Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьж, улмаар улс төр, нийгэмд үүссэн талцал үймээнийг Үндсэн хуулийн цэц маргааш нэг талд нь гаргах бололтой. Хэдийгээр Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргаад цааш явах ч маргаантай асуудлууд олон байна. Хэрэв Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл үүнийг “хэргээр” зөрчсөн УИХ-ын гишүүдийг яах юм. “Хэргээр” гэдэг нь тэд Хууль тогтоох хамгийн дээд байгууллагын гишүүд учраас наад захын энэ заалтаа мэдэх учиртай. Гэтэл тэд өөрсдөө мэдсээр байж Үндсэн хуулиа зөрчиж байхад ямар ч хариуцлага хүлээлгүй үлдээх учиргүй санагдана. Тухайн өдрийн Төрийн байгуулaлатын байнгын хороо даргалсан нөхөр, хууль зөрчихөд санал нэмэрлэсэн гишүүдийг юуны өмнө хариуцлагад татах эрүүгийн хуулийн процесс үүсэж байна гэсэн үг.
Яагаад гэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий сайдыг огцруулахгүй байхыг дэмжих үү” гэдэг томьёоллоор санал хураасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Хуульд “огцруулахгүй байхыг дэмжих үү” гэсэн томьёолол байхгүй, гагцхүү “огцруулахыг дэмжих үү” гэсэн заалт байгааг дурдсан. Тэгэхээр энэ хууль зөрчсөн заалтын дагуу УИХ-ын чуулганы хуралдаан хэлэлцэж, Ерөнхий сайдыг огцруулсан учраас үүнд оролцож дэмжсэн 71 гишүүнд хариуцлага тооцох уу.
Нэгэнт Үндсэн хууль зөрчсөн гэх эцсийн шийдвэр гарчихсан байхад хууль зөрчсөн нөхөд нь ямар нэг хариуцлагад татагдахгүй явна гэж байх уу. Хэрвээ хариуцлагад татахдаа тулбал асуудлыг эрүүгийн хэрэг рүү оруулж байж шийдвэрлэх байх. Манай улсад урьд өмнө ийм шийдвэрт тулж байсан практик алга. Тэгэхээр Олон улсын парламентын холбоо хүртэл явах юм уу, өөр бусад арга зам байгаа юу гэх мэт олон асуудал байна.
Харин УИХ-ын гишүүдийн тал илүү хувь нь Үндсэн хуулиа зөрчиж, эрүүгийн хариуцлага хүлээхдээ тулбал УИХ тарахаас өөр сонголт байхгүй. Энд УИХ-ын гишүүд өөрсдөө УИХ-ыг тараах санаачилга гаргаж болно, мөн Ерөнхийлөгч УИХ-ыг тараах үндэслэл гаргаж болно. Зарим гишүүд УИХ-ыг тараа хэмээн бухимдаж байгаа харагддаг. Яг тарахдаа тулбал тарж чадах уу гэдэг асуудал бий. Бусдыг хулгайч хэмээн хашхирч байгаа нөхөр өөрөө хулгайч байдаг юм гэсэн. УИХ тар хэмээн хашхирч байгаа гишүүд өөрсдөө тарах чин хүсэлгүй байгаа нь ойлгомжтой. Дараах тохиолдолд УИХ тарах хууль эрх зүйн орчинтой юм байна.
Ерөнхийлөгч дараах тохиолдолд УИХ-ыг тараах шийдвэр гаргана
УИХ-ын тухай хуулийн 34.3.1-д Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор УИХ Ерөнхий сайдыг томилоогүй бол,
34.3.2-т Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор УИХ Ерөнхий сайдыг томилоогүй бол,
34.3.3-т Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор УИХ шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол,
34.4-т Энэ хуулийн 34.1, 34.3-т заасан шийдвэр гарснаас хойш УИХ 10 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, 60 хоногийн дотор сонгууль явуулна. Шинээр бүрдсэн УИХ бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
34.5-д УИХ өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч УИХ-ыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна
УИХ-ын гишүүдийн 3/2 нь санал нэгдэж УИХ-ыг тараах шийдвэрт хүрнэ
34.1.1-д УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаасаа өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол
34.1.2-т Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн УИХ хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол
34.2-т Энэ хуулийн 34.1.1, 34.1.2-т заасан тогтоолын төслийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухай тогтоол баталсанд тооцно.
34.5-д УИХ өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч УИХ-ыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна гэж тус тус заажээ.
Их Мэдэгч