dobu.mndobu

ХСҮТ: Өнөөдрөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн үргэлжилнэ

ХСҮТ: Өнөөдрөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн үргэлжилнэ

Хавдар судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Өчигдөр Хавдар судлалын үндэсний төвийн подвалд засварын ажил гүйцэтгэх явцад гагнуурын оч тархсанаас үүдэн галын аюул үүссэн боловч нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, галыг бүрэн унтрааж, тархах аюулыг зогсоолоо.

Одоогоор гал гарсан шалтгаан, нөхцөл байдал, үүссэн эрсдэл, хохирлын хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд шалган, үнэлж байна.

Үүссэн нөхцөл байдлын үед эмчлүүлэгч, үйлчлүүлэгч, ажилчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлэн бүртгэж, хагалгаа, эрчимт эмчилгээний хэсгүүдэд онцгой хяналт тавьж, яаралтай тусламж үйлчилгээг гамшгийн үеийн бэлэн байдалд шилжүүлэн шуурхай ажиллалаа.

 Галын аюултай холбоотой гэмтсэн, бэртсэн, хүндэрсэн хүн бүртгэгдээгүй.

ХСҮТ-ийн хамт олон эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан бөгөөд өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээ бүрэн хэвийн үргэлжилнэ.

Өчигдөр буюу 7 дугаар сарын 28-нд цаг авсан, товлосон боловч үйлчлүүлж амжаагүй амбулатори, шинжилгээ, мэс засал болон бусад тусламж үйлчилгээнүүдийг өнөөдөр нөхөж үзүүлнэ.

Галын аюулыг шуурхай хяналтдаа авч, мэргэжлийн өндөр түвшинд ажилласан Нийслэлийн Онцгой байдлын газар, Галын аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагын хамт олон болон гамшгийн үед дэмжлэг үзүүлсэн бүх байгууллага, ажилтнуудад Хавдар судлалын үндэсний төвийн хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Хавдар судлалын үндэсний төвийн Гамшгийн шуурхай штаб" хэмээжээ.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.