Хэдийгээр ширүүн өрсөлдөөн өрнөж, Д.Амарбаясгалангийн талд хүч давамгайлж байсан ч Г.Занданшатарын Засгийн газар огцорч, Ерөнхийлөгч хориг тавьж, эцэст нь Үндсэн хуулийн цэц хэлэлцэхдээ тулахгүй байв. УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй дуншиж байгаад хуулийн хугацаа болж, Г.Занданшатарт Ерөнхий сайдаараа үлдэх боломж байсан. Ямартай ч тэр өдөр огцрохгүй байв. Гагцхүү Ерөнхийлөгч асан Х.Баттулга ирц бүрдүүлж өгснөөр огцорсон болов уу. Тодотговол, ирц хүрэхгүй байсан УИХ-ын чуулганы танхим руу Д.Ганбат, Д.Жаргалсайхан, Б.Түвшин, Г.Хосбаяр нарын гишүүдийг “тууж” оруулсан хүн нь Х.Баттулга.
Нэгэнт ийн ирц бүрдэхээр Г.Занданшатарын талд зогсож байсан гишүүд чуулганы танхимд орж ирэхгүй гээд яах юм. Д.Жаргалсайхан бол яах аргагүй “Женко”-гийн хүн. Нутаг нэгээс гадна Х.Баттулга Д.Жаргалсайханыг Баянхонгор аймгийн АН-ын дарга, аймгийн Засаг даргаар дэмжиж, сүүлд Ерөнхийлөгч байхдаа бүтэцдээ авч ажиллуулан, улмаар төмөр замын ажлыг даалгасан. Тиймдээ ч түүний гараас Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хүн. “Женко”-гийн “Далайсан газар нь далд орж, далласан газар нь гарч ирэх” тийм л хүн.
Д.Ганбатын хувьд өөрийнхөөрөө зоргоороо харагдах ч Х.Баттулгатай нутаг татахаас гадна эрх ашгийн холбоо бий учраас танхим руу туугдахаас өөр аргагүй. Завхан аймгийн гаралтай Г.Хосбаярын хувьд спорт цогцолбор барихаар манаргаж явахдаа авлигын байж болзошгүй хэрэг мандуулж, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгын далбаанд замхарсан гэх мэдээлэл ч байдаг. Энэ утгаараа Г.Хосбаяр “Женко”-гийн үгнээс гарахгүй байх. Б.Түвшин нь чухам ямар холбоотойг сайн мэдэхгүй юм. Бодоход эрх ашиг байж л таарна.
Ингэхэд Х.Баттулгад Г.Занданшатарын Засгийн газрыг унагаах ямар шалтгаан байв гэдэг нь ихээхэн сонирхол татна. Юуны өмнө МАН-ын даргын төлөөх ширүүн тулаан дунд “Бодь” группийн нууц гэрээнүүд ил болж, үүнд Х.Баттулга холбогдож, бүх гэрээг нь ч ил болгочихлоо. Түүний найз Д.Баясгалан нарын луйврын нууцад том том асуудал бий. Хамгийн гол нь Г.Занданшатар хулгайтай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж, ил далд олон асуудлыг хөндөж эхэлсэн. Үүний ихэнхэд нь “Женко”-гийн нэр холбогдож байгаа. Тиймээс ах намын өрсөлдөөн дундаас Засгийн газрыг унагаах боломж гарсан учир “дагуулаад тонгорох” заль мэх Х.Баттулгаас элбэг гарна.
Түүнээс хэдий өрсөлдөөн тулаан дундуур явж байсан ч Г.Занданшатар гар хүрэх төдийд уначихааргүй байсан. Тэгээд ч Засгийн газарт унах ямар ч шалтгаан байгаагүй. Г.Занданшатар Засгийн газраа байгуулаад 100 гаруйхан хонож байгаа. Энд алдаж оноод ажиллаад байсан зүйл алга. Хууль зөрчөөд байсангүй. Эдийн засгийн үзүүлэлт нь уул овоо шиг байгаагүй ч уруудаж шалан дээр унаагүй. Харин ч экспортын орлого огцом буурсан хүнд үед үүнээс гарах арга эрэлхийлж, стратегиа боловсруулаад жигд ажиллаж байсан Засгийн газар. Тэр ч бүү хэл ямар ч боломжгүйн дундаас эмч багш нарын цалин хөлс болон ахмадуудын тэтгэврийг нэмэх шийдвэрт хүрчихсэн. Үүнийхээ эх үүсвэрийг төсөв захиран зарцуулагч 35 төрийн байгууллага буюу яам, тамгын газрын урсгал зардлыг танаж гаргахаар шийдвэрлэсэн. Өмнөх Засгийн газрын алдаа оноог цэгнэж, төлөвлөгөө боловсруулж байсан Засгийн газарт унах ямар ч шалтгаан байгаагүй. Улс төрийн талаасаа ч “дээсэн дөрөөн дээр” үлдэх боломж байсан. Д.Амарбаясгалан хүч түрж байсан ч тухайн өдрийн улс төр өөр тийш эргэчихсэн байв. Өөрөөр хэлбэл Г.Занданшатарын эсрэг байсан МАН-ын бүлгийн гишүүд төдийгүй АН-ын зарим гишүүд ч өөр тийш эргэж байв.
Анхнаасаа л олон хуулийн хил хязгаарыг давж зөрчин Ерөнхий сайдыг огцруулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Үндсэн хууль зөрчиж, буруу томъёоллоор санал хураасан. Үүн дээрээ үндэслэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн.
Ерөнхий сайдыг огцруулах пүрэв гариг буюу аравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаан үдээс хойш эхэлж, баасан гарагт заавал шинээр ирцээ бүртгэж, хуралдаан эхлэх хууль ёсны нөхцөлийг хангах ёстой байв. Гэтэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Өчигдрийн ирц дээрээс үргэлжилнэ" гэж үзсэн нь Дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.
Энэ мэт олон зөрчил дунд өрнөсөн хурлын ирц дээр Х.Баттулга дагуулаад тонгорчихсон хэрэг. Үндсэндээ Г.Занданшатарыг Д.Амарбаясгалан ч унагаачихсан хэрэг биш.
Их Мэдэгч