0
МАН-ын наймдугаар Бага хурлаар намын даргаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг сонгосон билээ. Намын хурлын үйл явцтай холбоотой мэдээллийг өгч байна.
УИХ-ын гишүүн, МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар "МАН-ын ээлжит наймдугаар Бага хуралтай холбоотой мэдээллийг өчигдөр өглөө хүргэсэн. Гэсэн хэдий ч сүүлийн 24 цагийн хугацаанд янз бүрийн байдлаар төөрөгдүүлсэн мэдээллүүд гараад байна. Тийм учраас зөв зүйтэй мэдээллийг хүргэх нь зөв гэдэг үүднээс хэвлэлийн хурал хийж байна.
МАН-ын наймдугаар Бага хурал ямар нэгэн байдлаар хууль дүрмийн зөрчилтэй явагдсан асуудал байхгүй. Бид улс төрийн намын тухай хууль, намын дүрмээ барьж ажилласан. Ирцтэй холбоотой асуудалд тайлбар хэлэхэд, МАН-ын Бага хурал 478 гишүүнтэй. Үүний 2/3-ийн ирцээр хурлыг эхлүүлдэг. Ингээд хурлын ирц бүрдсэн. Эхний удаад 442 гишүүн саналаа өгч, тэдний 56 хувийнх нь саналыг Д.Амарбаясгалан, 44 хувийнхыг нь Г.Занданшатар авсан. Намын дүрэмд 2/3 буюу 66 хувиас дээш санал авсан нь намын даргаар сонгогдоно гэж заасан байдаг. Нэр дэвшигчдийн аль нь ч 66 хувиас дээш санал аваагүй. Тиймээс тооллогын комисс "Хэрэв аль нэг нь 66 хувьд хүрээгүй тохиолдолд хамгийн олон санал авсан нэг нэр дэвшигчийг нууц санал хураалтад оруулна" гэдэг журам баталсан. Энэ нь эргэлзээ төрүүлэх шиг боллоо.
Санал хураалтын өмнө ирцийг дахин шалгадаг. Хоёр дахь санал хураалтын өмнө ирц үзэхэд 321 хүн байсан. Тэд санал хураалтад оролцож, 275 нь Д.Амарбаясгаланг дэмжиж санал өгсөн. Харин 46 хүн саналаа огт өгөхгүйгээр цагаан хуудас илгээсэн" хэмээн хэллээ.
УИХ-ын гишүүн, тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан "Хурлын үеэр гурван санал хураалт явсан. Эхнийх нь, 49 гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлаар өгсөн. Үүнд 292 хүн оролцсон, ямар нэгэн маргаан гараагүй.
Дараагийн санал хураалт Намын даргыг сонгох байсан. Үүнд 442 хүн оролцсон. Гурав дахь санал хураалтад дахин ирц бүртгэхэд 321 хүн байсан. Тэгэхээр энэ ямар нэгэн дүрэм зөрчөөгүй. Өөрсдөө баталсан, гараа өргөсөн, саналаа хэлсэн. Ер нь сонгууль хэн нэгэнд таалагдах албагүй" гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.