0

АН-аас татварын өрийг өршөөх тухай хууль санаачилж байгаагаа танилцуулсан нь сөрөг хүчнийхээ “ажил”-ыг хийж байгаа бололтой. Татварын өрийг өршөөх нь тодорхой шалтгаантай бөгөөд зарим нь бүр захиалгатай байдгийг ч мартаж болохгүй. АН сайндаа “хайр” зарлаад өршөөчих гээд байгаа хэрэг биш, үүний цаана ямар нэг шалтгаан байгаа. Шуудхан хэлэхэд улс төр, бизнес бүлэглэлийн шахалт захиалга байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талд хэрвээ татварын өршөөл үзүүлчих юм бол зүдэрч туйлдсан эдийн засаг улам л хэвтэнэ. Засгийн газраас юун эмч, багш нарын цалин нэмэх, бараг цалин тавьж чадахгүйд хүрэх учраас АН-ынхан улс төрийн нүүдэл хийж байж болох юм.
Үнэн хэрэгтээ татварын өрийг өршөөхөд жижиг дунд бизнес эрхлэгчид хохирч, улс төр, бизнес бүлэглэлийнхэн хожиж үлддэг. Өнөөдрийн байдлаар Татварын ерөнхий газарт 320 мянган иргэн, ААН-ийн 6.5 их наядын өр, хүү алданги хуримтлагдсан байгааг мэдээлсэн. Тэгэхээр энэ 6.5 их наяд төгрөгийн татварын өр бол татвараас зайлсхийдэг, улс төр, хуулийн цоорхой харж суудаг, хэдэн тэрбумын татварын өртэй нөхдийн асуудал. Үүний багахан хувь нь бичил бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчид байдаг. Тэдний татварын өр хэдхэн сая төгрөг л байдгийг судалгаанаас харагдана лээ.
Тухайлбал, улс төр, бизнес бүлэглэлийн нэг компани 100 тэрбум төгрөгийн татварын өртэй, мөн бичил бизнес эрхлэгчийн компани 10 сая төгрөгийн татварын өртэй байна гэж бодоход энэ хуулиар адилхан л өршөөнө. Ер нь бизнес эрхэлж ашиг олчхоод татвараа төлөөгүй нөхдийн өрийг татвараа шударгаар төлөөд ажиллаж амьдарч байгаа иргэдийн халааснаас гаргаж өгөх гэж байгаа нь утгагүй зүйл. Түүнчлэн “Татвар буй дор төр буй” гэдэг үг бий. Монгол Улсын Төр татвар дор оршиж байгаа. Төрийн бүхий л ажиллагаа татварын орлогоор ам зуудаг. Алсхан харвал энд улс орны эдийн засгийн цусны эргэлтийн нэгэн том салаа судас бий. Энэ талаас нь харвал асар хортой.
АН энэ удаад өршөөл үзүүлэх гээд хууль санаачлаад байгаа хэрэг биш. Монгол Улсын Төр 1991, 2001, 2006, 2008 онуудад Татварын өрийн өршөөл үзүүлэх тухай, 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталж, дахин дахин өргөн хүрээний өршөөл үзүүлж самарсан байдаг. Сүүлдээ “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” хэмээн нэр шошгоо өөрчлөх шаардлага байсан байх.
УИХ-аас 2008 онд татварын өршөөлийн хууль батлахад урьд өмнө татвар төлөгчөөр бүртгэгдэж байгаагүй аж ахуйн нэгжүүд олноор гарч ирсэн. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа нь далд хэлбэрт явж байсан нөхдүүд өршөөлийн хуулийн сургаар ил гарч ирээд өршөөлд хамрагдсан. Тухайн үед “Эрэл”, “Буян” гэх мэт улс төр, бизнес бүлэглэлийнхэн олон тэрбум төгрөгийн татварын өрөө “арчуулж” энэ хэрээр шүүмжлэлд өртөж байсан ч “Далд эдийн засгийг ил гаргасан, сайн хэрэг” гэх мэдээллээр өдөр шөнөгүй бөмбөгдөөд өнгөрсөн дөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.