dobu.mndobu

Бор гэрийн богд болоход “Бор тээг” хөндөлсөх өдрүүд

Бор гэрийн богд болоход “Бор тээг” хөндөлсөх өдрүүд

-Д.Амарбаясгалангийн үхэн хатан зүтгэж байгаагийн цаана томоохон асуудал байна-

Хорь гаруйхан настайдаа НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Бүлгийн даргаар МАН-ын босго алхаж байсан залуу өдгөө дөчин насны босго даван, Хууль тогтоох хамгийн дээд байгууллагын дарга болчихсон алх цохиж явна. Энэ бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бөгөөд өндөр сэнтийд залуухан заларсан ч тодорхой шалтгааны хувиар МАН-ын дарга болохоор амь тавин зүтгэж, намаа дунд нь хуваагаад авлаа. Эцэстээ Монгол Улсыг ч хувааж мэдэхээр улайрцгаана. Түүний энэхүү өндөр сэнтий дээрээс өндөр сэнтий рүү зүтгэж байгаа нь шунал биш байх. Үүний цаана хэмжээлшгүй их эрх мэдэлтэй байж амиа аварч үлдэх гэсэн улайрал анзаарагдана. Ийм өндөр суудал дээрээс яаран дааран явах ямар ч шаардлага байхгүй. Магадгүй, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хариуцлагатайгаар хөндөөд байгаа “Бор тээг”-ийн уурхайн далд эзэн Д.Амарбаясгалан бол, “Админерал” компанитай хамаатай бол, хүн амины хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой бол гэх мэт томоохон асуудал л карьер нь зөнгөөрөө өсөж яваа залууг өндөр сэнтий дээрээс өндөлзүүлж чадна. Өөр юу ч үл хөдөлгөнө. Магадгүй цаадуул нь “Бор тээг” хэмээх бэлэн боочихсон хэрэг гаргаж харуулаад байж суух аргагүй болгож байх талтай. Д.Амарбаясгаланд холбогдож болзошгүй “Бор тээг”-ийн орд, нүүрсний асуудал бол эртнээс хөндөгдсөн. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж, Нүүрсний сонсголыг ахалж байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гарч ирээд барин тавин ярихаар эгэл жирийн иргэд итгэхээс өөр аргагүй. Гэтэл Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Б.Энхбаярыг “нүүрсний хэргийг эцэслэн шийд, Д.Амарбаясгалангийн хэргийг шийд” гээд сайдаар томилж байгаагаа мэдэгдэхээр олны итгэл улам зузаарч таарна. Нөгөө талаар “Бор тээг”-ийн асуудлыг босгож гаргасан Б.Энхбаярыг Д.Амарбаясгалангийн халаасны гэж болох МАН-ын Хяналтын хороо хуралдаад намаас хөөчихөөр УИХ-ын даргад ямар нэг том асуудал байна гэж харагдана. Гэтэл намаас хөөгдсөн нөхрийг Ерөнхий сайд нь өрсөлдөгчийнхөө хэргийг шалга гээд сайдаар томилж байгаа зэрэг нь бохир өрсөлдөөн мэт харагдах ч ямар нэг том асуудал байгааг төвөггүй илтгэнэ.

-Д.Амарбаясгалангийн улайрлаас болж, үндэстэн хоорондоо хагарах вий дээ-

АН-ынхан Д.Амарбаясгалан даргыг асуудлаа шийдтэл УИХ-ын чуулганы хуралдааныг даргалахгүй байхыг хүсэн шийдвэрт хүрсэн. Энэ зүгээр ч нэг шийдвэр биш байх. АН-ынхан хэн нэгэнд хатгуулсан байж болох талтай гээд харахаар зөвхөн нэг даргын төлөөх тулаан ч биш бүлэглэл хоорондын томоохон мөргөлдөөн мэт. Энд АН-ынхан сайн дураараа мэдээлэл хийв үү, хэн нэгний захиас даалгавраар явж байна уу гэдэг нь бас л сонирхолтой. Энэ мэтээс харвал үндэсний хэмжээний хагарал ч үүсэж магадгүй болчихлоо. Гэхдээ Д.Амарбаясгалан гэх нэг нөхрийн улайрлаас болж, үндэстэн хооронд хагарахгүй байх гэж найдна. Эсвэл үүнтэй тэнцэхүйц томоохон хөзрийг ах нар нь атгачихсан айлгаад байж болох юм. Үнэхээр чин шударгаар явж байгаа бол бүрэн эрхээ түдгэлзүүлж байгаад шалгуулчих хэрэгтэй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхээ түдгэлзүүлээд шалгуулж л байсан, Н.Номтойбаяр ч шалгуулж л байсан. Гагцхүү ямар ч хэрэг өдүүлээгүй байхад өрсөлдөгчид нь хонгилоор чирэх гэж айлгаж байгаа бол МАН тараад зогсохгүй, Монгол Улсад эртнээсээ оршиж ирсэн энэ “намнах” арга нь улам бүр боловсронгуй болж гаарна. Гэхдээ л Д.Амарбаясгалангийн үхэн хатан зүтгэж байгаагийн цаана амь дүйсэн ямар нэгэн том асуудал байгаа нь анзаарагдана. Чухам юу вэ.

