dobu.mndobu

Албан тушаалын төлөө гүйсэн “цөөвөр”-үүд яах вэ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-11

Албан тушаалын төлөө гүйсэн “цөөвөр”-үүд яах вэ

Ах намын даргын төлөө “цус”-аа гартал үзэж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэгэнт мухардалд орчихсон. Цааш явах аргагүй болсон учраас гуравдагч этгээд ямар нэг өрсөлдөгчгүйгээр шахам МАН-ын дарга болох нөхцөл бүрдэж байна. Энэ хоёр эрхэм эргээд уулзах нүүргүй болох ч дүүрч, эргэн улс төрд байх уу, үгүй юу гэдэг асуудал тулчихсан. Тэд ч шуударсан байх.

Гагцхүү албан тушаал горилж, хоёр талд гүйлдсэн “цөөвөр”-үүд ихээхэн хохирч үлдэнэ. МАН дотор лавтай найз нөхөд, бүлэглэлгүй, бүр МАН-гүй ч болж мэдэхээр үйлдэл хийж байгаа нөхдүүд цөөнгүй бий.

УИХ-ын даргад хүн амины хэрэг тулган, “Бор тээг”-ийн уурхайн далд эзнээр тодруулан гарч ирсэн Б.Энхбаярыг Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа нийтэд мэдээлчихсэн. Одоо яана.

Нөгөө талаас П.Сайнзориг гэх нөхөр Ерөнхий сайдад Монгол Улсын Үндсэн хууль, парламентын засаглал руу халдсан гэх ял тулгахын зэрэгцээ Засгийн газрынхаа 100 хоногийнхоо хүрээнд эдийн засаг өсөж байна гэж огт худал мэдээлэл тараасан хэмээн огцруулах гарын үсэг цуглуулсан. Анзаарч байхад Д.Амарбаясгалан талаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудал амласан нь илт харагдана. Баярлахдаа сэтгүүлчид рүү боорлож, арай л “Би хууль зүйн сайд шүү” хэмээн хашхирахдаа тулчихсан гүйж явна. Одоо яана.

Мөн Г.Занданшатарын талаас УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин УИХ-ын даргыг бүрэн эрхээ түдгэлзүүлж байгаад холбогдоод байгаа асуудлуудаа хууль хяналтын байгууллагуудад шалгуулахыг шаардан гарын үсэг цуглуулсан. Д.Энхтүвшингийн энэ үйлдлийг “Эм Си Эс”-ийн эрх ашиг гэж харж байгаа нь нэг хэрэг ч аанай л албан тушаалын нэр дуулчихсан яваа нь илт.

Гэтэл Д.Амарбаясгалан талаас А.Ариунзаяа гэх эмэгтэй Г.Занданшатарыг огцруулах ажиллагааг манлайлан гүйж байгаа нь өвөөгийнхөө нэр нүүрээр сайдын суудлын амтанд орчихсон учраас улайрч байгаа бололтой. Тэгээд ч энэ эмэгтэйн цаад талд асар том тендерчид, МАН-ыг санхүүжүүлэгчид байдаг учраас тэднийхээ төлөө ч гүйж байхыг үгүйсгэхгүй.

Энэ мэт ил далд “цөөвөр”-үүдийн улс төрийн ирээдүй яах вэ. Өрсөлдөж буй хоёр даргын нэг нь ялж, нөгөө нь ялагдана. Гэвч хоёулаа “туугдах” нөхцөл бараг бүрдчихсэн байна. Орчлонд маргааш болдгоороо болж, амьдрал үргэлжилнэ. Яана даа, “цөөвөр”-үүд минь.

Их мэдэгч  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.