0
Засгийн газар тэвчиж болох зардлыг хэмнэж байгаад багш, эмч нарын цалин болон ахмадын тэтгэврийг нэмнэ гэж байгаа ч боломж байхгүй. Тиймээс бидэнд ганцхан шилдэг арга байна. Бид ямар сураагүй биш, нууц гэрээ байгуулж байгаад эмч багш нарын цалин, ахмадынхаа тэтгэврийг нэмчих. Их амархан.
Туршлагатайгаар нь Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханд Боловсролын сайд П.Наранбаярыг хөтлүүлээд Хятад руу явуулчих. Цалин нэмэхэд шаардлагатай 831 тэрбум төгрөг бүү хэл алдагдалтай ч гэсэн хэдэн сая тонноор нь нүүрсээ зарчхаад бөөн доллар, юань хормойлоод хүрээд ирнэ.
Ер нь ганцхан “Женко” Х.Баттулгын нөлөөгөөр хувийн хэвшлийн “Бодь” гэх группэд хэдэн сая тонноор нь нүүрс зарах нууц гэрээ байгуулж өгч болдог биз дээ. Тэгэхээр гал алдсан Монгол Улс эмч, багш нартаа нэг удаа нууц гэрээ байгуулаад өгчхөд болохгүй зүйл үгүй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ахынхаа студид мөнгө өгөхийн тулд асуудлыг нь төрийн нууцын зэрэгт авч байгаад өгчхөж болж байхад багш нартаа хэдэн төгрөг нуугаад өгчхөд яадаг юм.
Б.Дэлгэрсайхан сайд хил холболтын аравхан километр төмөр замын байгууламж барихын тулд улсад 36 их наяд төгрөгийн алдагдалтай нууц гэрээнд хавчуулагдаж байхад гуравхан их наядын алдагдалтай ч болтугай нууц гэрээ байгуулаад тэдний цалинг нэмчих. Ямар үеэ өнгөрөөсөн сайд дарга нарын халаасанд орж байгаа биш, Монгол Улсын ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт биз дээ.
Үүнээс өөр боломж бидэнд байхгүй. Ядахад Шаргал ордонд эрх мэдлийн төлөөх тулаан зун намрын сар өртөөлөн өрнөж, УИХ-ын дарга ч үгүй, Ерөнхий сайд ч үгүй болсон. Харин ордны гадна багш нар жагсаж, цалингаа нэмэхийг шаардаж байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатар огцрохоосоо өмнө Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрлээ гэж байсан. Одоо харин энэ шийдвэр хүчинтэй эсэхийг мэдэхгүй.
Хүчинтэй байлаа ч энэ засагт эмч, багш нарын цалинг нэмэх ямар ч боломж байхгүй. Энэ оны төсвийн орлого тасарч, алдагдал төсөөллөөс давсан. Ирэх оныхоо төсвийг ч хэлэлцэж чадахгүй эрх мэдлийн төлөө үзсээр сууна.
Засгийн газраас мэдээлэхдээ багш, эмч нарын цалин болон тэтгэвэр нэмэхэд нийт 830 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Ингэхийн тулд салбар яамдын үйл ажиллагааны урсгал зардлаас 10 хувиар танах аргагүй нөхцөл байдал үүснэ гэжээ.
Гэвч Сангийн сайдын хэлж байгаагаар бол төсөвт 831 тэрбум төгрөгийг тусгахын тулд улсын төсөвт нөөц боломж гэж байхгүй. Маш их танаж, ноднингоос хойш хоёр удаагийн том тодотгол хийж, дөрвөн их наяд төгрөгөөр танасан төсөв энэ хүрээд дуусаж байна гэсэн үг. Тэгэхээр төрийн яам тамгын газрын урсгал зардлыг 10 хувиар хасаж байж, энэ орон зай гарна. Энэ тийм амар зүйл биш. Төрийн үйл ажиллагааг 10 хувиар хойш татна гэсэн үг гэдгээ ч нуусангүй. Энэ бол арга буюу шахалтад орсон Засгийн газрын гаргаж ирсэн шийдвэр. Түүнээс хэрэгжих эсэх нь ч тодорхойгүй зүйл. Шуудхан хэлэхэд цалин нэмнэ гэж байгаа ч боломжгүй. Тиймээс бидэнд ганцхан шилдэг бөгөөд сурсан арга байгаа, нууц гэрээгээ л байгуулчих.
Их Мэдэгч
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.