар ба нэгэн юм цуглуулах хобби, сонирхолтой байна гэдэг нь өөрөө их давуу тал юм. Би онгоцны загвар цуглуулаад найман жил болж байна. Цуглуулаад байх тусам их урам авч, улам олон болгохыг хүсдэг юм байна лээ. Би дэлхийн 150 гаруй орны онгоцыг цуглуулъя гэж боддог юм. Одоогийн байдлаар 50 гаруйг нь цуглуулсан байна. Үлдсэнийг нь нэг нэгээр нь авна даа.

Хүүхдүүддээ "Аав нь 150 орны онгоц цуглуулж чадахгүй бол миний хүүхдүүд гүйцээгээрэй" гэж захиж байгаа. Ямар ч байсан үхэн үхтлээ онгоцны загвараа цуглуулсаар байх болно. 

Ер нь хүн өөрийнхөө дуртай зүйлийг олж, түүндээ цаг хугацаагаа зориулж чадвал түүнээсээ ядаж л тууштай байдлыг сурна. Мөн хобби чинь чиний стрессээ тайлах нэг арга болно.  Тиймээс хүүхдүүд, залууст хандаж хэлэхэд, өөрийн сонирхлоо олж, ямар ч хамаагүй зүйлс цуглуулаарай. Ингэхдээ гол нь тууштай байж, эцсийг нь үзээрэй. Дундаас нь шантарч, битгий орхиорой.

А.НОМИН-ЭРДЭНЭ

 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.