-Өөрөө өрсөлдөгчдөө “намнаж” явсан хүн “намнуулах”, “намнуулах”-гүйгээ мэдэх байх-

Олны ярьж байгаагаар Д.Амарбаясгалан ч өөрөө “намнах” аргаа мэддэг гэх. Учир нь Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд нарыг “намнаж” өөрийнхөө тойргийг сулласан гэдэг. “Намнуулсан” нөхөд ч эхнээсээ гарч ирээд олон нийтэд мэдээлэл өгч байгаа учраас энд нууж хаах зүйл алга. Гурвуулаа л Говь-Алтай аймгийн хүмүүс бөгөөд Б.Энх-Амгалан буруугүй гэдгээ нотлохоор батлан даалтад давж заалдчихаад байна. Ш.Раднаасэд нь гэм буруугүй гэдгээ нотолсноос харахад үнэхээр “намначихсан” байх магадлалтай. Ё.Баатарбилэгийг ч “намнасан” гэж намын гишүүдийн дунд ярьдаг. Хэрвээ Д.Амарбаясгалан өөрөө ийн “намнах” аргаа мэддэг бол “намнуулах”, “намнуулах”-гүйгээ сайн мэдэж байгаа. Тэгэхээр МАН-ын Их хурлын өмнө бүлэглэлүүд тохиролцоонд хүрч бас болно. Үнэхээр өдүүлсэн  хэрэг байгаа бол хэрэг наймаалцана гэсэн үг. Үнэн хэрэгтээ Д.Амарбаясгалан ч бай, Г.Занданшатар ч бай өндөрлөгт  яваа нөхөд ард түмний баялаг, татварын мөнгөнд гар дүрээгүй хүн нэгээхэн ч үгүй. Их бага хэмжээ ярихаас биш ямар нэгэн байдлаар эндээс л идэж ууж амьдардаг нь үнэн. Энэ утгаараа Д.Амарбаясгалан ч ариухан амьтан биш байж таарна. Хамгийн наад зах нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч ард түмний боломжийг хулгайлчихдаг хүн.

-Олон компанийн нууц ноёнтон Д.Амарбаясгалан-

Тэр бага залуугаасаа улс төрийн карьераа өргөж, өндөрт барьж чадсаны цаана ердөө мөнгө л бий. Энэ ч утгаараа ах дүү, анд нөхдийн нэр дээр асар олон компани байгуулан, авч болох зээл тусламж, тендерүүдийг хамсан байдаг. Өөрөө л мэдэн будилаад байгаа болохоос биш улс төрд хөл тавихаас нь өмнө нөхөрлөж, өдгөө хүртэл буруу зүгийнх нь ажлыг ч нугалж яваа Ц.Чулуунзагдын нэр дээр ДАмарбаясгалангийн хамаарал бүхий 16 компани байдаг бол хамтрагч Б.Эрдэнэжаргалын нэр дээр мөн түүний гаралтай 20 орчим компани байдаг аж. Харин ах эгч нарынх нь нэр дээр 10 орчим компани байгаа гэхээр яах аргагүй буруу замаар мөнгө “гулсуулдаг” байхыг үгүйсгэхгүй. Түүнээс энэ олон компаниар юу хийх билээ. Олон компани байгаагийн цаана Д.Амарбаясгалан давуу байдлаа ашиглан, эдгээр компаниудаа тендерт ялуулж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч өгөх зэргээр бусдын боломжийг хулгайлан амьдарч ирсэн гэдэг нь харагдана.    

