0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн 2026 оны төлөвлөгөөний хүрээнд “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн оролцогч 31 ажилтан 9 дүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд Өмнөговь аймагт “Өөрчлөлтөөр манлайлъя” туршлага судлах аяллыг амжилттай зохион байгууллаа.
Аяллын зорилго нь ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн томоохон байгууллагуудын менежмент, манлайллын туршлагыг газар дээр нь судалж, ажилтнуудын манлайлах чадвар, өөрчлөлтийг хүлээн авч хэрэгжүүлэх сэтгэлгээг хөгжүүлэх явдал байв.
Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Авто тээврийн цех, Ус хангамжийн цех, Эдийн засгийн хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс зэрэг олон бүтцийн нэгжийн ажилтнууд аялалд хамрагдсан бөгөөд тэд Эрдэнэтээс Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумд, Улаанбаатар хотоос буцаж Эрдэнэт хүрсэн 1,800 гаруй км замыг автобусаар туулав.
Хөтөлбөрийн оролцогчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 онд ашиглалтад орсон, жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай Нүүрс Баяжуулах үйлдвэр, Ил уурхайн үйл ажиллагаатай танилцаж дараа нь “Энержи Ресурс” ХХК-ийн Баяжуулах үйлдвэр болон Монгол инженерүүдийн бүтээсэн, говийн нөхцөлд усыг хамгийн бага хэрэглэх, хуурай хөргөлтийн технологитой, ердийн цахилгаан станцуудтай харьцуулахад 4-5 дахин бага ус ашигладаг онцлогтой Ухаа худаг цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцав.
Мөн Ханбогд суманд “Оюу толгой” ХХК-д зочилж, Баяжуулах үйлдвэр, Ил уурхайн үйл ажиллагаатай танилцаж, дэлхийн жишигт нийцсэн уул уурхайн бүтээн байгуулалт, ажлын соёл, аюулгүй ажиллагааны туршлагыг судаллаа.
Оролцогчид судалсан туршлагаа өөрсдийн ажлын байранд хэрэгжүүлэх, багийн гишүүдтэйгээ хуваалцах боломжтой гэдгийг онцолж байв.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.