dobu.mndobu

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Мөн “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхтэй холбоотой 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, Гадаад хэргийн сайд Др.Субрахманям Жайшанкар, Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарыг хүлээн авч уулзан, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Гандигийн дурсгалын “Ражгат” цогцолборт цэцэг өргөн, Ерөнхий сайд Нарендра Моди-той дурсгалын мод тарьж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн нээлтэд оролцоно.

Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан орон” сэдэвт тоглолт, гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн зохион байгуулна.

Хоёр улс 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, 1956 онд Элчин сайд нараа харилцан томилсон түүхтэй. Манай улс 1956 онд Шинэ Делид, Энэтхэг Улс 1971 онд Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо нээсэн.

Хоёр улс:
  • 1973 онд Монгол, Энэтхэгийн Хамтарсан тунхаглал,
  • 1989, 2001, 2015, 2019 онд Хамтарсан мэдэгдэл,
  • 1994 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны мэдэгдэл гаргаж,
  • 2009 онд “Иж бүрэн түншлэл”-ийн,
  • 2015 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоожээ.

Монгол, Энэтхэгийн хооронд харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой 60 орчим баримт бичиг байгуулсан. Тухайлбал:

  • “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” /1994 он, Дели/,
  • “Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” /1994 он, Улаанбаатар/,
  • “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр” /1994 он, Дели/,
  • “Дипломат албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр” /2005 он, Дели/,
  • “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл” /2015 он, Улаанбаатар/,
  • “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” /2015 он, Улаанбаатар/,
  • Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” /2015 он, Улаанбаатар/,
  • “Ялтан шилжүүлэх тухай гэрээ” /2015 он, Улаанбаатар/ зэргийг дурдаж болно.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.