dobu.mndobu

Трамп, Путин нарын уулзалтыг "хамтын ажиллагааг сэргээх дохио" гэж үзжээ

Трамп, Путин нарын уулзалтыг "хамтын ажиллагааг сэргээх дохио" гэж үзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын Баасан гарагт буюу наймдугаар сарын 15-нд Аляскад хийхээр товлосон уулзалт дэлхий нийтийн улс төр, эдийн засгийн хэлэлцүүлгийн гол сэдэв болж байна. Тэгвэл Оросын хэвлэл мэдээлэл болон албаныхан энэ уулзалтыг АНУ-ын зүгээс хамтын ажиллагааг сэргээх дохио хэмээн эергээр үнэлж, дипломат амжилт гэж үзжээ.


Москвагийн хүлээлтээр тус уулзалт нь Украины асуудлаар ямар нэгэн хэлэлцэлд хүргэж болзошгүй ч нутаг дэвсгэрийн талаар ямар нэгэн буулт хийхгүй гэдгээ ил тод мэдэгдсэн байна. Харин Европын орнууд Украин оролцоогүй хэлэлцээр шударга бус гэдгийг онцолж, эв нэгдлээ хадгалах байр суурьтай байгаа юм. Франц, Герман, Их Британи зэрэг улсууд Украины бүрэн эрхт байдлыг хамгаалах байр сууриа дахин илэрхийлсэн бол Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан илүү болгоомжтой ханджээ.


Энэ бүхний зэрэгцээ Украины фронт дээр нөхцөл байдал хурцдаж, Донецк орчмоор тулгаралт үргэлжилж байна. Украин зарим бүс нутгийг буцаан авсан бол Оросын тал стратегийн давшилтаа үргэлжлүүлж байгаа нь уулзалтын хандлагад шууд нөлөөлөх төлөвтэй байна. АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Виткоф саяхан Путинтэй уулзаж, “ихээхэн үр дүнтэй” яриа хэлэлцээ болсон тухай Ерөнхийлөгч Трамп мэдэгдсэн ч, тэрбээр уулзалтыг эхний ээлжид “танилцах, нөхцөл байдлыг үнэлэх” түвшинд гэж тодорхойлжээ. Эдийн засгийн зах зээлд ч уулзалтын тухай мэдээлэл тодорхой нөлөө үзүүлсэн байна. Брент маркийн нефтийн үнэ буурч 64 ам.долларт хүрсэн бол Украины сэргэн босголттой холбоотой хувьцаа болон хөрөнгө оруулалтын индексүүд өсөлт үзүүлжээ. Ажиглагчдын үзэж буйгаар, Аляскагийн энэ уулзалт нь олон улсын харилцаанд чухал эргэлтийн цэг болох ч, Украин оролцоогүй хэлэлцээр нь зөрчил, үл итгэлцлийг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй хэвээр байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.