dobu.mndobu

СУРВАЛЖИЛГА: Цөлжилтийн эсрэг олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцож байна

СУРВАЛЖИЛГА: Цөлжилтийн эсрэг олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцож байна

2025 оны есдүгээр сарын 24–26-ны өдрүүдэд Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны сүлжээ (DLDD-NEAN) болон холбогдох байгууллагууд хамтран олон улсын цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнүүд нь бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, мэдлэг, судалгааны үр дүнг хуваалцах чухал арга хэмжээ болох бөгөөд 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын нэг хэсэг юм.

"21 АЙМГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ГАДНЫН САНХҮҮЖИЛТЭЭР АВЧИРСАН "

Энэхүү арга хэмжээнд 21 аймгийн байгаль орчны асуудал хариуцсан, тэр дундаа цөлжилтийн асуудал, газрын доройтол хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулж, бусад улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох боломжтой давхар чадавхжуулах сургалт явагдаж байгааг Ойн газрын дарга Б.Оюунсанаа онцоллоо.

Ойн газрын дарга Б.Оюунсанаа:

-НҮБ-ын Зүүн хойд Азийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр байдаг. Үүний хүрээнд цөлжилт, газрын доройтлыг бууруулах Зүүн хойд Азийн форм гэж болдог.

Үүнд Япон, Солонгос, БНХАУ, ОХУ, Хойд Солонгос, Монгол Улс зэрэг улс багтдаг. Эдгээр улс орны хэмжээнд цөлжилт, газрын доройтлоор хамтран ажилладаг. Ялангуяа шар шороон шуурга, цөлжилтийн эх үүсвэр нь хаанаас гаралтай вэ гэдгийг шинжлэх ухааны үүднээс эрдэм шинжилгээний байгууллагууд, манай шинжлэх ухааны харьяа хүрээлэнгүүд хамтарч ажилладаг.

Цөлжилт бол зөвхөн Монгол Улсын хэмжээнд үүсээд буй асуудал биш, дэлхий нийтийн асуудал болж байна. Түймрийн давтамж нэмэгдэж байна, газрын доройтол, цөлжилтийн асуудал байна. Түймэр бол бүхий л улс орон гарч байгаа. Далайтай орнуудад усны асуудал, харин манайх шиг оронд хуурайшилт, түймрийн асуудал, хүчтэй шороон шуурганы давтамж нэмэгдэж маш олон тооны айл өрхүүд гэр орноо шуурганаас болж алдах тохиолдол их байна. Тэгэхээр улс орнууд ямар ахиц дэвшил байна вэ гэдгээ ярилцаж, туршлагаа хуваалцаж байна.

Үүнийг зохион байгуулахын тулд санхүүжилт хөрөнгө мөнгөний асуудал яригдана. Тэгвэл хаана санхүүжилтийн бололцоо байна, мөн төслүүдийн саналыг ярилцаж, санал бодлоо солилцож буйгаараа ач холбогдолтой хурал болж байна.

Жишээлбэл, Орон нутгийн мэргэжилтнүүдийг энд цуглуулахтай холбоотой холбогдох зардлыг гаднын санхүүжилтээр сүлжээ байгууллагын хүрээнд шийдэж байна. Ингэснээр эдгээр мэргэжилтнүүд бусад улс орны яг адилхан газрын доройтол, цөлжилтийн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцож байна. Ингэснээр давхар чадавхжуулах сургалт явагдаж байна. Тэгэхээр үүгээрээ маш ач холбогдолтой.

21 аймгийн байгаль орчны асуудал хариуцсан, тэр дундаа цөлжилтийн асуудал, газрын доройтол хариуцсан яг газар дээр нь ажилладаг мэргэжилтнүүдийг авчирсан. Түүнээс удирдлагуудыг авчраагүй. Тэгэхээр энэхүү уулзалтын зорилго нь яг тэр асуудлаа хариуцсан мэргэжилтнүүд илүү нөхцөл байдлаа мэдэж байгаа учраас бусад улс орны мэргэжилтнүүдтэй танилцах, цаашдаа харилцан туршлага солилцох нөхцөл бүрдэж байгаа юм.

"МАЛ АЖ АХУЙГАА АГАР АЖ АХУЙТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ"

Дархан-Уул аймгийн Байгаль орчны газрын Ойн асуудал хариуцсан мэргэжилтэн У.Мөнхзул:

-Цөлжилт, газрын доройтлын форумд орон нутгаас оролцож байгаа. Үүнд Зүүн өмнөд Азийн орнууд, ОХУ, Япон, Солонгос улсуудын төлөөллөөс оролцон туршлагаа солилцож, хөрөнгө оруулалтын тал дээр мэдээлэл өгч байгаадаа баяртай байна.