-Үндэсний үйлдвэрлэгчдээ татан унагаасны цаана ямар эрх ашиг байв-

Д.Амарбаясгалан ах дүү анд нөхдөөрөө дамжуулан, бусдын боломжийг хулгайлдаг байдлаасаа хальж, бүр үндэсний хэмжээний аюул тарьсан хүн. Тэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль өргөн барьж батлуулсан. Уг хууль батлагдсанаар гадаадаас импортоор хямд өртөгтэй гурил, тэжээл, улаан буудайг гаалийн албан татваргүйгээр оруулж ирэх боломжтой болж, улмаар тариалан эрхлэгчид гурил үйлдвэрлэгчдээ татан унагаасан. Одоо “Хотоо харлуулсан малчин” гэдэг шиг тариалангийнхаа талбайг харлуулсан тариаланчид, үйлдвэр нь эзгүйрсэн гурил үйлдвэрлэгчид л бий болсон. Ердөө сонгуульд оноо авахын тулд бүхэл бүтэн стратегийн салбараа элгээр нь хэвтүүлчихсэн. Уг нь Д.Амарбаясгаланг энэхүү хууль батлуулахаас өмнө буюу 2024 онд гэхэд 386 мянган тонн буудай хураан авч, үүнээс хүнсний чиглэлд 210 мянган тонныг нийлүүлдэг байв. Харин хуулийг батлуулсан нь газар тариалангийн салбарынханд маш том цохилт болж, өдгөө үзүүлэлт 60 хувь унаж, 40 хувийн импортын хамааралд орсон. Ирэх онд гэхэд 70-80 хувь импортын хамааралд орж энэ салбар бүр мөсөн устах ирээдүйн замдаа нэгэнт гарчихсан. Ерээд онд устаж үгүй болсон тариалангийн салбарыг босгох гэж С.Баярын Засгийн газар атрын аяныг эхлүүлж, тариаланчид маань олон жилийн нөр их хөдөлмөрөөр дотоодынхоо хэрэгцээг хангадаг болж, газар тариалан дагасан иргэд, өрх гэрийн амьжиргаа ч эрс сайжирсан. Гадагшаа экспорт хийх хэмжээнд хөгжиж байсан салбараа ийнхүү татаад унагаачихсан. Газар тариалангийн салбарынхны дунд Д.Амарбаясгалан ямар нэгэн байдлаар өөрийнхөө бизнест ашигтай байх талд гурил импортлогч хэдэн монопол нөхөдтэй тохиролцсон гэх яриа байдаг. Чухам үнэн худлыг бүү мэд. Ямартай ч түүний батлуулсан хууль олон мянган хүнийг ажилгүй болгож, Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд нэгэнт заналхийлсэн. 

-Шинэ хоршоо хөдөлгөөн гэх сонгууль угтсан пиар-

Д.Амарбаясгалангийн Засгийн газарт ажиллаж байхдаа тарьсан балаг гурил, тэжээлээр дуусахгүй. Баруун бүсэд нэр дэвшихийн тулд нутгийнхаа хоёр ахыг жийхээс гадна “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж, зээл олгож эхэлсэн. Энэ хөдөлгөөн нь өнөөдөртөө үр дүнтэй мэт харагдаж байгаа боловч ирээдүй байхгүй. Хөдөлгөөн 2024 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж, нэг жилийн дотор 600 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Өнөөдрийн байдлаар нэг их наяд шахам төгрөгийг зээлээр олгоод зогсоосон. Эргэн төлөлт нь дөрвөн тэрбум төгрөг байгааг дуулгаж байна. Харин зээлийн хүүгийн татаасыг ХХААХҮЯ-ны төсөвт суулгасан хэмээж байсан. Одоо сонгууль дууссан учраас зээл олголтыг “түр” хэмээн хэлээд зогсоосон. Ийн зээл олгохдоо 20 хүртэлх сая төгрөгийн зээлийн 100 хувийг, 40 хүртэлх сая төгрөгийн зээлийн 90 хувийг, 50 саяын зээлийн 80 хувийг Зээлийн батлан даалтын сан дааж байгаа. Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл төдийлөн үр ашиггүй хөдөлгөөн өрнүүлж, татвар төлөгчдийн олон зуун тэрбум төгрөгийг үрэн таран хийж байгаа гэхэд болно. Мэдээж хэрэг зээл аваад үр дүнтэй зарцуулж байгаа хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ энэ хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг татвар төлөгчид төлж байгаа. Өөрөөр хэлбэл тэнд стратегийн гол салбараа татан унагаачхаад сонгуульд өрсөлдөхийн тулд малчдыг хуурч баахан зээл олгоод зогсоочхож байна. Үүний хүүгийн татаас болон алдангийг татвар төлөгчид төлөх нөхцөл байдал нэгэнт үүсчихсэн. Одоогийн байдлаар “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөс болж Зээлийн батлан даалтын сан эвгүйдэж, хүнд байдалд орсон, тиймээс Зээлийн батлан даалтын санг Монголбанкны харьяанд авах нөхцөл байдал үүсчхээд байна. Сонгуульдах гэж ийм зүйл хийж, улсаа хорлож байгаа хүнд юу ч хамаагүй биз ээ. Уг нь нэг их наяд шахам төгрөгөөр Дарханы арьс шир боловсруулах үйлдвэрийг барьж дуусгаад дахиад үйлдвэр барьчих мөнгө. “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж, үр ашигтай байна хэмээн пиар хийж л байна. Үнэн хэрэгтээ арьс шир гэх мэт үнэт бүтээгдэхүүнээ хог дээр хаясан хэвээрээ. Энэ бүгдээс харахаар Д.Амарбаясгалан байнга үндэстнийхээ эсрэг ажиллаж ирсэн байна.

