0
Боловсролын Ерөнхий газраас сурах бичгийн хүртээмж, багшийн хомсдол зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.09.10/ мэдээлэл өглөө.
Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "2-5 дугаар ангийн сурах бичгийг есдүгээр сарын 1-нээс өмнө нийслэл болон аймгуудад хүргэсэн. Харин 1 дүгээр ангийн хувьд бэлтгэл хөтөлбөрийг өнгөрсөн долоо хоногт бэлтгэн хүргэсэн. Харин бэлтгэл хөтөлбөрөөс бусад сурах бичгүүд аймгуудад энэ долоо хоногт бүрэн хүргэгдсэн.
Дунд, ахлах ангийн хувьд гурван хувилбар байгаа.
Нэгдүгээрт, Нийгмийн халамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу 20.2.1-20.2.7-д хамаарах иргэний хүүхэд болон тухайн сурагч номын сангаараа дамжуулж үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
Хоёрдугаарт, Энэ хуулийн 11.7-д заасны дагуу номын сангаар дамжуулж төлбөртэй буюу түрээсээ ашиглах боломж байгаа.
Гуравдугаарт, Эцэг, эх хүүхдэдээ худалдан авч хүүхдэдээ ашиглуулах боломжтой.
Нийгэмд маш цөөн тооны сурах бичиг очоод хүүхдүүдэд сугалаа сугалуулаад байна гэсэн асуудал яригдаж байгаа. Сугалаа сугалуулж яагаад ч болохгүй. Сугалаа сугалуулсны дараа асрамж халамжийн төвд байдаг хүүхэд, бүтэн өнчин хүүхэд сугалаанаас хоцроод сурах бичиг худалдаж авах нөхцөл байдал үүсчихвэл яах вэ гэдэг асуудал үүснэ. Тийм учраас сугалаа сугалуулж байгаа бол буруу. Ийм асуудал гарч байгаа сургуулиудад зөвлөн тусалж байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүтэн болон хагас өнчин хүүхэд, гэр оронгүй тэнэмэл иргэний хүүхэд, төрөлжсөн асрамж сувилалд байгаа хүүхдүүд, хорих ангиас суллагдсан хүүхдүүд болон амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой хүүхдээ тодорхойлоод энэ хүүхдүүддээ номын сангаар дамжуулан ном олгох асуудлаа цэгцэлнэ.
Энэ хүүхдүүдэд байгаа нөөц хэмжээгээ тодорхойлсны дараа дараагийн хэсэгтээ номын сангаар дамжуулж түрээсийн журмаар олгох зохицуулалтыг хийх ёстой.
351,216 багц сурах бичиг өнгөрсөн хичээлийн жилд ашиглагдсан. Энэ нь нийт хүүхдүүдийн 80 хувийг хамарч байсан.
2025 оны хичээлийн жилийн сурах бичгийн үнийн мэдээлэл:
Улсын төсвийн хөрөнгөөр ерөнхий боловсролын сургуулийн номын сангаар дамжин төлбөртэй ашиглуулж буй түрээсийн сурах бичгийн үнэ Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар тогтоосноор 18,000-33,000 төгрөг байна.
Худалдаалах эрх бүхий компаниас өөрийн хөрөнгөөр хэвлэн нийлүүлж буй сурах бичгийн үнэ хувааж төлөх /түрээсийн зарчмаар/ боломжийг бүрдүүлсэн бөгөөд энэхүү үнэ 38,000-48,000 төгрөг байна.
Сурах бичгийн багцын худалдааны үнэ /захиалга, хүргэлт орсон/ 94,000-129,000 төгрөг, нэгж сурах бичгийн дундаж үнэ 7,100 төгрөг бөгөөд бүтэн жилийн турш хувааж төлөх тохиолдолд нэгж сурах бичгийн үнэ 2,600 төгрөг байна.
Захиалга хүргэлтийн хугацаа:
Анги удирдсан багшаар дамжуулсан тохиолдолд нийслэлд 24-72 цаг, орон нутагт 5 өдөрт хүргэнэ. Аймаг, дүүргийн нэгдсэн захиалгыг 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл авна. Хүргэлт аравдугаар сарын эхний 7 хоногт багтан хийгдэнэ.
Шүүхийн маргаанаас болоод 1-5 дугаар ангийн сурах бичиг шинэчлэгдээгүй. Оройтож хэвлэгдсэн. Одоо ашиглаж байгаа сурах бичгүүд энэ жил ашиглагдаад ирэх жилээс хүчингүй болно.
Төсөв санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалаад сурах бичгийг сургуулиудад хүргэдэг түгээлтийн гэрээ цуцлагдсан. Одоо боловсролын газраар дамжуулж сургуулиуд өөрсдөө ирж авч байгаа. Үүнтэй холбоотойгоор сурах бичгийн нөхөн хангалт оройтож, хоцорч очсон" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.