dobu.mndobu

Томуу, томуу төст өвчний тархалт "Улсын хэмжээний дэгдэлт"-ийн түвшинд байна

Томуу, томуу төст өвчний тархалт "Улсын хэмжээний дэгдэлт"-ийн түвшинд байна

Амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд 278,998 хүн хандаж тусламж үйлчилгээ авснаас 11.9% буюу 33,269 нь томуу, томуу төст өвчтэй байж, өмнөх долоо хоногоос 5.2%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3%-иар тус тус их байна. Нийт томуу, томуу төст өвчний 64.2% буюу 21,380 нь орон нутагт, 35.8% буюу 11,889 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дотор 82.6%-ийг 15, 39.1%-ийг 5 хүртэлх насныхан эзэлж байгаа ба амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 85.8%-ийг 15, 63.2%-ийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.

Лабораторид суурилсан тандалтаар 206 сорьц цуглуулан шинжлэхэд 64.5 хувьд вирус эерэг тодорхойлогдож, өмнөх долоо хоногоос 9.2 хувиар нэмэгджээ. Үүний дотор A(H3N2) вирус 73.7 хувьд илэрч, өмнөх долоо хоногоос 13.2 хувиар нэмэгдсэн ба амьсгалын замын синцитиаль вирус 12 хувь, 15.3 хувьд бусад төрлийн вирус илэрч байна.

Нийт 6,557 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 42,4% 2,779) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа юм. Эмнэлэгт 2,823 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85.6% буюу 2,416 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.

Орон нутагт нийт 3,393 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 27.9% (n=947) нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа ба 85.1% (n=806) нь хүүхэд, 14.9% (n=141) нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлтээр 379 ор дэлгээд байна.

Нийслэлд нийт 3,164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 57.9% (n=1,832) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын  шалтгаантай. Үүнээс 87.9% (n=1610) нь хүүхэд, 12.1% (n=222) нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлт 468 ор дэлгэн ажиллаж байна.

Эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн орны ачаалал нэмэгдэж 847 ор дэлгэн ажиллуулж байна. Эрчимт эмчилгээний тасагт 72 хүүхэд эмчлүүлж байгаагаас 70.8% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,445 хүн үзүүлснээс 1,904 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.

Орон нутагт: Нийт 979 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 61.7% (n=604) нь АЗЦХХ-ын шалтгаантай байна.

Нийслэлд: Нийт 2,959 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 81.1% (n=2,401) нь АЗЦХХ-ын шалтгаантай байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.