Манай Дархан-Уул аймгийн хувьд нийт орон нутгийнхаа хэмжээнд харьцуулахад 20 хувьд нь цөлжилт, газрын доройтол яригдаж байгаа. 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр Дархан-Уул аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарих үүргийн дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлж, арга хэмжээ зохион байгуулж явж байгаа. Үүний хүрээнд манай аймаг газар тариалангийн бүс нутаг учраас газар тариалангийн бүсээ хамгаалах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ойн зурвас хийх ажил байгаа.

Энэхүү газар тариалангийн бүс нутагтайгаа уялдуулаад агар аж ахуй хөгжүүлэх чиглэлийг улс орон нутаг болон төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлээд явж байгаа. Цөлжилт, газрын хуурайшилтаас сэргийлэхийн тулд юуны түрүүнд мод тарих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Мод тарьснаар орон нутагт бага ч гэсэн цөлжилтийн эсрэг хувь нэмрээ оруулна. Энэхүү формоос харж байхад санхүүжилтийн төсөл хөтөлбөрүүдийг хамтарч хэрэгжүүлэх юм болов уу гэж харж байна.

Формоос харж байхад цөлжилт хүний хүчин зүйлээс их хамаарч байна. Гэхдээ байгалийн гамшгаас 51 хувь, хүний хүчин зүйлээс 49 хувь нь хамаарч байна.

Ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хортон шавжаас урьдчилан сэргийлэх ажлыг хийснээрээ газрын доройтол, ойн нөөцийг түлхүү хамгаална. Тэгэхээр бид тэмцэхээс илүү урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй гэж харж байгаа.

Дархан-Уул аймаг 25 мянган га газар нутагтай. Үүний 20 хувийг ойн сан эзэлдэг. Тэгэхээр газар тариалан, агар аж ахуйтайгаа хамтарч ажиллах нь зүйтэй.

Жишээлбэл, Ган, хуурайшилтын эсрэг ургамал тариалах, малаа эрчимжүүлэх, газар тариаланг дахин ашиглах зэргээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа. Тухайлбал, эрчимжсэн мал аж ахуйгаа агар аж ахуйтай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй.

"ОЛОН АЙЛЫН ГЭР, МАЛЫН ХАШАА САРАВЧ СҮЙДСЭН ГАМШИГ ТОХИОЛОО"

Дорнод аймгийн Байгаль орчны газрын дарга А.Гантулга:

-Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зүүн бүс нутагт байгалийн гамшгийн давтамж ойртож байна. Тал хээрийн түймэр их гардаг болсон байна. Хаврын улиралд их салхилдаг байсан бол одоо намрын улиралд ч их салхилдаг болсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Дорнод аймгийн гурван сумыг хамарсан хүчтэй салхи шуурга болж олон айлын гэр, малын хашаа саравч сүйдсэн гамшиг тохиолоо. Ойрын хэдэн жилд ийм байгалийн гамшиг тохиолдож байгаагүй.

Өнөөдрийн болж байгаа олон улсын хурал бол маш ач холбогдолтой байна. Цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурга нэмэгдэж байна. Энэ бол Төв Ази, Номхон далайн орнуудад асуудал болоод олон жил болж байна. Мэдээж манай Дорнод нутаг болох тал хээрийн хуурай, гандуу газарт маш их хэмжээний хаврын салхи болдог. Энэ нь Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудад ихээхэн нөлөөлөл үзүүлдэг гэдэг судалгаа гарсан байна. Энэхүү асуудлуудаа олон улс хоорондоо ярилцаж байна. Ирэх 2026 онд Монголд томоохон уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дорнод аймгийн хувьд тал хээрийн түймэр их гарч хөрс, байгаль орчныг ихээхэн доройтуулдаг онцлогтой гамшгийн хэмжээний асуудал байгаа юм.

Аймгийн хэмжээнд мэдээж хамгийн гол анхаарах асуудал бол тал хээрийн түймэр байдаг. Энэхүү түймэртэй тэмцэх чиглэлээр аймаг орон нутгаас олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, Зүүн бүсийн хэмжээний Онцгой байдлын газар Дорнод аймгийн төвд байдаг. Алслагдсан бүс нутаг буюу хойд сумддаа Гал унтраах, аврах ангийг байгуулсан байдаг. Мөн аймгийн төвөөс 300 гаруй км Халх гол суманд Онцгой байдлын салбар ангиудыг байгуулсан. Ингэснээр гал гарсан газарт мэргэжлийн ангиуд ажиллахад ойр дөхөм болж байгаа юм. Мөн Онцгой байдлын алба хаагчдыг хавар, намрын хуурайшилтын үед тодорхой хугацаанд ажиллуулж байгаа. Эргүүл хяналтын ажлуудыг хийж байна. Энэ зун зуншлага тааруу байсан газруудад маш их хэмжээний салаад хадлан хадах ажилд гарч байна.

