dobu.mndobu

С.Бямбацогт: Эрүүл мэндийн даатгалын санд 280 тэрбум төгрөгийн өр үүсэх тооцоололтой байна

С.Бямбацогт: Эрүүл мэндийн даатгалын санд 280 тэрбум төгрөгийн өр үүсэх тооцоололтой байна

Өнөөдрийн /2025.11.05/ Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн олон улсын аудит оруулахаар боллоо. Мөн тус компанийн сүүлийн 15 жилд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг нээлттэй байршуулж, ил тод байдлыг хангахаар болов.

Түүнчлэн эрүүл мэндийн зарим байгууллагын удирдлагууд хуурамч нэхэмжлэл үүсгэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг завшсан байж болзошгүй 229 мянга гаруй зөрчлийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар болжээ.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.

Тэрбээр "2010 оноос хойш нүүрс экспортолж борлуулалт хийж байгаа. Үүнтэй холбоотой олон хардлага, хулгай ил тод биш гэсэн асуудал яригддаг. Үүнийг шийдвэрлэх талаар Засгийн газраас шийдвэр гаргалаа. 

2010-2025 он буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хийсэн нүүрсний худалдах, худалдан авах гэрээнүүдийг ил болгох шийдвэр гаргалаа. 

2022 онд анх хил холболтын биш Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Тавантолгой төмөр замтай холбоотой гэрээнүүдийг ил болгож байсан. 10 гэрээг 2022 онд нууцын зэрэглэлээс  гаргаж, ил болгосон. Одоогоос сарын өмнө оффтейк гэрээнүүдийг ил болгосноор 40 гэрээ ил болсон.  2010-2025 буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд Эрдэнэс Тавантолгой компани 586 нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр 581 гэрээг ил болгох шийдвэр гарсан. "Эрдэнэс Тавантолгой" сайт дээр уг гэрээг холбогдох мэдээллийн хамт байршуулахаар болсон. Таван гэрээ нь ямар үлдсэн бэ гэхээр ам нөхцөлтэй олон улсын томоохон компаниудтай байгуулсан гэрээ үлдсэн. Тус компаниудаас зөвшөөрөл авч байж ил болгох үйл явц явагдаж байгаа. Удахгүй ил болгоно гэж найдаж байгаа. Энэ гэрээг нээлттэй болгосноор Эрдэнэс Тавантолгой холбоотой хардлага сэрдлэг, аливаа асуудлууд нээлттэй болно. 

Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу "Эрдэнэс Тавантолгой" компанийг нээлттэй хувьцаат компани болгох шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар сүүлийн гурван жилийн тайланд аудит хийлгэхээр болж байна. 

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" компани 176 сая нүүрс олборлож, 166 сая тонн нүүрс борлуулж, 37 их наяд төгрөгийн орлого олж улсын төсөвт 10,8 их наяд төгрөгийн татвар төлжээ. 2,2 их наяд төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгожээ.  

2020 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Эрүүл мэндийн даатгалын сан нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Харамсалтай нь энэ сангийн өр төлбөр нэмэгдэж дампуурлын ирмэгт тулаад байна. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2,6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан.

Тэгвэл 2021 онд 264 тэрбум, 2023 онд 218 тэрбум,  2024 онд 316 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн. Үүнийг байнга улсын төсвөөс төлж байгаа. 2025 онд 280 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэх тооцоололтой байна. 

Хязгаарлагдмал эх үүсвэртэй хэр нь хязгааргүй санхүүжилт олгож байсан гажуудал энэ санд бий болжээ. Тухайлбал,  Батлагдсан төсвийг 2023 онд 184 тэрбум төгрөгөөр 2024 онд 200 орчим тэрбум төгрөгөөр хэтрүүлж олгожээ. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл ажлаа хийж байна. 

Тухайлбал, Нэг иргэн сар бүр эмнэлэгт хэвтэж 118 сая төгрөгийн эмчилгээ авсан.

Мөн нэг иргэн жилд 346 удаа амбулаторийн үзлэг хийлгэсэн буюу бараг өдөр бүр эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч үүнд нь 12 сая төгрөг зарцуулсан байна.

Мөн нэг иргэн 61 удаа 63 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт эдэлсэн байна. Даатгалд төлсөн шимтгэл нь 300-600 мянган төгрөг төлөөд ийм хөнгөлөлт эдлэхээр юу болох вэ.

Бид иргэдийг буруутгаагүй. Үүнийг хянах ёстой ЭМД-ын удирдлагуудыг ажлаа хийж чадаагүй, шалгах ёстой гэж үзсэн. Хуурамч нэхэмжлэл үүсгэсэн байж болзошгүй. Энэ үнэн байсан эсэхийг цэгцлэх ёстой" хэмээв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.