0

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан З.Нарантуяатай ярилцлаа. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 12-нд Засгийн газрын хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм.
-Та Хөгжлийн банкны захирлын албан тушаалд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард томилогдож байсан. Яг нэг жилийн дараа ажлаа өглөө. Энэ хугацаанд юу хийв. Онцлох ажлуудаасаа дурдвал...
-Би Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр нэг жил ажилласан. Энэ банк санхүүгийн чадварын хувьд нэлээд хүндрэлд орчихсон байсан. Бүх үзүүлэлтийнх нь ихэнх нь хасах тал руугаа орчихсон. Нэг жил ажилласны дүнд өнөөдөр энэ банкийг 1 их наяд 370 орчим тэрбум төгрөгтэй болгоод, төлбөрийн чадварын хүндрэлээс гаргаж өгсөн.
Мөн Хөгжлийн банк 350 орчим сая долларын өр, авлагатай байсан. Энэ бүгдийг төллөө. Ирээдүйд энэ банк ашиг, алдагдлаа тэнцүүлэхийн тулд шинээр зээл олгох, сайн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр хэрэгтэй. Тэр эх үүсвэрийнх нь мөнгийг олж, авч ирээд тавьчихсан.
Хөгжлийн банканд дахиж өмнөх шиг нь муу кэйс бий болгохгүйн тулд эдийн засгийн хувьд үр ашигтай, хамгийн чухал, төрөөс хамааралтай бус төслүүдийг санхүүжүүлэх учиртай. Үүнийг хэрхэн хийх арга зам, дүрэм журам, бодлогыг нь батлаад, хүмүүсийг нь сургаад орхисон. Манай хүмүүс цаашдаа муу зээл гаргахгүй ажиллах эрх зүйн хамгаалалттай болсон.
-Өөрийгөө хэр ажилласан гэж дүгнэж байна. Хүссэн хэмжээндээ ажиллаж чадав уу?
-Би Монголын банк санхүүгийн салбарт хуульч, эдийн засагч, эрсдэлийн менежер зэрэг ажлуудыг хийж ирсэн. Энэ банканд хийж болох, чадах бүх зүйлээ хийлээ. Гэхдээ гүйцэтгэх удирдлагын хийж чадахгүй ажил гэж бас байна. Хуулиараа гүйцэтгэх захиралд тийм ч их эрх мэдэл байдаггүй юм билээ. Багаа томилж чадахгүй, хүний нөөцөө сонгож чадахгүй, 3 тэрбум төгрөгөөс дээш санхүүгийн гүйлгээнд гарын үсэг зурдаггүй гэх мэт хязгаарлагдмал эрхтэй.
Хийж чадаагүй зүйл гэвэл, хуулиа батлуулж чадсангүй. Хэдийгээр Засгийн газрын хуралдаанаар оруулж, дэмжүүлсэн ч гэсэн Засгийн газрын нөхцөл байдлаас болоод УИХ-д өргөн барьж чадсангүй.
Энэ банкийг төрөөс үүсгэн байгуулсан, нэгэнт төр хувьцаа эзэмшигч нь юм бол хөрөнгийг нь нэмж, санхүүгийн чадавхийг нь сайжруулах ёстой. Тэр шийдвэрийг Засгийн газраар гаргуулсан. Цаашдаа Засгийн газар тогтоолоо биелүүлж, дүрмийн санг нь нэмж өгөх учиртай. Ингэвэл Хөгжлийн банк Монголын эдийн засагт чухал үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд төлбөрийн чадварын хувьд асуудалгүй.
Үндсэндээ, бүх зүйл хувьцаа эзэмшигчид болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа Эдийн засаг, хөгжлийн сайд зэргээс хамаарна.
-Таныг Хөгжлийн банкны шугамаар хүргэнээ гадаадад сургаад нийгмийн даатгалын шимтгэлийг нь Хөгжлийн банкнаас төлүүлж байна гэдэг мэдээлэл гарсан. Үнэн үү?
-Энэ бол Хөгжлийн банкны 10 жилийн турш хэрэгжүүлж байгаа хөтөлбөр. Хятадын Хөгжлийн банкны тэтгэлгээр жил бүр Хөгжлийн банкнаас хэд хэдэн хүмүүсийг сонгож авч сургадаг юм. Энэ залуу миний хүргэн болохоосоо ч өмнө, Хөгжлийн банкны захирлаар Солонгос хүн ажилладаг байх үеэс ажилласан унаган ажилтан. Үеийнхэн нь бүгд сурчихсан атал сурч чадалгүй ялгаварлагдчихсан хүмүүс байсан. Хамгийн удаан ажилласан хоёр залууг манай банк санал болгоод цаад хүмүүс нь сонгоод сургаж байгаа. Банкнаас нэг төгрөг ч гараагүй. Банкны зүгээс буцаж ирээд заавал банкандаа ажиллах ёстой гэдэг гэрээ байгуулдаг. Тэрнийх нь дагуу НДШ-ийг төлж өгдөг юм билээ. Түүнээс биш би хүргэндээ давуу байдал олгоод, банкнаас НДШ-ийг нь төлөөд байсан асуудал огт байхгүй.
-Ажиллахгүй байгаа хүний НДШ-ийг төлөх нь хэр зөв юм бэ?
-Хөгжлийн банк сургасан боловсон хүчнүүдээ алдаад байдаг учраас сурч төгсөж ирээд банкандаа хоёр жил ажиллах сургалтын гэрээ байгуулдаг. Ажлын байрыг нь хадгалж байгаа гэдэг утгаараа НДШ-ийг нь төлдөг. Энэ журам өмнө нь сурсан бүх хүмүүст хамаардаг л байсан.
-Хүргэн нь сургуулиа хэзээ төгсөх бол?
-Яваад жил орчим болж байна. Нэг талаасаа удирдах, удирдуулах системд хамт ажиллахаар эрх ашиг, ашиг сонирхол яригдаж учраас тэр хүүхэд өөрөө “Таныг энд ажиллаж байх хугацаанд би сургуульдаа явна” гээд явсан. Сургууль нь хоёр жилийн хугцаатай. Тэгэхээр жилийн дараа төгсөж ирээд, банкандаа ажиллах байх.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.