Говь, Хангайн бүсэд ажиллаж амьдардаг иргэд тал хээрийн онцлогийг мэдэхгүй. Санамсартай, санамсаргүй болгоомжгүй байдлаас үүдэн хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа.

Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг өргөн хүрээнд хийх боломжтой. Үүнийг сум орон нутаг, тэнд байгаа багийн дарга, төрийн захиргааны бүхий л алба хаагчид, иргэддээ хүрч ажиллаж байгаа.

Дорнод аймгийн хувьд сүүлийн жилүүдэд ус ихтэй байгаа учраас ган гайгүй байгаа. Хамгийн сүүлд 2016, 2017 онд хамгийн их гантай байсан. 2018, 2019 оноос эхлээд харьцангуй чийгшил, хур тунадас ихтэй, ган байхгүй, зуншлагатай хангалттай сайн байгаа.

“285 ОРЧИМ ГА ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭГЭЭД БАЙНА”

Баянхонгор аймгийн байгаль орчны газрын дарга Э.Ганзориг:

-Цөлжилтийн асуудал Монгол Улсын хэмжээнд маш их болсон. Баянхонгор аймгийн хувьд 2023, 2024 онд аймгийн хэмжээний цөлжилтийн судалгаа хийлгээд үр дүн нь гарч байгаа. Мөн 90 хоногт хэрэгжүүлэх ойн менежментийн төлөвлөгөө батлуулчихсан. Үүний хүрээнд цөлжилтийн судалгаагаар гарсан үр дүн, хариу арга хэмжээ, үүнийхээ төлөвлөгөөг боловсруулах шатандаа явж байгаа.  

Хятад Байгаль орчны Геоэкологийн хүрээлэн, Ногоон сан хамтарсан төсөл өнгөрсөн 2024 оны наймдугаар сарын 25-нд гэрээ хийгдсэн. Төслийн маань үйл ажиллагаа жигдэрч эхлээгүй байна. Баянхонгор аймгийн Богд сум дээр байгаль орчны яам, Судалгааны хүрээлэнтэй нь хамтарсан зөвхөн Загийн судалгааны төсөл хэрэгжээд явж байгаа. Одоогоор өнгөрсөн хоёр жилийн хугацааных нь үр дүн гараад эндээсээ авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээгээ дүгнээд энэ жил төлөвлөгдсөн ажлынхаа хүрээнд Япон талаасаа мэргэжилтэн судлаачид ирчихсэн Баянхонгор аймаг руу явах гэж байна.

Аймгийн хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газартай байгуулсан гэрээнийхээ дагуу тодорхой ажлуудаа үе шаттай хийж байна. Мөн байгалийн байлаг ашигласан томоохон уул уурхайн төслүүд түрүүчээсээ хөдөлж эхэлж байгаа. Тэгэхээр аймгийн талаас хамгийн түрүүнд байгаль орчноо нөхөн сэргээх асуудлыг гэрээндээ тусгаж өгөхөөр шар шороон шуурга, элсний нүүдэл, цөлжилт болж байгаа энэ газрууд дээрээ томоохон ажил, арга хэмжээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байгаа.

Өнгөрсөн 2020-2024 оны хувьд Засгийн газар, Байгаль орчны яамнаас “Нөхөн сэргээлт-2024” гэх арга хэмжээг зохион байгуулж нийтдээ дөрвөн жилийн хугацаанд 8,000 га газрыг улсын хэмжээнд нөхөн сэргээнэ гэж зорилт тавьсан. Үүний хүрээнд 12,000 орчим га газрыг нөхөн сэргээсэн. Баянхонгор аймгийн тухайд 285 орчим га газрыг техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн.

Нийтдээ 30 жилийн хугацаанд Баянхонгор аймагт тусгай зөвшөөрөл, ашиглалтын лиценз эзэмшиж байсан ААН-үүдийн хариуцлагагүй уул уурхай явж ирсний үр дүнд гарсан нийдээ 587 га газар аймгийн хэмжээнд бүртгэлтэй байдаг. Үүнийхээ 285 орчим га газрыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нөхөн сэргээсэн туршлага байна. Ирэх жилд ч гэсэн үлдсэн эвдрэлд орсон газруудаа бүгдийг нь нөхөн сэргээнэ гэсэн зорилт тавиад ажиллаж байна.

Техникийн нөхөн сэргээлт бол тухайн жилдээ газрыг тэгшлэх, хэлбэржүүлэх гэдгээр тодорхойлогддог. Харин биологийн нөхөн сэргээлт бол 2-3 жилийн дотор нөхөн сэргээлт хийсэн газар өвс ургамал эргэж ургасан эсэхийг хардаг онцлог, ялгаатай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Баянхонгор аймагт зуншлага болон өвөлжилт харьцангуй гайгүй байгаа учраас ан амьтдын хувьд тоо толгой цөөрөх асуудал харьцангуй бага байгаа.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.