0
Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар хоёр талд бие биеэ унагаахаар гарын үсэг цуглуулаад эхэлсэн нь улс төр, нийгэмд үүсээд байгаа асуудлыг улам өрдөж байна. Эцэст нь хоёулаа огцрох замаа засчихав уу гэмээр харагдана. Эрхэм хоёрын хар өрсөлдөөн эрэг савнаасаа аль эрт хальж одоо эргээд өөрсдийгөө танихгүй болтол “нүдэлдсэн” байна. Ерөнхий сайдыг огцруулах гишүүдийн гарын үсэг цуглуулаад УИХ-ын дэд даргад өргөн барьчихсан. Хэрвээ мэдээлж байгаа тоо үнэн бол Г.Занданшатар уналаа гэсэн үг.
Нөгөө талд УИХ-ын даргыг огцруулах бичигт цөөнгүй гишүүн гарын үсэг зурсан гэхээр бас л унах босго тулчихаж. Одоогийн байдлаар шүү дээ. Нийт гишүүдийн 50 хувь дээр + нэг буюу 64-өөс дээш гишүүн дэмжвэл хоёулаа огцрох хуулийн зохицуулалттай. Одоо аль нэг нь сонгогдсон ч, хоёулаа унасан ч хамаагүй. Хамгийн гол нь нийгэмд үүсээд байгаа энэ үймээн шуугианыг эцэс болгож ажил төрлөө явуулах нь чухал болоод байна. Ард түмэнд хэн дарга байх нь үнэндээ чухал биш. Төрийн аль ч шатанд ажил гацаж эхэлсэн. Өвөлжилтийн бэлтгэл, хадлан, тарианаас эхлээд эрчим хүчний асуудал гээд тоочвол болж байгаа асуудал нэгээхэн ч үгүй. Манай улсын нийгэм, эдийн засгийн байдал ч сайнгүй, эрхэм дээдсүүд л хөөстэй тоо танилцуулж байгаагаас өөр гэрэл гэгээ тун ховор. Ийм нөхцөлд үтэр түргэн нэг талдаа гарах ёстой. Тэгэхээр УИХ даргыг, Ерөнхий сайдыг огцруулна гээд яваад байх юм. Чухам ямар тохиолдолд огцрох вэ гэдэг асуудал бий. Монгол Улс чинь Үндсэн хуультай, хуулийн дор амьдардаг иргэдтэй орон. Тиймээс нийгэмд ширүүхэн гал асаасан хоёр эрхэм ямар тохиолдолд огцрох вэ гэдгийг харъя.
УИХ-ын даргыг огцруулах хууль зүйн үндэс
Өрнөж буй үйл явцаас харахад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна гэхэд болно. Тэгвэл УИХ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлд “УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах” тухай заажээ. Ингэхдээ 12.1-д ”УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд түүнийг хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно” хэмээсэн бөгөөд гурван тохиолдолд огцруулж болох юм байна.
Нэгдүгээрт, УИХ-ын тухай хуулийн 12.2.1-д “УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан” тохиолдолд,
Хоёрдугаарт, тухайн хуулийн 1.2.2.2-т “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд,
Гуравдугаарт, мөн хуулийн 12.2.3-т “УИХ-ын нийт гишүүний олонх УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн” гэх гурван үндэслэлээр огцруулах юм байна.
Тэгэхээр одоогийн байдлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус хуулийн гурав дахь үндэслэлээр огцроход бэлэн болжээ гэсэн үг.
12.3.Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлөх, огцруулах асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
Ерөнхий сайд огцруулах хууль зүйн үндэс
Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд ч гэсэн “дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж” байна. Тодорхой хэлэхэд гарын үсэг зурчихсан гишүүдээр бариулчихсан хаашаа ч хөдлөх аргагүй болчихсон байна. Эрх биш Засгийн газрын гишүүд түүний хамаарал бүхий нөхдөд найдахаас өөр аргагүй болчихсон. Тэгэхээр Ерөнхий сайд ямар тохиолдолд огцордог вэ гэхээр Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуульд тус тус зааснаар Ерөнхий сайдыг дараах гурван үндэслэлээр огцруулж болдог байна.
Нэгдүгээрт, Ерөнхий сайд өөрөө огцрох хүсэлт гаргавал,
Хоёрдугаарт, Ерөнхий сайд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д оруулбал,
Гуравдугаарт, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д тавивал тухайн өдөр хэлэлцсэн даруйд олонхын саналаар шийдвэрлэж огцорно.
Мөн Засгийн газрын тухай хуулийн 22.1-т зааснаар Ерөнхий сайд өөрөө биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлэх хуультай байна.
Их мэдэгч
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.