0
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо, улмаар УИХ-ын чуулган хуралдах товчтой байсан ч хойшиллоо. Энэ нь чухам хууль эрх зүйн асуудал байв уу, талууд тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байна уу гэх асуудал дагуулж байна. Үнэн хэрэгтээ хоёр өрсөлдөгч тохиролцоонд хүрсэн ч, өрсөлдөөд нэг нь ялсан ч өөрсдийнхөө булхайг олон нийтэд дэлгээд зогсохгүй МАН-ын, энэ төрийн, ханилж хамгаалж явсан нөхдөө гээд бүгдийнх нь хулгай дээрмийг улс даяар зарлан тунхаглачихлаа. Одоо цааш явах ямар ч гарц харагдахгүй байна, яая гэхэв.
Тиймээс тохиролцсон, ялсан ялагдсан аль ч тохиолдолд болж өнгөрсөн хугацаанд өрнөсөн баримт фактууд ард түмний ойн санамжид хадгалагдан үлдэнэ. Тохиролцлоо гэхэд Д.Амарбаясгалан УИХ-ын суудалдаа ял зэмгүй үлдэж, Г.Занданшатар ч гэм зэмгүй Ерөнхий сайдаа үргэлжлүүлэн хаших ийм л тохироо учраас түмэн олон хоёр хулгайчаар төр удирдуулахгүй гэх тэмцэлд ч хүрч таарна. Өөрсдөө л бүгдийг илчилж гаргасан, яая гэхэв.
Эсвэл чигээрээ “нүдэлцээд” МАН-ын Их хурлаар нэг нь ялагдаж, нөгөө нь ялах тухай бодож сууж болох юм. Ийм зүйл болох ч үгүй болов уу. Боллоо гэхэд ялсан нь гэм зэмгүй албаа залгуулна. Ялагдсан нь нэгэнт баримт дэлгэгдсэн учраас гэмт хэрэгт ороогдоно. Аанай л ард түмний эсэргүүцэлтэй тулна. МАН хуваагдсан хэвээр байна гэсэн үг. Хамгийн гол нь энд улс төр, бизнес бүлэглэлийн тулаан өрнөж, ялсан, ялагдсан ч хоёулаа “Эм Си Эс”, эсвэл “Бодь” гэсэн дардас духандаа нааж үлдэх ийм л эмгэнэлтэй хувь заяа тэднийг тосон уулзана. Тэд өөрсдөө л энэ бүхнээ зарлан тунхагласан, яая гэхэв.
Тэгэхээр уул уурхайгаа уудалж, булхайгаа төнхөж байгаа эрхэм хоёрын аль нь ч МАН-ын дарга болохгүй, аль нь ч УИХ-ын дарга, Ерөнхий сайдын суудалдаа үлдэхгүй л болов уу. Тэс өөр дүр гарч ирэхгүй бол МАН муухай харагдахаас гадна ирэх 2028 оны сонгуульд ялалт горьдохын ч хэрэггүй. Ард түмний дунд ч МАН гэсэн үзэн ядалт үлдэнэ.
Тэгэхээр Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч энэ бүхнийг бодолцож, цоо шинэ дүр гаргаж ирэхгүй бол удирдаж явсан МАН дотор, улмаар улс оронд эргэж нэгдэхэд хэцүү үймээн гарч ирж магад хэмээн бодож байгаа нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл түүнд атгаад үлдсэн хөзөр байж л таарна. У.Хүрэлсүх хэдийгээр нам бус, хөндлөнгөөс оролцох хууль, эрх зүйн орчин үгүй ч МАН-аас нэр дэвшиж, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч. Түүнд ард түмний эв нэгдлийг эрхэмлэх үүрэг нь хуулиар бий.
Гагцхүү тэр хөзөр нэр цэвэр, ямар нэг бүлэглэлд дансгүй, хулгай дээрэмд холбогдоогүй хүн байх ёстой. Олны таамаглаж байгаагаар залуу үеийн төлөөлөл, нэр цэвэр Тэргүүн Шадар сайд Н.Учралыг хэмээн нэрлэж байгаа ч нас залуу, хөнгөдөж мэднэ хэмээн болгоомжилж байна. Нөгөө нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг гэж байгаа боловч хэтэрхий зөөлдөнө. Намыг өөрийн гэсэн өгөгдөлтэй, хөдөлгөөнтэй хүн удирдах ёстой гэсэн санаа гаргаж. Тэгэхээр МАН-ын дунд үеийн төлөөллүүдээс намыг ч Гүйцэтгэх засаглалыг ч аваад явчих хүн цөөнгүй бий. Чухам тэр нь Ерөнхийлөгчийн санал болгох хөзөрнүүдэд байна уу, үгүй юу. Түүнээс УИХ-д хэд хэд сонгогдож, Засгийн газрын түвшинд ч удаа дараа ажиллаж, хал үзэж халуун чулуу долоосон нөхөд байлгүй яахав. Ямартай ч МАН-ын дарга Д.Амарбаясгалан ч болохгүй, Г.Занданшатар ч болохгүй нь тодорхой болж байх шиг.
Харин ил далд Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудал амлачихсан хоёр нөхөр баримт дэлгэх нь дэлгэж, гарын үсэг цуглуулах нь цуглуулаад гүйгээд л байна. Хаана очиж хамраараа хатгах юм бол доо. Ийн хаачихаа мэдэхгүй нөхөд ч цөөнгүй үлдэнэ.
Их Мэдэгч
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.