dobu.mndobu

СУРВАЛЖИЛГА: Сэлбэ голын урсац зогсож, хогонд дарагджээ

СУРВАЛЖИЛГА: Сэлбэ голын урсац зогсож, хогонд дарагджээ

Өнгөрөгч 2024 онд Нийслэлийн Засаг даргын тушаалаар голын урсацыг сайжруулах зорилгоор Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасуудыг нүүлгэн шилжүүлсэн. Мөн үерийн эрсдэлээс сэргийлэхийн тулд уг гол дагуу  1.4 км урт хамгаалалтын далан барьж эхлээд байгаа юм.  

Гэвч эсрэгээрээ Сэлбэ гол хог бохир, намагт дарагдаж, урсахаа больжээ.

Тиймээс энэ талаар тус голын ойр орчмын оршин суугчдын байр суурийг тодрууллаа.  

"ГОЛ ДАГУУХ МОД БУРГАСУУДЫГ ШИЛЖҮҮЛСНЭЭС БОЛЖ БАЙНА"

Иргэн О.Алтантуул “Сэлбэ голын урсац маш муу болчихсон. Үүнээс болоод бохирдож, хог хаягдал ихтэй болж байна. Энэ нь агаар орчныг бохирдуулж байна.

Урсахгүй байгаа шалгаан нь голын дагуу барилга барьж, мод бургасуудыг нүүлгэснээс болж байгаа юм.

Бороо орвол халдварт өвчин, хог хаягдал, муухай үнэргүй болох байх гэж найдаж байна. Гэхдээ ойр орчмын байгууллага, хороо дүүргийн хүмүүс нь хог хаягдлыг цэвэрлэх хэрэгтэй байх” гэлээ.

"ЗОХИОН БАЙГУУЛАЛТГҮЙ, БОДЛОГОГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ИЙМ НӨХЦӨЛД ХҮРЛЭЭ"

Иргэн “Сэлбэ голын урсац муудаж, хогондоо дарагдсан нь нийслэлийн удирдлагуудын зохион байгуулалтгүй, бодлогогүй байгаатай холбоотой. Газар олголт, голын эрэг хавийн цэвэрлэгээ хийдэггүй. Хүмүүсийн байгаль орчноо гэх хандлага ямар байгааг харуулж байна. Хамгийн гол нь төрийн бодлого дутагдаж байна. Усны бохирдлоос болоод амьсгалын замын халдварт өвчин тархаж эрсдэлтэй. Хүүхдүүд голын усанд орох тохиолдол их бий. Ийм бохирдолтой голд орж, арьсны халдварт өвчин авах вий. Зуны халуунд муухай үнэр үнэртэхээс эхлээд асуудал их бий. Засаж янзалж байгаа гээд Натур орчмыг нэлээд бужигнуулж, далан барьж байгаа юм билээ.  Хөгжил сайтай улс орнууд хотын дундах голоо гоё цэвэрлэж, тохижуулсан байдаг. Манай улс мөн адил удахгүй гоё тохижуулах байх” гэв.

"ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХЫН ТУЛД БУРГАСУУДЫГ ШИЛЖҮҮЛЖЭЭ"

2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Сэлбэ голын голдирлын нөхцөл байдал болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийж байсан.

Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Сэлбэ голын эрэг дагуух зарим хэсгийг үерийн өндөр эрсдэлтэйд тооцож, тухайн бүсэд оршин суугаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас хамгаалахын тулд голын голдирлын цэвэрлэгээний ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд голын дотор буюу үерийн хамгаалалтын далангийн дотор ургасан лаг шавар, шороо, мод бутыг цэвэрлэж, зөөвөрлөх ажлыг зохион байгуулжээ.

Мэргэжлийн байгууллагуудын тайлбарласнаар, эдгээр мод бут нь усны урсгалыг удаашруулж, үерийн ус даланг сэтлэх нөхцөл бүрдүүлдэг учраас Сэлбэ голын доторх бургас моддыг Хар усан тохой руу шилжүүлсэн байна.

Мөн Дунд голын хэсэгт Сэлбэ голын усны түвшин нэмэгдэж, үерлэсний улмаас олон бургас мод хугарсан тул хугарсан болон насжилт өндөртэй моддыг бүрэн гаргаж, зөөвөрлөх ажлыг дуусгасан тухай албаныхан мэдээлсэн юм.

Нийслэлийн удирдлагууд дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр Сэлбэ гол дагуух үерийн эрсдэл буурч, иргэдийн аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдсэн гэж дүгнэсэн байдаг.

"ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАН БОСГОХ АЖИЛ 90 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА"

Одоогоос хоёр жилийн өмнө Сэлбэ гол үерлэж, тухайн орчмын айлууд хүнд нөхцөлд амьдарч байсан. Ойрын жилүүдэд тэр жилийн үертэй харьцуулахад 5-7 дахин их хэмжээний үер буух магадлалтайг мэргэжилтнүүд судалсан. Тиймээс хамгийн эрсдэлтэй байршил болох Сэлбэ голын Натурын орчимд 1.4 км урт түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн хамгаалалтын даланг барьж эхэлсэн. Одоогийн байдлаар үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажил зургаадугаар сарын 30-нд дуусах бол наймдугаар сарын 30-нд нийт ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгнө гэжээ.

А.НОМИН-ЭРДЭНЭ

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.