-Хүчингүй тамгатай МАН-ын дарга, баталгаагүй суудалтай Ерөнхий сайд хоёрын зодоон хэзээ дуусах вэ-

МАН-ын Бага хурал болж, Санал тоолоход УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 56 хувь, Ерөнхий сайд Г.Занданшатар 44 хувийн санал тус тус авсан ч дүрэмд заасан 3/2-ын санал аваагүй учраас дахин санал хураахад Д.Амарбаясгалан 321 гишүүнээс 275 гишүүн буюу 85.7 хувийн санал авч Д.Амарбаясгалан МАН-ын дарга болсон. Гэхдээ үүнийг Улсын дээд шүүхээр баталгаажуулаагүй байгаа. Олзолдон тэмцэлдэж байгаагаас харвал МАН-ын даргыг Улсын дээд шүүх дээр бүртгэж баталгаажуулах эсэх нь ч эргэлзээтэй. Нөгөө талаар өмнөх дарга Л.Оюун-Эрдэнийг чөлөөлөх өргөдлөө өгөөгүй, намын даргаас чөлөөлөөгүй байхад хоёр нэр дэвшигч өрсөлдөж, дүрэм зөрчсөн гэх мэт олон асуудлыг Улсын дээд шүүх хянаж байгаа. Тэгэхээр Д.Амарбаясгалан хэдийгээр гишүүдийн олонхоор дарга болсон ч хүчингүй дарга л сууж байна. Нөгөө талаар “Бор тээг”, хүн амины хэрэг, олон компани, тендер, зээл гээд давж гарахад хэцүүхэн асуудал өмнөө овоолчихсон Д.Амарбаясгаланд МАН-ын дарга болоход тун хүнд. Бусдаар бол өрсөлдөгчөө дарж авчхаад байгаа нь үнэн. Их хурал дээр ч цэвэр өрсөлдөөн явуулах юм бол Д.Амарбаясгалан илүүрхэнэ. Гагцхүү саналаар илүүрхэж дарга болохоос өмнө гав дөнгөний асуудал хөндөгдөж байгаа нь яах аргагүй Намын даргын суудлыг түүнээс холдуулах аж. Тиймээс ч өөрийнх нь тухай шүгэл үлээсэн нөхрийг намаас хөөлгөхөөс эхлээд олон кампанит ажил зохион байгуулж байна. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг огцрохтой зэрэгцэн Ерөнхий сайдаар шүүмжлэл дагуулан морилсон хүн бол Г.Занданшатар. Хангай бүсэд арван мандатын нэгийг авч чадаагүй өвдөг шороодсон арчаагүй нөхрийг Ерөнхий сайд болголоо. Энэ яаж Намын дарга болж чадах юм гэх мэтээр шуугьж байсан нь талаар болсонгүй, тэр ялагдал хүлээсэн. Дүрэмд ялсан намын дарга Ерөнхий сайд байх учиртай. Уг нь болж өнгөрсөн Бага хурлаар Намын дарга болж, Ерөнхий сайдын суудлаа баталгаажуулах ёстой байсан ч тэр чадаагүй. Тиймээс тэр баталгаагүй суудалд сууж байгаа сайд. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хууль ёсны Ерөнхий сайдгүй. Эрх баригч нам хүчингүй даргатай байна гэсэн үг. Тиймдээ ч Г.Занданшатар суудлаа хууль ёсны болгочих гээд янз бүрийн акц зохион байгуулж байгаа ч тодорхой үр дүн гарахгүй байна. Ерөнхийдөө хоёр талд л гал тавьж байгаа ч одоогоор байгаа онохгүй байна. Хоёр өрсөлдөгчийн дунд ирэх сарын 15, 16 хүртэл ширүүн тулаан өрнөнө. Хоёр нөхрийн тулаан Төрийн ажил руу нэгэнт орчихсон. УИХ, Байнгын хорооны хуралдааныг гацааж эхэлсэн. Энэ нь Төрийн ажлыг гацааж, ард түмний амьдралд нөлөөлж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр нөхрийн зодоон дуусаж байж сая амьдрал өрнөх нь тодорхой болжээ.

 Их Мэдэгч

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.